2R-аас 4R руу шилжих болоогүй юу?
Хог хаягдал багасгах-дахин ашиглах-сэргээн ашиглах-дахивар үйлдвэрлэл хөгжүүлэх зарчим
2016.03.23

2R-аас 4R руу шилжих болоогүй юу?

Хотжилт ихсэхийн хэрээр хог хаягдал нь  Монгол Улсын хувьд хамгийн анхаарах ёстой асуудлын нэг болсон учир хогтой холбоотой эрх зүйн орчноо сайжруулах шаардлагын үүднээс Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулжээ.

Шинэчилсэн найруулгад “хог хаягдал багасгах”, “дахивар нөөц”, “хог хаягдал дахин ашиглах”, “хог хаягдал сэргээн ашиглах”, “хог хаягдал дахин боловсруулах”, “дахиварын үйлдвэрлэл”, “дахивар бүтээгдэхүүн”, “байгаль орчны боловсрол”, “бүтээгдэхүүний дэвшилтэт схем” зэрэг шинэ ойлголтууд оржээ.

Эдгээрээс заримыг нь тайлбарлахад, “дахивар нөөц” гэдэг нь хэрэггүй болсон ч эдийн засаг, технологийн хувьд дахин ашиглаж болохуйц бодис, материал юм. Хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эсвэл хогноос эрчим хүч гаргавал хогны сэргээн ашиглалт болно. Харин “дахин боловсруулах” гэдэг нь хог дахин ашиглах, сэргээн ашиглах, дахивар үйлдвэрлэхийг хамтатгасан ойлголт юм. 

Энгийн хог хаягдлыг дахин ашиглах замаар бизнес эрхэлбэл тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй
Хогийг нэгэн төрлийн баялаг болгон эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай болсон учир хог хаягдлын эдийн засгийн асуудлыг нэгэн бүлэг болгон оруулжээ.

Дэлхий нийтийн хэрэглэж буй 4R-ийн зарчим (Reduce, Reuse, Recover, Recycle) буюу хог хаягдал багасгах, дахин ашиглах, сэргээн ашиглах, дахиварын үйлдвэрлэл хөгжүүлэх зарчмыг хог хаягдлын эдийн засгийн үндсэн зарчим болгон хуулийн төсөлд тусгажээ.

...Одоо хэрэгжиж байгаа хуульд 2R (Reduce, Recycle) буюу хог хаягдлыг бууруулах, ашиглах гэсэн ерөнхий зарчим үйлчилж байна...

Харин шинээр томьёолсон хоёр зарчим тус бүрийг дагаж эдийн засгийн шинэ боломж, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх болно.

Тухайлбал, дахин ашиглах буюу “Reuse” түвшний үйлдвэрлэл нь бага хөрөнгө оруулалт шаардсан, жижиг хэмжээтэй, иргэдийн оролцоог хангасан, зөвшөөрөл шаардахгүй бизнес байх бөгөөд “Сэргээн ашиглах” түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дунд зэргийн хөрөнгө оруулалт, мэдлэгт суурилсан шийдлүүд, орон нутгийн зөвшөөрөл байх болно.

Харин химийн үйлчлэл орсон, нарийн төвөгтэй үйлдвэрлэлийн процесс шаарддаг дахиварын үйлдвэрлэлийг түүхий эдийн зах зээлийг хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллуулна гэж төсөлд тусгажээ. 

Энгийн хогийн цэгт тамхины иш, үнс нурам асгах хориотой

Иргэдийн хувьд хог хаягдлаа ангилж хадгалах зориулалтын савтай байж, зориулалтын цэгт хогоо хаяна. Ил задгай хог хаягдал шатаах хориотой. Аюултай хог хаягдал гарвал ийм хог цуглуулах эрхтэй байгууллагад мэдэгдэнэ. Харин компани, байгууллагууд дээр дурдсан хоёр шаардлагаас гадна хогны талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн зөвлөгөө авч, хог хаягдлыг дахин боловсруулах арга, технологи нэвтрүүлэх үүрэг хүлээнэ.

Иргэн ч тэр, байгууллага ч тэр ойр орчмын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах үүрэгтэй.

Түүнээс гадна хогийн цэг, түүнд тавигдах шаардлагыг шинээр тусгажээ.

...Бүх шатны Засаг дарга нар хариуцсан сууршлын бүсдээ хангалттай тооны хог цуглуулах болон дахивар нөөц хүлээн авах савыг байрлуулах үүрэгтэй гэж хуулийн төсөлд тусгажээ...

Эдгээр сав нь ачих, буулгах, тээвэрлэхэд тохиромжтой байх ёстой. Шаардлагад нийцээгүй хогийн савыг төсвийн болон хандивын мөнгөөр авах хориотой.

Мөн энгийн хогийн цэгт шүлс, хоол, хүнсний үлдэгдэл, тамхины иш хаях, халуун үнс, нурам асгах хориотой. Үерийн усны сувагт хог хаяж, тусгаарлагдаагүй хогийн цэгт мал бэлчээж, тэжээвэр амьтан салхилуулж болохгүй.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Хог хаягдлын тухай” хуульд энгийн, үйлдвэрийн, ахуйн гаралтай хортой, аюултай хог хаягдлын талаар нэг заалт байдаг бол шинэчилсэн найруулгад гурван зүйл болгон дэлгэрүүлж журамлажээ.

Нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хогийг уг газар, байшин өмчлөгч, менежер буюу эсвэл ашиглагч зайлуулна.

Байгууллагын байрны дэргэдэх явган зам, талбайд үүссэн хогийг уг байшингийн эзэн, менежер, эсхүл барилга, газрыг ашиглагч цэвэрлэнэ.

Хэрэв нийтийн эзэмшлийн талбайг мал, тэжээвэр амьтан бохирдуулбал эзэн нь хариуцна. Зам, жалга, сувгийн захад байрлах байшингуудаас хоёр тал руу тус бүр дөрвөн метрийн зайг бүхэлд нь хэмжин, энэхүү нийт талбайг тухайн залгаа байрлах байшинд оршин суух айл өрх, байгууллагууд хувь тэнцүү хувааж, цэвэрлэхээр тусгажээ.

...Зай, компьютер, электроникийн эд анги, мөнгөн ус агуулсан гэрэлтүүлэг зэрэг ахуйн хэрэглээнээс үүсдэг, байгаль орчинд хортой хог хаягдлыг энгийн хогийн цэг, пункерт хаях хориотой. Эрх бүхий байгууллага технологийн дагуу тусгай цэгт хүргэнэ...

Хэрэв суурин болон жуулчны баазын орчим бохирын сүлжээнд холбогдоогүй жорлон барихаар бол үүсэх бохирыг цэвэршүүлэх, суллах, сэргээн ашиглах боломжтой байх ёстой.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Хог хаягдлын тухай” хуульд 0.025 мм болон түүнээс бага зузаантай гялгар уутыг импортлохыг хориглосон байдаг бол энэ удаа үйлдвэрлэхийг ч бас хоригложээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.