2016.03.29

Оноо дуусахаар эрхээ хасуулна гэж ойлгож болохгүй

Замын Цагдаагийн Газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхантай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Саяхан шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

Сүүлийн хэдэн сарын зам тээврийн осол хэргийн тоо, хохирлын хэмжээ, зөрчигчдийн тоо эрс буурсан нь хуулийн хэрэгжилт сайн байгааг харуулж байна. Зам тээврийн ослоос сэргийлэхэд иргэдийн оролцоо ч нэмэгдсэн. Хуулийг дагаж 20 орчим журам батлагдахаас ихэнх нь батлагдсан. Хууль зүйн яамны журмууд гарсан. Зам тээврийн яамнаас Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хүлээгдэж байна. Шинэчилсэн дүрэм нь осол аваарийг бууруулахад чиглэсэн, олон улсын замын хөдөлгөөний дүрмийн хандлагыг тусгасан байдалтай батлагдах байх. Тухайлбал улаан гэрэл ассан ч гэсэн баруун гар тийшээ эргэхийг зөвшөөрдөг уулзваруудыг нээж өгнө. Энэ нь түгжрэлийг бууруулдаг.

Жолооч бэлдэх болон жолоочийн эрүүл мэндтэй холбоотой журмууд хараахан гараагүй байна. Энэ мэтээр бүх журам, зааврууд батлагдаад дуусвал замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн хэм хэмжээ бүрэлдэнэ.

Гэхдээ нас баралт, осол, гэмтлийн тоо олон улсын болзол хангах түвшинд буураагүй. Яагаад гэвэл манай улсын зам тээврийн ослын тоо хэтэрхий өндөр түвшинд оччихсон байсан.

... Ялангуяа 100 мянган хүнд ногдох нас баралт, гэмтлийн тоог нэг оронтой тоо руу оруулах хэрэгтэй. Энэ бол манай улсын туйлын зорилт болоод байна. Дэлхий нийт нас баралтыг 2020 он гэхэд 50 хувь бууруулах зорилт тавьчихсан ...

Цаашдаа Монгол Улсын хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэг яам, нэг агентлагийн ажил мэтээр хүлээж авахаа больж энэ чиглэлд иргэдийг оролцуулах зохион байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой.

Шинэчилсэн хуулийн өмнөх хуулиас ялгарах гол онцлог юу вэ?

Тунхагийн шинжтэй байсан өмнөх хуулийг бодвол асуудлыг хариуцах эзэнтэй болгосон. Ерөнхий сайдаас эхлээд сумын Засаг дарга хүртэлх бүх субъектууд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад юу хийх ёстойг тус тусад нь тодорхой зааж өгсөн. Цагдаагийн байгууллагын хувьд нас баралтыг бууруулахад голлон анхаарч ажиллах болно. Жолооч, зорчигч болгон бүсээ зүүгээд хэвшчихвэл осол гарах болгонд хүн гэмтэхгүй. Харамсалтай нь бүсээ зүүгээгүйгээс, хурд хэтрүүлснээс, зогсолт, зогсоолын дүрэм бариагүйгээс, согтуугаар жолоодсоноос ихэнх осол гардаг.

Хүн нас барсан зам тээврийн ослын дөрөвний гурав нь хот хоорондын замд гардаг.

Үндсэн шалтгаан нь хурд хэтрүүлэх, зогсолт, зогсоолын дүрэм буруу мөрдөх. Нарийхан зам дээр замаа чөлөөлөөгүй байхад араас нь хэн нэгэн хар хурдаараа ирээд мөргөчихдөг. Түүнчлэн хөдөө орон нутагт согтуугаар жолоодож яваад өөрөө болон өрөөл бусдын амийг эрсдэлд оруулдаг.

Шинэчилсэн хуулиар торгуулийн хэмжээг нэмсэн нь жолооч нарыг хариуцлагажуулахад хэр нөлөө үзүүлж байна вэ?

