Улстөрч хүн амласнаа, биелүүлж, үнэнээ ярьдаг байх нь үнэт зүйл юм
УИX-ын гишүүн Д.Оюунхорол
2016.05.17

Улстөрч хүн амласнаа, биелүүлж, үнэнээ ярьдаг байх нь үнэт зүйл юм

УИX-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Сонгуулийн санал хураалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Гэтэл УИХ сонгуулийн хуулиа дөнгөж өнгөрсөн долоо хоногт баталж дууслаа. Хууль батлах явцад ч багагүй хэл ам гарлаа. Ер нь юу болоод байна даа гэх хүмүүс олон байна...

-Монгол Улс УИХ-ын сонгуулиа долоо дахь удаагаа явуулах гэж байна. Үнэхээр ч өмнөх зургаан удаагийн сонгуулиар энэ жилийнх шиг оройтож хуулиа өөрчилсөн хариуцлагагүй явдал гарч байсангүй. Мэдээж амьдрал баян болохоор хуульд өөрчлөлт оруулах, бага зэрэг засвар хийх асуудал гарч болно.

Гэтэл энэ удаа сонгуулийн санал хураалт болоход сар хагасын хугацаа үлдээд байхад тогтолцоогоо, тойргоо өөрчилж байгаа нь улс төрийн намууд, сонгогчдыг эргэлзээтэй байдалд оруулж, иргэдийн улстөрчдөд итгэх итгэлийг улам алдагдуулсан үйлдэл болж байна.

Нөгөө талаар энэ бол өнгөрсөн жилүүдэд зөвхөн эдийн засаг ч биш монгол төрийн үйл ажиллагаа тогтворгүй, бодлогогүй болсны илэрхийлэл. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр СЕХ-ноос оруулж ирсэн тойрог, мандатын хуваарилалт эрх баригчдын үзэмжээр, өөрсдөдөө зориулсан бэлэг маягийн хуваарилалт болж өөрчлөгдөн батлагдсан.

Үндсэн хуулийн зарчмын дагуу тойрог, мандатын тоог хуваарилахдаа тухайн тойргийн нэгдмэл байдал, хүн амын тоо, засаг захиргааны нэгжийг харгалзан үзэж ирсэн ардчилсан зарчим анх удаа ингэж алдагдсан явдал боллоо. Тухайлбал, гурван тойрогт гурав хуваагдах ёстой Увс аймгийг ес хувааж тойрог байгуулсан байх жишээтэй.

Мөн харьцангуй төвлөрсөн газраа тойрч тойрог, мандат хуваарилдаг зарчим Өвөрхангай аймагт л гэхэд алдагдаж, аймгийн төвийг нэг тойрог болгосон байх жишээтэй. АН нийслэлийн сонгуульд анх удаа ялалт байгуулж, Засгийн эрх барьж байгаа. Гэтэл нийслэлийн гурван алслагдмал дүүргээ гадуурхсан байдалтайгаар бие даасан тойрог болгосонгүй.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөлтөөр бол Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх төлөвлөгөө бий.

Энэ гурван дүүргийн хүн ам 70 мянга, бараг хоёр аймгийн хэмжээнийх байтал хороо хороогоор нь хувааж, өөр өөр дүүргүүдэд хэсэгчлэн хуваасан нь зөв шийдвэр болж чадсангүй.

Үүнийг АН-ынхан өөрсдөдөө зориулж бий болгосон тойргуудын шинэ хуваарилалт гэж бид үзэж байгаа.

Ингэж өөрсдөдөө зориулж тойрог зурахыг англиар жерримендерин гэдэг юм байна. Анх Америкт 1800-гаад оны эхээр нэг мужийн губернатор Жерри гэж хүн ийм зарчимгүй юм хийгээд баригдсан учраас тэр нэрээр нэрлэгдэж үлдсэн юм байна.

Бараг хоёр зууны өмнө Америкт хийж байсан буруу алхмыг Америкийн ардчиллаас суралцсан гэж ярьдаг АН-ынхан маань хийж байгаад харамсч байгаа. Гэхдээ Монголын ард түмэн ухаантай.

Хэн нь зөв үйл хийж, хийхийн төлөө тэмцэж, хэн нь эрх мэдлээ ашиглан өөрсдөдөө ашигтай хууль баталж байгааг сайн мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

-Үндсэн хуулийн Цэцээс сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд хүргэсэн шийдвэрийг гэнэт, сонгуулийн өмнөхөн гаргасан нь энэ бүх асуудлын эхлэл юм биш үү?

-“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдпээ олохгүй" гэж монголчууд бид ярьдаг. Төр, засаг бодлого нь тогтворгүй, төрийн эрх барьж байГаа улс төрийн нам нь хариуцлагагүй, төрөөс гарч байгаа бодлого шийдвэрт хэт хувийн ашиг сонирхол давамгай ороод ирэхээр хууль дээдлэх эрх ашиг хөсөр хаягддаг юм байна.

