В.Путин үсээ самнаад, зангиагаа янзлав. "Тэр бэлэн"
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жилдээ хоёр удаа үсээ самнаад, зангиагаа янзлаад, телевизийн камерны өмнө тухтай нь аргагуй сууж, сэтгүүлч болон Оросын эгэл ард иргэдийн эцэс төгсгөлгүй асуултад шууд хариулдаг билээ.
4 дүгээр сарын 14-ны өдрийн асуулт хариултын ярилцлагаар түүнд хаягласан гурван сая асуулт ирсэн юм. Эдгээрийн заримд нь хариулж байтал нийтдээ 3 цаг 40 минут өнгөрчээ. Ийнхүү тус ярилцлагын оргил хэсгийг түүвэрлэн хүргэж байна.
Панамын баримт бичиг
В.Путины дотны хүмүүсийн нэрс “Панамын баримт бичиг”-т дурдагдсан болохыг өмнө нь хүргэж байсан билээ. Харин ОХУ-ын удирдагч ‘Тэдгээр хүмүүсийг хуулийн эсрэг буруутай үйлдэл ер хийгээгүй бөгөөд энэ бол сонгуулийн өмнө В.Путины засаг захиргааны нэр хүндийг унагаах санаатай, ор үндэсгүй үйлдэл’ хэмээн үзэж байна гэдгээ илэрхийлсэн.
Ерөнхийлөгч В.Путины өгүүлснээр түүний дотны анд хийлч Сергей Ролдугин өөрийн мөнгөөр Оросын хөгжмийн зэмсгүүдийг эх орондоо эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулж байгаа гэлээ. Ярилцлагын үеэр
“Панамын баримт бичгүүдийг харахад итгэж болохуйц байгаа юм. Сэтгүүлчид биш харин хуульчид бэлдсэн юм шиг” гэж В.Путин хэлжээ.
Цааш ярихдаа “Германы сонингийн газрынханд олдсон анхны мэдээлэл нь АНУ-ын хөрөнгө оруулалтын фирм болох “Голдмэн Сакс”-тай холбоотой мэдээлэл байсан нь тохиолдлын зүйл биш. Манай Орос улсад хүртэл авлига гэхээр л тайга ноход төсөөлөгддөг болохоос биш хийл хөгжим, хийлч хүн төсөөлөгддөггүй. Хэн ийм өдөөн хатгалга хийв? АНУ-ын институтаас иймэрхүү зүйл үүсдэгийг бид хэдийн мэддэг болсон”.
Эмэгтэй найзууд:
3 дугаар сарын эцсээр ерөнхийлөгч Путиныг болзож буй гэсэн яриа хүчтэй газар авсан. Энэ нь энгийн нэг болзоо биш нэлээдгүй гүнзгий болзоо аж. Уг дуулианы эзэн бүсгүй бол Венди Денг. Энэ бүсгүйн талаар цухасхан дурдахад Венди Денгийн “Тони” (Британийн Ерөнхий сайд Тони Блейр гэж үзэж байна) гэх залууг төсөөлөн бичсэн гар бичмэл олон нийтэд тархсаны дараа нөхөр Руперт Мердокоос салсан юм.
“ОХУ-д шинэ тэргүүн хатагтайг танилцуулах болов уу?” гэсэн ерөнхий асуулт тавихад Венди Денгтэй холбоотой асуудлыг хуучилж дэвэргэсэнгүй.
ОХУ-ын ерөнхийлөгчийн хариулт бол: “Би өөрийн амьдралдаа сэтгэл ханамжтай, жаргалтай байна. Иймэрхүү асуудлыг олны анхаарлын төвд тавих нь зөв эсэхийг хэлж мэдэхгүй байна. Валютын ханш, газрын тосны үнэд нөлөөлж ч болох учраас. Хүмүүс Думад өөр асуудлыг хэлэлцэж, хийх гэж сонгогддог. Би өөр сэдвийн сонирхолтой асуултуудад хариулаад сурсан байна.”
Таашаадаггүй удирдагчид
В.Путины хувьд Украйны ерөнхийлөгч Пётр Порошенко болон Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган нарын талаар нээлттэй яриа өрнүүлдэг. Иймээс ч ярилцлагын үеэр 12 настай охинд хэнийг нь илүү үзэн яддаг талаар асуух боломж олдсон юм.
