Хашир уулчид байгаагүй бол хадан хясаан дээрээс унах байсан
Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын сайхан дурсамжийг нийтэлж байна.
Би багадаа нэлээд хөдөлгөөнтэй, гэхдээ их нийтэч хүүхэд байсан. Сахилгагүйтвэл сахилгагүйтнэ. Тал талын л юм хийчихдэг байсан даа. Ер нь бол үеийн хүүхдүүдийн жишгээр матакдаж, анчин ба гөрөөс болж хөөцөлдөж тоглодог байж билээ. Арай жаахан томроод “цагаан мод” хаядаг байлаа. Тэгээд зун нь Буянт голын усанд загас жараахайтай хөөцөлдөж, гүрдэн хөх гэдэг шиг сайртай амьтан л гүйж явдаг байлаа.
Дээхэн үед хүүхдүүд ном их уншдаг байсан. Сүүлийн үед компьютер гараад ном унших нь багасаад байх шиг байгаа юм. Түүнээс биш бидний үед бүгдээрээ л номтой нөхөрлөдөг байлаа. Би гуравдугаар ангид байхдаа нэг жилийн дотор 165 ном уншиж, “Номын сайн нөхөр” гэдэг шагнал авч байлаа. Хүүхэд байхад их л том шагнал авсан мундаг амьтан шиг санагддагсан. Гэтэл одоо жилд үсрээд л арван ном уншиж чадвал их юм байдаг болж. Би нутагтаа Ховд аймгийн төвийн II арван жилийг дүүргэсэн.
Аав маань тухайн үед сум нэгдлийн дарга байсан учраас аавыгаа дагаад Чандмань, Мянгат сумын сургуульд шилжин суралцаж байлаа. Гэхдээ аравдугаар ангиа анх нэгдүгээр ангид орсон аймгийн төвийнхөө сургуульд төгссөн. Сургуульд байхдаа сургуулийнхаа концертод гоцлол дуу дуулдаг байлаа. Энэ дашрамд сонирхуулахад манай нутгийн Буянт гол шиг дахиад нэг дуутай болчих юмсан гэж боддог. Дуунд зориулж босгосон анхны хөшөө манай аймагт бий. 2002 онд нутгийн зөвлөлийн санаачилгаар босгосон.
Хөдөөнөөс анх хотод ирээд төөрч будилахгүйн тулд ах эгч нараараа заалгаад л явдаг байсан. Гэхдээ хүүхэд байсан болохоор зүг чигээ олохгүй будилаад, голын ус эсрэг тийшээ урсаад байгаа юм шиг их л сонин санагддаг байж билээ. Одоо ч дасчихаж дээ. Би ууланд авирах дуртай. Алтай таван богд, Мөнх хайрхан, Цамбагаравын оргилуудад гарч байлаа. Тэгээд ч багадаа хөдөө ууланд малд их явдаг байсан. Ер нь манай нутаг чинь өндөр уултай газар шүү дээ. Бас фото зураг их сонирхдог.
Алтай таван богдод авирсныхаа дараахан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан юм. Мөнх хайрханд авирах үед хашир уулчидтай гараагүй бол балрах байсан шүү. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Болдбаатар нартай хамт явсан юм. Эгц дээшээ мөсөөр авирч байтал гуталны мөсөнд шигддэг кошак мултраад, тэр хоёр цаг алдалгүй мэдэж, арга хэмжээ авч олсонд дүүжлэгдэж байж амьд үлдсэн. Хашир уулчид байгаагүй бол өнөө хоёрыгоо ч чирээд хамтдаа л хадан хясаан дээрээс нисч үхэх байсан даг. Ан авд найзуудтайгаа явчихдаг. 2008 оны сонгуулийн үеэр нэг сонин дээр хориотой анчин гээд гарчихсан байсан.
Хэдэн жилийн өмнө найзуудтайгаа анд явж байгаад тэх буудаад зургаа авахуулсан юм. Тэр зураг олдохгүй байсан чинь улс төрийн сонгуулийн үеэр ил гараад ирдэг байгаа. Ний нуугүй хэлэхэд сонгуулийн ачаар өөрийнхөө ан хийж явсан үеийн дурсгалтай зургийг олж авсан. Би чинь арван жилдээ их олон сургууль дамжсан учраас ангийн найзууд олонтой. Тэр утгаараа атаархмаар сайхан багын найзууд бий.
Ямар ч үед нэг л зангаараа, бие биетэйгээ уулзаад амьдрал ахуй, гэр бүлийнхээ талаар ярилцаж, зөвлөлддөг болж, одоо. Зарим хүмүүс “Энэ нөхөр чинь их хурлын гишүүн болчихсон юм чинь” гээд арай өөрөөр хандах гээд байгаа тал ажиглагдахад их гайхдаг. Хүн нэг л зангаараа байх нь зүйтэй. Ярихгүй таг болчихоор нь гайхаад араас нь залгах ч үе гарах л юм. Найзуудтайгаа буу халж, сайхан аялгуу сонсоод суух ч сайхан шүү. Уг нь би хуучны итали дуу, морин хуурын аялгуунд хачин их дуртай. Гээд одоо амьдрал өглөө гараад, орой ирдэг нэг хэв маяганд орчихож. Хөгжим сонсоод суух зав ч олдохгүй юм даа.