Өнөөдөр бүх зүйлд улс төрийн дарамт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж олон хүн ярьж байгаатай би санал нэг байна. Үндсэн хуулийн Цэц гэнэт сэрсэн юм шиг сонгууль хаяанд ирсэн байхад сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан нь ч үүнтэй холбоотой.

2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонгуулийн холимог тогтолцоог хуульчилж, нэг удаа сонгууль явуулаад сольж байна л даа. Сонгуулийн холимог тогтолцоог сонгохдоо ардчиллын үнэт зүйл болсон төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх чухал ололт гэж үзсэн. Сонгогчдын санал гээгдэж орхигдохгүй, улс төрийн намууд парламентад орж ирж ярилцах, зөвшилцөх боломж бүрдсэн.

Пропорциональ элементийг сонгуулийн тогтолцоонд оруулж ирснээр өнгөрсөн дөрвөн жилд УИХ 11 эмэгтэй гишүүнтэй ажиллах бололцоо бүрдсэн. Харамсалтай нь хууль өөрчлөгдсөнөөр УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах бодлогын механизм байхгүй болсон.

-Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг ч бууруулсан. Та бүхний тэмцэж олсон ололтоос ухарчихлаа шүү дээ?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь хүний хөгжил, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмад настан, хөдөлмөр эрхлээгүй, хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлууд хүнд ээлтэйгээр шийдвэрлэгдэх бодит боломжийг олгож байдаг.

Ер нь эмэгтэй хүн, ЭХ хүний үүрэг хариуцлага нь төр засгийн аливаа үйл ажиллагааг тунгалагшуулах, гарч байгаа шийдвэрийг нийгэмд аль болох ойр, хүртээмжтэй байдлаар хүлээн авахад нөлөөлөх бөгөөд энэ ч үүднээсээ нийгэм, ард иргэдийн харилцан ойлгол цол, улс орны хөгжилд илүү нарийн торгон ухаанаар хандаж бэхжүүлэх чадвартай юм.

Энэ ч үүднээс дэлхий нийтээрээ шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх асуудлыг бодлогынхоо цөмд оруулаад багагүй хугацаа өнгөрсөн. Манайх бусдын жишиг, ардчиллын зарчим, нийгмийн шаардлагаар өнгөрсөн сонгуулийн өмнө УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог 30 хувьд хүргэсэн ч сая энэ бодлогоосоо ухарлаа.

Энэ бол зөвхөн улс төрд орж, гишүүн болох гээд байгаа хэдэн эмэгтэйн асуудал биш юм. УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтод шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлнэ гээд тодорхой заачихсан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ эмэгтэйчүүдийн квотыг бууруулснаараа олон улсын өмнө амласан амлалтаасаа ухарчихлаа.

Гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадсан ямар ч эмэгтэй хүн улс орныхоо төлөө тууштай ажиллаж чадна гэж Их Британийн анхны эмэгтэй Еренхий сайд М.Тэтчер хэлсэн нь бий.

-УИХ-д нэр дэвшигчдийн 20 хувь нь эрхбиш эмэгтэйчүүд байна. Тэгэхээр эмэгтэйчүүд л гээд байдаг гэх хүмүүс бий. Яагаад эмэгтэйчүүдийг сонгох зайлшгүй шаардлага байдгийг эмэгтэй улстөрчийнхөө хувиар тодорхойлж хэлээч?

-Хүний хөгжлийг дэмжиж байж тогтвортой хөгжлийг бий болдог юм байна гэдгийг XX зууны төгсгөл XXI зууны эхэнд хүн төрөлхтөн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Жендер судлалын шинжлэх ухаан ч үүнийг баталсан. Эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйсийн хүмүүс нийгэмд тус тусын үүрэг хариуцлагатай ажиллаж, амьдардаг.

Хүн төрөлхтөн жам ёсоороо хөгжиж, XXI зууны босго алхахад дэлхий дахины өмнө шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал тулгарсан. Мэдээж хамгийн эхнийх нь байгаль орчны доройтолтой холбоотой асуудал. Дараа нь засаглалыг хэрхэн сайжруулах вэ, ядуурал тэгш бус байдлыг ямар замаар шийдэх вэ гэсэн асуудал.

Эцсийн бүлэгт эдгээр асуудлыг шийдэх хамгийн зөв хувилбар, гарц бол хүний хөгжлийгдэмжихяадалгэдгийг олж харсаи Хүний хөгжлийг лэмвосх бсалогьг хэрэгжуүлзх үндэс суурь нь шийпвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах явдал мөн. Эрэгтэйчүүд давамгайлаад шийдвэр гаргаад байхаар хүний амьдралын хамгийн чухал асуудлууд гээгдэж үлдээд байгаа тухай л дэлхий нийтээрээ яриад байгаа юм.

Хүүхдийнх нь оймс цооорхой байгааг ээж хүн олж хардагтай л ижил. Мэдээж намууд одоо УИХ-ын сонгуульд 20 хувийн нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Нэр дэвших эмэгтэйчүүд бүгд зохих ёсоор бэлтгэгдсэн эмэгтэйчүүд байгаа. Нэг "дутагдалтай" тал гэвэл эмэггэйчүүд маань том том мөнгөтэй эрчүүдтэй өрсөлдөхөд санхүүгийн асуудал бэрхшээлтэй байдаг.

