Эхнэр, нөхөр байхаа больсон ч эцэг, эх хэвээр байх ёстой
Хуулийн нэр: Хүүхдийн эрхийн тухай
Санаачлагч: Засгийн газар
Өргөн барьсан он.сар.өдөр: 2015.05.11
Батлагдсан он.сар.өдөр: 2016.02.05
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2016.09.01
Хуулийн бүтэц: 4 бүлэг 22 зүйлтэй
Хүүхдийн эрхийн тухай хууль нь Хүүхэд хамгааллын тухай хуультай нэг өдөр батлагдсан юм. Хүүхэд хамгааллын хуулиар хүүхэд элдэв хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон бол Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд ямар эрхүүд эдлэх ёстойг олон улсын жишигт нийцүүлэн тусгаж өгчээ.
Хүүхэд ямар эрх эдлэх ёстой вэ?
Тус хуульд орсон онцлох заалтуудаас түүвэрлэн хүргэж байна.
Юун түрүүнд төр, иргэн, хуулийн этгээд хүүхдийг ялгаварлан гадуурхалгүй, эрхийг нь хүндэлж, эрүүл, аюулгүй амьдрах, хөгжих, нийгмийн харилцаанд оролцох нөхцлөөр хангах үүрэгтэй. Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэж, хүүхдэд тохирсон мэдээллээр хангах ёстой.
Энэ хуульд зааснаар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох гэсэн дөрвөн үндсэн эрх эдэлнэ. Тухайлбал эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хүүхэд өөрийн санаачилгаар тэдэнтэй харилцаагаа зогсоох, таслах, асуудал шийдэгдсэн цагт эргэн сэргээх эрхтэй.
...Тодруулбал, хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулж дотоодын болон олон улсын холбогдох байгууллагад хандаж, гомдлоо барагдуулах эрх эдэлнэ...
Мөн хүүхэд эрүүл, өсч бойжих, хүчирхийллийн аливаа хэлбэрээс хол байх ёстой гэсэн заалт хэд хэдэн хуульд байдаг ч амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй. Тэгвэл “Хүүхдийн эрхийн тухай” хуульд уг асуудлыг нарийвчлан тусгаж өгчээ.
Түүнчлэн тус хуулийн хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийн хэсэгт хүүхэд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд, хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах ёстой гэж заажээ.
Эцэг, эхчүүд хүүхдийн өмнө ямар үүрэг хүлээх вэ?
Хуульд тусгаснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхдийн өмнө арав гаруй төрлийн үүрэг хүлээнэ. Тухайлбал хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах ёстой. Хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргахдаа түүнийг сонсоно. Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангана.
Эцэг, эх тусдаа амьдарч эхэлсэн, эсвэл гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хэвээр байна.
Компаниудын хувьд хүүхдийг дэмжсэн ажилд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах үүрэг хүлээж байна. Түүнээс гадна хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх аливаа арга, хэмжээнд оролцоход эцэг, эхэд нь ажлын чөлөө олгох ёстой.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч хүүхдийн эрхийг хангаж ажиллана
Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн байгууллагын ажилтнуудад тавигдах шаардлагыг өндөрсгөжээ. Жишээлбэл аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллагын ажилтан, мөн сум, хорооны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтан нь хүмүүнлэг болон нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулиар “хүүхдийн эрхийн улсын байцаагч” гэсэн шинэ ажил бий болов.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч дээд боловсролтой, хүүхдийн эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажиллаж мэргэшсэн байх шаардлагатай.
Улсын байцаагч хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх замаар хуулийн биелэлтийг хангуулах үүрэгтэй. Тухайн газар нутагт амьдарч буй хүн амын тооноос шалтгаалан хүүхдийн улсын байцаагч хэд байхыг тогтоох юм байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нь Хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагч болно.
Мөн хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд өөрийн байр суурь эзэлсэн хүнийг хүүхдийн элчээр томилон ажиллуулж болох бөгөөд хүүхдийн элч нь харьяа сум, дүүрэгтээ байгаа хүүхдийн эрхтэй холбоотой санал, гомдлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй.
2016.04.15
2016.04.15
2016.04.15
2016.04.18
2016.04.22