Балчир охины тавьсан асуулт бол: “Хэрэв Порошенко, Эрдоган хоёр усанд живж байвал та хэнийг нь түрүүлж аврах вэ?”
Уг асуултад В.Путин хариулахдаа: “Чи намайг их төвөгтэй байдалд оруулчихлаа. Тэгэхээр ингэж бодъё. Хэн нэгэн усанд живэхээр шийдсэн бол түүнийг аврах боломж бараг байдаггүй. Гэхдээ бидний хувьд тэднийг бэлэн болсон гэвэл ямар ч түнш байсан нөхөрлөлийн гараа сунгаж туслахад бэлэн байх болно.”
Башар ал-Ассадад туслах асуудлаар
Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Оросын Засгийн газрын зүгээс Сирийн ерөнхийлөгч Башар ал-Ассадад агаарын болон газрын хүчинд дэмжлэг үзүүлж байсан. Гэхдээ Кремлийн зүгээс цэргийн хүчээ буцаан татах болсноо өнгөрсөн сард зарласан.
Ярилцлагын үеэр ерөнхийлөгч Путин ‘ОХУ-ын дэмжлэг байхгүй болсон ч Сирийн зэвсэгт хүчнийхэн зүгээр байх болно’ хэмээн бодлоо хуваалцсан юм.
“Тэд довтолгооны үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж чадна. Биднийг цэргийн хүчээ татсаны дараагаар Палмира хотыг эзлэн авсан. Харин Алеппо хотын ойролцоох нөхцөл байдал таагүй байна. Энэ бол Сирийн хоёр дахь том хот. Мөн худалдааны төв хот юм. Сөрөг хүчнийхэн хүчээ зузаатгах гэж оролдож байгаа боловч Сирийн арми сайн байгаа. Бидний зүгээс нөхцөл байдлыг хянаж байгаа бөгөөд байдлыг улам дордуулахгүй байхад анхаарах болно.”
Обамад хандсан таатай үг
4 дүгээр сарын 10–ны өдөр “Фокс-Ньюс” сувагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ярилцлага өгөх үеэрээ ‘Бүгд Найрамдах Ливи улсын хүчирхэг Муаммар Каддафиг ямар ч давхар төлөвлөгөөгүйгээр түлхэн унагаасан нь ерөнхийлөгчийн суудалд суух хугацаандаа хийсэн хамгийн том алдаа болохыг хүлээн зөвшөөрчээ’.
Асуулт хариултын ярилцлагын үеэр В.Путин мөн адил бодолтой буйгаа илэрхийлж “Энэ бол хүчирхэг хүний л хийж чадах зүйл.” хэмээн хэлжээ.
Тамирчдын сэргээшний асуудлаар
Ерөнхийлөгч Путин тамирчдыг буруугүй хэмээн үзэж байна. Биеийн үйл ажиллагааг сайжруулдаг ‘Мелдониум нь хэзээ ч сэргээшний төрөд орж байгаагүй гээд В.Путин цааш хэлэхдээ “Энэ нь үр дүнд нөлөө үзүүлдэггүй. Хүнд ачаалалтай үед зүрхний үйл ажиллагааг хэвийн ажиллуулах л үүрэгтэй. Мелдониумыг ЗХУ-д анх нээн илрүүлсэн. Энэ эмийг Зүүн Европын орны тамирчид түлхүү хэрэглэдэг. “Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг”-аас байр сууриа илэрхийлсэн. Тэд туршилт явуулж, мелдониум хэр хурдан ялгардаг болохыг шинжлэн үзэхээр болсон.”
Өнгөрсөн нэг сард Австралийн нээлттэй тэмцээн болсон. Тэгтэл Оросын теннисний аварга Мария Шараповагийн сэргээшний хариу эерэг гарсан тул “Олон улсын теннисний холбоо”-оос теннис тоглох эрхийг нь түр хассан байна.
Манай тамирчид хэцүү нөхцөлд орсон байгааг бид ойлгож байгаа. “Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг” энэ асуудлыг судалж байгаа бөгөөд бид ч гэсэн шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Манай “Спортын яам” сайн хуульчидтай хамтран ажиллаж байна.”