Нөгөө талдаа Монголын төрд эмэгтэй хүний хэрэгцээ шаардлага үнэхээр их байгаа учраас энэ бидний давуу тал. Тийм учраас эмэгтэйчүүдийг маань сонгож, төрийн эрх барих дээд түвшинд ажиллуулбал ард иргэд та бүхний нийгмийн асуудал хамгийн зүй зохистойгоор шийдэгдэх бодит боломж бий болно оо л гэж хэлмээр байна.

-2012-2016 оны парламентад эмэгтэй гишүүд хэр сайн ажилласан гэж та хэлэх вэ?

-Монгол Улсын 2012 оны УИХ-ын сонгууль хувь тэнцүүлсэн хувилбарыг хослуулсан холимог сонгуулийн системээр явагдсанаар 11 эмэгтэй гишүүнтэй болсон нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн үр дүн байсан.

УИХ дахь эмэгтэй гишүүд бид энэ дөрвөн жилд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гээд олон хуулийн төсөл дээр нэгдэж, сайн ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Миний хувьд хүүхэд эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн эрх ашиг, өмчлөх эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн харилцааг зохицуулахаар “Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.

Мөн Өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, 10 гэр бүл тутмын 3-ыг эмэгтэйчүүд өрх толгойлж амьдарч байна.

Ялангуяа эдийн засаг хүндэрсэн өнөө үед гурваас дээш хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ганц бие аав, ээжид төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эмэгтэй гишүүдийнхээ бүлгийг дэмжиж, хамтран ажилласан эрэгтэй гишүүддээ талархаж байгаагаа энэ ярилцлагаар дамжуулан мөн хэлмзэр байна.

Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх талаар цаг үеэ зөв мэдэрч, I түрүүлж ам нээсэн цөөхөн эрэгтэй улстөрчдийн нэг бол /МАН-ын дарга М.Энхболд/ байсан. 2005-2007 онд манай намын даргаар ажиллаж байх үедээ Намын дүрэмд эмэгтэйчүүдийн 25 хувийн квотыг анх санаачлан оруулж байсан учраас М.Энхболд даргад бас талархал илэрхийлмээр байна.

-Та хөдөө орон нутгийн тойргоос гурван удаа нэр дэвшиж ялалт байгуулсан улстөрч. Танд хүмүүс итгээд байдгийн нууц юу вэ?

-Нууцсаад байх юм байхгүй дээ. Улстөрч болоход биднийг эмэгтэй юм даа гэж толгой илдэггүй, ижил тэнцүү, хатуу ширүүн өрсөлдөөн дунд явдаг. Тийм үед зарчмаа бариад зөв явах, хичээл зүтгэлтэй, зорьсондоо тууштай байх хэрэггэй.

Нууц гэвэл энэ л болов уу. Аливаад тууштай байж, эрх ашгаа зөв эрэмбэлж чадвал эгэл жирийн хүмүүсийн сайхан сэтгэл, нугаршгүй итгэл дэмжлэгийг, агуу эрч хүчийг, сайхан энергийг авч чаддаг. Үүнийг тойрог солилгүйгээр дөрвөн удаа Завхан аймагтаа нэр дэвшиж, сонгогч түмэнтэйгээ уулзах бүртээ мэдэрч байсан.

Улстөрч хүний хамгийн үнэт зүйл бол ард түмэнд амласнаа биелүүлэх, үнэнээ ярих явдал юм.

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны ирээдүйн чиг хандлагыг та ямараар харж байна?

-Тун эерэгээр харж байгаа. Манай улсад эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдээс 2.1 дахин дахин илүү байдаг. Монголд дээд боловсрол эзэмшигчдийн 58.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнуудын 80орчим хувь нь эмэгтэй байна.

Энэ нь нийгэм, улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, идэвхжих суурь үндэс, хэтийн төлөв байгааг харуулж байгаа юм. Гэхдээ улс төрийн амьдрал, эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд төлөөллөө нэмэгдүүлэхэд манлайлагч эмэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага нэн чухал байгаа юм.

УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа эмэгтэй улстөрчид үлгэр жишээ манлайлал үзүүлэх ёстой. Улс төрийн намууд ч шинэ залуу эмэгтэй гишүүдийнхээ боловсрол, манлайлалд чиглүүлэх үүрэг хүлээх учиртай. Эмэггэйчүүд зөвхөн квотын хэмжээнд найдалгүй өрсөлдөх чадвараа сайжруулах нь нэн чухал.

Өрсөлдөхдөө бусадтай бус өөртэйгөө өрсөлдөж ялах, өөрийнхөө байсан түвшнээс өндөрт өгсөх, эмэгтэйчүүдийн асуудлыг ярих, шийдэх чадвараас гадна үндэсний хэмжээний асуудалд хандах, өргөн цар хүрээнд улс төрийн бодлогыг харж, дүгнэж, стратегиа тодорхойлж чаддаг байхыг өнөөгийн улс төрийн амьдрал шаардаж байна.