Манай намыг сонгуульд оролцуулахгүй байх эрсдэл бий
ХҮН-ын дарга С.Боргил өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө.
-Танай нам сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжиж ажиллана гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон гэх зэрэг мэдээллүүд гарах болсон. Энэ мэдээллийг албан ёсоор залруулъя. Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээлэлд 2016 оны сонгуульд 13 нам, гурван эвсэл оролцохоор нэр заагдсаны дотор Хөдөлмөрийн үндэсний намын нэр байгаа.ХҮН 2016 оны сонгуульд оролцоно гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бид тодорхой арга хэмжээ авч, ажиллаж байна. 2016 оны сонгуульд манай намын дунд болон анхан шатны нэгжүүд намын төв аппарат эрчимтэй бэлдэж байгаа. Бид сонгуулийн хуулинд заасан хугацаанд намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах болно.
-Танай намыг төлөвшөөгүй учраас сонгуульд оролцуулахаас татгалзлаа гэсэн байсан шүү дээ?
-Энэ бол ташаа мэдээлэл. Манай намын гишүүн н.Ганболдоос гаргасан албан бичиг дээр төлөвшөөгүй гэдэг үг орсон байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо ийм шалтгааны улмаас намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг заалт хуулинд байхгүй. Бид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн хариуг Сонгуулийн ерөнхий хороо хуулинд заасан хугацаандаа гаргах байх. Ер нь нам төлөвшсөн, төлөвшөөгүй гэдэг дээр Сонгуулийн ерөнхий хороо байр суурь илэрхийлэхгүй байх.
-Танай намын дарга яг хэн нь вэ. Н.Ганболд гэдэг хүн бас гарын үсэг зураад, тамга дараад албан бичиг илгээгээд байна шүү дээ. Та болохоор энд бас нэг өөр зүйл яриад байна?
-Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлд байгаа гэрчилгээн дээрх намын дарга нь ч бас би. Дөрөвдүгээр сарын 27-нд манай намын төв хорооны хурал болсон. Үүгээр сүүлийн саруудад үүсээд байгаа үл ойлголцол, зөрчилдөөнийг намжаах зорилгоор нийт гишүүдийнхээ хурлыг хийсэн. Энэ хурлаар С.Боргил миний бие намын даргаар сонгогдсон. Дээд шүүхэд байгаа лавлагаан дээрээс ч бас харж болно. Миний бие намын даргаар сонгогдсон байгаа. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичиг дээр би гарын үсэг зурж, тамга дарсан.
-Нэр дэвшигчдээ тодруулсан уу?
-Нэр дэвшигчид тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж байгаа. Хуульд заасан хугацаандаа нэр дэвшигчдээ тодруулна.
-Таныг мөрийн хөтөлбөрөө өгөхдөө өөрөө бие дааж нэр дэвших хүсэлтээ давхар өгсөн гэсэн байсан. Энэ үнэн үү?
-Энэ үнэн. Яагаад вэ гэхээр манай нам яг нэр дэвшихээр өөрсдөө шийдсэн хүмүүсээ бүгдийг нь бие даан нэр дэвшүүлнэ гэж шийдсэн. Үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалд Хөдөлмөрийн үндэсний нам шинэ сонголт болон гарч ирж чадсан. Тийм учраас улс төрийн бусад хүчнүүд болон өөр ямар нэгэн байдлаар манай намыг сонгуульд оруулахгүй байх тохиолдолд бие даан нэр дэвших юм.Ийм нөхцөл байдал эрсэд бий гэж бид харж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар бусдыг хардаж сэрдэхгүй.
-Намаас нэр дэвших болон бие даан нэр дэвших хоёрыг давхардуулах нь хууль зүйн хувьд боломжтой юу?
-Энэ зөрчилгүй гэдэг тайлбарыг бид авсан.
-Танай намын тамга хэдэн хувь байгаа юм бэ?
-Хоёр тамга байгаа. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Эхний тамгыг бид албажуулахаар тодорхой хүсэлт гаргаад явж байна.
-Бие дааж нэр дэвших хэчнээн хүн байгаа вэ?
-Бие дааж нэр дэвших 20 орчим бий. Зайлшгүй оролцох ёстой хүмүүс гэсэн үг.
-Хэрвээ намыг сонгуульд оролцуулна гэж бүртгэвэл нэр дэвшигчид бие даахгүйгээр намаасаа нэр дэвших юм байна. Тийм үү?
-Тийм. Намыг сонгуульд бүртгэвэл бид бүгд намаасаа нэр дэвшээд явна. Энэ нам өөрөө улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа. Яг улс төрийн нам гэж яваад нэг жил хүрэхгүй хугацааг л туулсан байна. Энэ агуулгаараа бид төлөвшлийн хүнд хэцүү процесс дунд явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.