"Сэтгэл байхад шийдэл ямагт олддог"
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.05.16

"Сэтгэл байхад шийдэл ямагт олддог"

УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Дөрвөн жилийн хугацаанд улстөрчид имижээ бүрдүүлж атжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь читээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй.

Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Атласан төрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжуулснийг нь шүүнэ.

Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжиж" байгаа билээ.

Бүсгүй хүн гэхээр л гэрийн ажилд дарагдаж, үр хүүхэд, эр нөхөр, ар гэрийн аар саархан ч болов зүйлийн төлөө сэтгэл чилээх учиртай мэт хэвшмэл ойлголт өнөө хэр хүчтэй байсаар буй.

Тэднийг төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлчихөөд байхад нь хүртэл тээршаах, бүр тохуурхах маягтай, тийм гэхийн аргагүй ялгамжтай хандлага парламентын дотроос ч, гаднаас ч гардаг нь нууц биш.

Тийм “дарамт”-ыг сөрж, торгон мэдрэмж, хичээл зүтгэлийнхээ үрээр төрийн түшээгийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй бүсгүйчүүдийн нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, гишүүн С.Одонтуяа юм.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэн ажиллажээ. Гэхдээ эдгээртэй хүссэн ч, эс хүссэн ч холбогдчих гээд байдаг эмэгтэй гишүүдийн замналыг давтаагүй.

Тэр УИХ дахь Хүүхэд, гэр бүлийг дэмжих лообий бүлгийн ахлагч, эмэгтэй гишүүдийн бүлгийн идэвхтэй гишүүн. Ингэхдээ тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтэц, статус, засаглалыг шинэчилж, үйлчлүүлэгч төвтэй, үр ашигтай санхүүгийн менемжменттэй болгох Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд бүхий л талын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь тодорхой хувийг үлдсэнд нь өвлүүлэх Хамтын тэтгэврийн тухай хууль зэргийг өөрөө санаачлан, өргөн мэдүүлж, батлах хүртэл нь хүчин чармайлт гаргасан байдаг.

Салбартаа төдийгүй нийгэмд үгүйлэгдсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн санаачлагч нь Засгийн газар байх учиртай ч сураг алдраад хэдэн жилийн нүүр үзсэн уг хуулийг С.Одонтуяа гишүүн барьж авч, санаачлан батлууллаа.

Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажилласан юм. Ийнхүү дагнасан, бие даасан хуулиудыг боловсронгуй болгохоос гадна холбогдох хуулиудад хэрэгтэй ганц ч болов заалт тусгуулахын төлөө сэтгэл гаргадаг нь анзаарагддаг.

Тухайлбал, Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусгай бүлэг болгон оруулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгасны зэрэгцээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөрчсөн тохиолдолд холбогдох хүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан.

Дашрамд дурдахад, эрхэм гишүүн “Сэтгэл байхад шийдэл ямагт олддог” гэж хэлэх дуртай юм билээ. Түүнчлэн тэрбээр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилсан нь өдгөө УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд буй бөгөөд Төрөөс эрдэс, баялгийн салбарт баримтлах бодлогын ажлын хэсгийг ахалсан.

Бараг хүн бүрийн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг мэргэжлийн бус С.Одонтуяа гишүүн ахлахад эхэндээ дурамжхан байсан ч ажлын арга барилыг нь аргагүй хүлээн зөвшөөрснөө уул уурхайн эдийн засагч Д.Жаргалсайхан тэмдэглэжээ.