Зам, дэд бүтэц, орчноос шалтгаалсан осол нийт ослын 0.1 хувийг эзэлж байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөр
2016.04.04

Зам, дэд бүтэц, орчноос шалтгаалсан осол нийт ослын 0.1 хувийг эзэлж байна

“Зам тээврийн ослыг бууруулахад төр, олон нийтийн оролцоо” хэлэлцүүлгийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн С.Энхтөртэй ярилцлаа.

Монгол Улсад гарч буй зам тээврийн ослыг бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

Дэлхийд жилд зам тээврийн ослын улмаас 1 сая 250 мянган хүн амь насаараа хохирч байна. Зам тээврийн ослыг  дэлхийн нийтийн анхаарлыг татсан чимээгүй үхэл гэдэг. Энэ утгаараа НҮБ-аас 2011-2020 оныг “Зам тээврийн ослоос сэргийлэх жил” болгон зарласан.

Зам тээврийн ослын 96.5% нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэж гардаг

Олон улсын судлаачид зам тээврийн осол нь ядуу буурай оронд хамгийн ихээр ажиглагддаг гэдгийг тогтоосон байдаг. Дэлхийн улс орнуудад ослын статистик жилд дунджаар 100 мянган хүн тутамд нас баралтын тоо 18 байдаг гэж тогтоосон. Харин манай орны хувьд 100 мянган хүн тутамд 31 байдаг учир хамгийн эрсдэлтэй орнуудын 12 дугаарт бичигдэж байна.

Манай улс зам тээврийн  ослыг бууруулахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ?

Зам тээврийн ослын 96.5% нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэж гардаг. Харин зам, дэд бүтэц, орчны аюулгүй байдал осолд 0.1%-ийн нөлөө үзүүлж байна гэсэн судалгаа бий. Үүнд үндсэн хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт, мөрдөгдөж буй хуульд жолооч болон замын хөдөлгөөнд оролцогч нарыг буруутгасан зүйл заалтууд давамгайлсан, хоёрдугаарт, найдвартай зам тавих, түүнийг арчлах наад захын норм, дүрэм, журам байхгүй байна. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохих түвшинд хангахын тулд  тогтсон нормативаар аюулгүй замыг барих хэрэгтэй. Мөн  зам тээврийн осол гарсны дараа зам орчны нөлөөллийг нарийвчлан судлах хэрэгтэй.

Зам тээврийн ослыг бууруулахад төрийн байгууллага, олон нийт, иргэд ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

Манай улсад зам тээврийн ослыг бууруулах нэгдсэн бодлого байхгүй байна. ЗТЯ, Нийслэл, Замын хөдөлгөөний удирдах төв, ЗЦГ бүгд өөр өөрийн бодлого, хүссэн зүйлүүдээ зам дээр туршдаг. Аюулгүй байдалтай холбоотой ямар нэг ажлыг хийж гүйцэтгэхдээ судалгаа шинжилгээгүй, таамгаар хийж байна. Яагаад гэвэл яг ийм байдлаар хий гэсэн заавар дүрэм байхгүй учраас л тэр.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  шинэчилсэн хуулиар Засгийн газрын дэргэд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байна гэж заасан боловч одоо хүртэл бүтэц нь бүрэлдээгүй, үйл ажиллагаа эхлээгүй байна. Хэрэв энэ зөвлөл үйл ажиллагаагаа эхэлбэл улсын хэмжээнд нэгдсэн бодлоготой болох боломжтой. Үүний дараагаар л  төр, иргэдийн үүрэг  тодорхой болно.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ? Түгжрэлтэй холбоотойгоор осол, зөрчил гарах нь бий?

Автомашинжилтын түвшингийн зүй тогтлоор 1000 хүнд ногдох автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсч, 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг.

Ер нь дэлхийн томоохон хотуудад 1000 хүнд ногдох суудлын автомашин нь 120-оос дээш байдаг бол Монгол Улсын хэмжээнд 239 байна. Дундаж хөдөлгүүрийн багтаамжтай \энд 1600 сс-ээр тооцлоо\ суудлын автомашин нэг цаг түгжрэлд зогсоход /0.8 литр бензин зарцуулдаг ба энэ нь нэг литр АИ 92 бензин 1580 төгрөгөөр бодоход 1264 төгрөг болно/

Тэгвэл нийслэл Улаанбаатар хотод 311 478 автомашин замын хөдөлгөөнд оролцдог, түүнээс дугаарын хязгаарлалт болон хөдөлгөөнд оролцдоггүй автомашиныг хасаад өдөрт 200 мянган автомашин байнга замын хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 265 сая гаруй  төгрөгийг зөвхөн нэг өдөрт үргүй урсгаж байна.

Жишээлбэл, зөвхөн Их тойруу орчимд өнөөдрийн байдлаар төрийн 286 байгууллагад 28 993 алба хаагч ажиллаж байна гэсэн судалгаа бий. Тэдгээрийн 11 402 нь нийтийн тээвэр, 4698 нь явган, 12 893 нь хувийн автомашинаар 3-10 км орчим замыг автомашинаараа туулж, ажлын байрандаа ирээд өдрийн турш зогсоолд тавьдаг. Иймээс замын ачаалал нэмэгдэж, авто зогсоолын хүртээмж буурч байна.

Энэ байдлаараа байсаар байвал эсвэл харьцангуй өөрчлөгдвөл 10 жилийн дараа зам тээврийн осол, замын түгжрэл ямар байх бол?

Одоогийн байдлаар Монгол улсад нийт 720 278 автомашин бүртгэлтэй гэсэн тооцоо бий. Энэ нь 3 хүн тутамд нэг автомашин ногдож байна гэсэн үг. Харин зам тээврийн ослын хувьд жилд 600 орчим хүний амь нас хохирч, зөвхөн нийслэлд гэхэд 41 387 осол бүртгэгдсэн байдаг.

10 жилийн дараах зам тээврийн осол, автомашины тоог шууд математик аргачлалаар хэлэх боломжгүй. Хэрэв 10 жилийн дотор импортоор оруулж буй автомашины насжилтад хязгаарлалт тавьж чадвал техникийн гаралтай ослын тоо буурна, мөн буруу талдаа хүрдний байрлалтай автомашинд хязгаарлалт тавьчихбал энэ төрлийн ослын тоо ч буурах боломжтой. Ийм зарчмаар ажиллавал 10 жилийн дараа одоогийн байдал өөрчлөгдөнө гэж бодож байна.