Хуучин хуулийг 1992 онд баталсан. Тэр үед цалингийн хэмжээ бага байсан. Хууль хэрэгжээд 20 гаруй жил болоход торгуулийн хэмжээ зөрчил гаргагч этгээдүүдэд нөлөөлөхөө байсан. Торгуулиа төлчихөөд жилд хэдэн арван зөрчил гаргадаг тохиолдол ч цөөнгүй байлаа. Мөнгөтэй хүн хичнээн л бол хичнээн зөрчил гаргадаг нийгэм байж болохгүй биз дээ. Ийм учраас оноо тооцох систем гарч ирсэн.

... Оноо нь дуусаад дахин шалгалт өгөхийг эрх хасах гэж ойлгож болохгүй ...

Эрхийг зөвхөн дөрвөн тохиолдолд хасдаг. Үүнд урсгал сөрөх, согтуугаар жолоодох, хурдыг 50 хувиас дээш хэтрүүлэх, хуурамч улсын дугаар зүүх зэрэг орно. Оноо нь дууссан жолоочоос дахин шалгалт авна гэдэг эрхийг нь түр зогсоогоод тэр жолоочийн мэдлэг чадварыг нэг шалгаад үзье л гэж байгаа хэрэг.

Зарим оронд зөрчил гаргасан жолоочийг хариуцлагажуулах өвөрмөц гэмээр аргууд байдаг. Жишээ нь улаан гэрлээр гарсан жолоочид бүтэн өдрийн турш “энэ ямар өнгө вэ” хэмээн асууж улаан өнгө харуулдаг жишээтэй. Эсвэл согтуугаар жолоо барьсан жолоочтой ярилцлага хийж, согтуу жолоочоос үүдэлтэй осол аваарийн зураг, дүрс бичлэгийг залхтал нь үзүүлдэг. Энэ нь нэг талаар хүний сэтгэл зүйг дарамтлах хүнд шийтгэл мэт харагдавч нөгөө талаар сургалт, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой арга болдог.

... Хүнийг чухал албан тушаалд томилохдоо дүрэм зөрчдөг эсэхийг нь харгалздаг арга манайд нэвтрээд эхэллээ. Жишээ нь шүүгчдийг томилохдоо дүрэм зөрчсөн эсэхийг нь ЗЦГ-ын зөрчлийн сангаас шүүж олоод харгалздаг болсон ...

Цагдаагийн байгууллага энэ жишгийг дагаад эхэлж байна.

Сүүлийн жилүүдэд олон зам хайс, хашлагатай болсон. Энэ арга хэмжээний үр дүн ямар байна вэ?

Зам тээврийн ослоор нас барагсадын дөрөвний гурав нь хөдөө орон нутгийн замд амь эрсэддэг гэж дээр хэлсэн. Тэгвэл дөрөвний нэг нь суурин газарт нас бардаг. Энэ хүмүүс бол явган зорчигчид. Тиймээс явган зорчигчийг осолд оруулахгүй байхаар хаалт, хашилт хийх болсон. Хотын үзэмжийг дарлаа гэж шүүмжлэх хүмүүс байхаа ч энэ бол хийх ёстой зүйл. Явган зорчигч дуртай газраараа зам хөндлөн гардаг байвал эрсдэл өндөр.

Хайс, хашлагыг цаашид ч хийх ёстой. Харамсалтай нь хангалттай хөрөнгө алга. Энэ онд хоёр километр хайс, хашлага тавина. Хаана тавихаа бид бодоод сууж байна.

Тэгвэл орон нутгийн замд эрсдлийг яаж багасгах вэ?

Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах хэрэгтэй. Хяналт, шалгалт сул учраас хурд хэтрүүлдэг, согтуугаар жолооддог. Гэхдээ цагдаагийн хүч үнэхээр хүрэлцэхгүй байна.

Малчдын амийг эрсдэлд оруулаад байгаа хятад мотоциклийн асуудлыг яах вэ?

Энэ үнэхээр хүнд байна. Хятад мотоциклийн ослын гол шалтгаан нь хөдөөгийн замд амархан хагардаг хайлшин обуд. Ийм обуд аюултай гэдгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч олонтаа ярьдаг. Нөгөө талаас нь малчид хамгаалалтын дуулга өмсөж хэвших хэрэгтэй байна.