Жолоочийн даатгалыг тухай хуулийг төслийг өргөн барилаа
Өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газраас ‘’Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль’’-ийн төслийг өргөн барилаа. Энэ хуулийг өргөн барих болсон шалтгаан нь манай улсад жил бүр авто тээврийн хэрэгслийн тоо хэмжээ 5-7 хувиар өсч байгаа явдал юм. Манай улс 1990 онд 43.6 мянган авто тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр энэ тоо 7 дахин өсөж, 296 мянгад хүрчээ. Авто тээврийн хэрэгслийн өсөлтийг дагаад жолоочдын тоо ч өсөж 772 мянгад хүрсэн байна. Иймээс өсөн нэмэгдэж байгаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах үүднээс ‘’Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль’’-ийн төслийг өргөн барьсан байна.
Дэлхийн ихэнх улс оронд жолоочийн даатгалын хэлбэрээр дамжуулан төрийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгодог байна. Иймээс манай улсад даатгалын тогтолцоог шийдвэрлэх шаардлага нэгэнтээ бий болсон. Учир нь 2010 оны байдлаар жолоочийн даатгалд нийт жолоочдын дангаж 10 орчим хувь нь даатгуулсан бол авто тээврийн хэрэгслийн даатгалд нийт тээврийн хэрэгслийн 20 орчим хувь нь даатгагджээ.
Жолоочийн даатгалын төрөл сайн дурын даатгалд хамрагддаг, даатгалын гэрээний нөхцөл, хураамжийг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцдог тул даатгалын хураамжийн хэмжээ нь тээврийн хэрэгсэл жолоодох ангиллаас хэрхэн хамаарч байгаа нь тодорхой бус байна.