Сонгуульд нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулахаас аргагүй
Суурь заалт өөрчлөгдөж байгаа учраас дагалдах заалтуудыг мөн өөрчилнө
Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн “28 суудлыг хувь тэнцүүлэх замаар сонгох” тухай заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлт УИХ-аар хэлэлцэх үеэр МАХН-МҮАН- ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан билээ. Эвслийн бүлгийн завсарлага өнөөдөр дуусах бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг дахин хэлэлцсэн. Танай намын бүлэг эцсийн шийдвэрээ гаргасан уу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн “28 суудлыг хувь тэнцүүлэх замаар сонгох” тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээж авахад санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, манай намын бүлэг энэхүү байр сууриасаа буцсан зүйл байхгүй.
-Гэхдээ бүлгийн хурлын үеэр зарим гишүүн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн гэсэн. Тухайлбал, танай бүлгийн эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн квотыг бууруулах асуудлыг эсэргүүцэж байгаа юм биш үү?
-Эмэгтэйчүүдийн квотыг багасгах асуудал манай намын бүлэгдээряригдаагүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна хэмээн заасан. Тиймээс энэхүү заалт хэрэгжих байх. Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа тохиолдолд аль ч улс төрийн хүчин нэр дэвшигчдийнхээ 30 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэх боломжтой юм.
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүйгээс үүдэн сонгуулийн ажил графикийн дагуу явагдах боломжгүйд хүрээд байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацааг хойшлуулна гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг долоо хоногийн дотор холбогдох байнгын хороо хэлэлцээд дүгнэлтээ гаргасан байх ёстой. Байнгын хорооны дүгнэлтийг дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нэгэнт гарсан учир Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Энэхүү хуулийн өөрчлөлт нь сонгуулийн ажилд цаг хугацааны сорилт болж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу бүх үйл ажиллагаа графикийн дагуу цаг хугацаандаа явж байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор зарим ажил Сонгуулийн тухай хуульд заасан хугацаандаа амжихгүй байх хүндрэл үүссэн.
-Тухайлбал?
-Улс төрийн нам, эвслүүд сонгуулийн санал авах өдрөөс 55 хоногийн өмнө УИХ- ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах ёстой. Өөрөөр хэлбэл, нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 5-9-нд үргэлжилнэ. Гэтэл Сонгуулийн тухай хуульд заасан дээрх хугацаа хаяанд ирчихлээ. Хэрэв УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Сонгуулийн тухай хуулийн “28 суудлыг хувь тэнцүүлэх замаар сонгох” тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтээс завсарлага аваагүй бол хуулийн хугацаандаа амжих байлаа.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ЫН чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой байсан гэсэн үг. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага өнөөдөр дуусаж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
-Хэрэв УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авбал хуулийн хугацаанд амжиж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой юу?
-Тийм ээ. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрнэ. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулах байх. Уг үйл явцад хамгийн багадаа 2-3 хоног шаардлагатай. Энэ хооронд Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшүүлэх хугацаа өнгөрнө. Тиймээс зарим зүйл, заалтыг өөрчилнө.
-“28 суудлыг хувь тэнцүүлэх замаар сонгох” тухай заалтаас гадна өөр зүйл, заалтуудад өөрчлөлт орно гэсэн үг үү?
-Орно. Сонгуулийн тухай хуулийн суурь заалт өөрчлөгдөж байгаа учраас үүнтэй холбоотойгоор дагалдах заалтуудад ч өөрчлөлт оруулна.
-АН, МАН ирэх сонгуулийг 100 хувь мажоритар тогтолцоогоор явуулахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. Ингэхдээ 76 жижиг тойрог байх гэнэ. Хэр бодит мэдээлэл вэ?
-Одоогоор тохирсон асуудал байхгүй. Нэн тэргүүнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа энэ асуудал яригдана. Хэрэв Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авбал Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг мажоритар систем дотор томсгосон тойрог сонгох уу, жижигрүүлсэн байх уу гэдгийг шийдэх байх. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх нь шийдэгдээгүй байхад намын бүлгүүд тохиролцоно гэж байхгүй.