АЕПТ9: "Ирээдүйн төлөөх түншлэл" хоёрдугаар салбар хуралдаан боллоо
2016.04.25

АЕПТ9: "Ирээдүйн төлөөх түншлэл" хоёрдугаар салбар хуралдаан боллоо

Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хоёрдугаар салбар хуралдаан  /2016.04.22/ Төрийн ордны хуралдааны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Унгар Улсын Парламентын дэд дарга Иштван Хиллер нар даргалж, Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн улс орнуудын парламентын төлөөлөгчид оролцлоо. 

Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ, Ази- Европын Парламентын Түншлэл нь АСЕМ-тэй нэг жил байгуулагдан Ази, Европыг холбосон энэхүү үйл явцын нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрх тэгш, харилцан ашигтай байх, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах зэрэг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудын үндсэн дээр Ази, Европын АСЕМ-ын түнш парламент, засгийн газар, ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа тогтоож, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн болохыг онцлов. Түүнчлэн, манай хоёр тивийн харилцан хамаарал улам гүнзгийрч байгаа ч Ази, Европыг илүү ойртуулах, түншлэл, хамтын ажиллагааг олон чиглэл, салбараар гүнзгийрүүлэх боломж, нөөц бололцоо бий хэмээсэн. Мөн Монгол Улс газар зүйн байршлын хувьд Ази, Европын төв гүүр нь болж байдгийн хувьд АСЕМ-ыг эрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн болохыг хэллээ. Энэ үүднээс манай тал АСЕМ-д оролцогчдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах механизмийг бий болгох саналтай байгааг хуралдаанд оролцогчдод сонордуулсан юм. 

 

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва үндсэн илтгэлийг танилцуулсан юм. Тэрээр, өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын парламентын түншлэл нь АСЕМ-ын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. АСЕМ үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа Ази-Европын хооронд албан бус хэлэлцээр явуулах талбар болсоор ирсэн ба улс төр, эдийн засг, нийгэм, соёл гэсэн тулгуур багана дээр үндэслэгдсэн үйл явц юм. АСЕМ-ыг үүсгэсэн шалтгаан нь 1990-ээд оны дундуур хүйтэн дайны дараахан дэлхийн улс төрийн болон эдийн засгийн төлөв байдал огцом өөрчлөгдөж, Ази тив дэлхийн эдийн засгийн талбарт хүч түрэн гарч ирснээс үүдэлтэй юм. 1996 онд байгуулагдсан цагаасаа эхлэн АСЕМ-ын түншүүдийн тоо хоёр дахин өссөн нь үүний хэрэгцээ, шаардлага болон ач холбогдлын тодорхой гэрч мөн. АСЕМ нь гурван тулгуур зарчим дээрээ үндэслэн үйл ажиллагаагаа цаашид ч боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн гүйцэтгэж буй үүрэг нь Ази, Европын уялдаа холбоо, хамтын ажиллагаанд амин чухал хэмээн итгэдэг учраас АСЕМ-ын эдийн засгийн тулгуур баганыг бэхжүүлж, эрчимжүүлэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлье хэмээсэн юм.  

Европын Парламентын гишүүн Рышард Чарнецкий удаах үндсэн илтгэлийг танилцууллаа. Тэрээр, парламентын ирээдүйд түншлэл, тэр дундаа энх тайван, ирээдүйн төлөө цогц түншлэл тун чухал юм. Ирээдүйг урьдчилан мэдэх боломжгүй,  гэсэн ч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс болзошгүй эрсдлүүдээс сэргийлж хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай. АСЕМ бол гадаад харилцаа, соёл, санхүү, боловсрол, байгаль орчин, ажил эрхлэлт, тээвэр гэх мэт асуудлуудыг тусгах хүрээнд байгуулагдсан. Гэхдээ шилжилт нүүдэл, олон улсын шинж чанартай гэмт хэргийн эсрэг тэмцэх, олон улсын терроризмын эсрэг тэмцэх, үндэстэн дамнасан татвар, нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, шашин хоорондын яриа хэлэлцээрийг бэхжүүлэх гэх зэрэг хэд хэдэн шинэ асуудал гарч ирээд байгаа. Мөн бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч буй технологийн дэвшлүүд нь хууль эрх зүйн шинэ орчин, шинэ хамтын ажиллагааг шаардаж байна. Миний ойлгож буйгаар ирээдүйд нөхцөл байдал нэлээд нарийн төвөгтэй болж байгаа учир тогтвортой байдлыг хангаж, ард иргэдийнхээ ирээдүйн сайн сайхныг бэхжүүлэх шаардлагын дагуу ажиллах хэрэгтэй гэж харж байна. Өнгөрсөн жилүүдэд Ази, Европын хувьд улс төр, эдийн засаг, нийгэм болон шинжлэх ухааны чиглэлээр эрс өөрчлөлт гарсныг бид харж байна. Монгол Улс бол хурдацтай өөрчлөгдөж байгаа уламжлалт нийгмийн нэг төлөөлөл юм. Гэхдээ уламжлалаа хадгалахын зэрэгцээ дэлхий нийтэд нээлттэй ардчилсан системийг бэхжүүлсэн орон. 

 

Би ирээдүйг энх тайванч олон улсын хамтын ажиллагааг суурь болгосон, бие биетэйгээ шууд харилцдаг, ингэснээр илүү үр дүнтэй байдаг доороос дээшээ чиглэсэн шийдвэр гаргах явцтай, технологийн дэвшилтэйгээ дүйцэхүйц хууль эрхзүйн орчинтой, хүний эрх, эрх чөлөөг хангасан байгаасай гэж хүсч байна. Үүний төлөө хамтран ажиллацгаая. АСЕМ-ыг 20 жилийн өмнө байгуулах замаар үүнийг хийж байгаа. Гэхдээ түншлэл гэдэг нь өөрчлөгдөж байгаа агуулга юм. Тоо, чанарын хувьд ч хөгжиж байна. Өнгөрсөн жилүүдэд АСЕМ соёл, тээвэр, ажил эрхлэлт гэх мэт салбар бүрийн сайд нарын уулзалтыг олон шинэ талбарт зохион байгуулсан. Ялангуяа хүний эрхийн чиглэлээр албан бус семинар, залуу удирдагчдын хурал, Цөмийн аюулгүй байдал, терроризмтой тэмцэх гэх зэрэг олон хурал зохион байгуулсан. Ази-Европын парламентын түншлэл нь тун удахгүй АСЕМ-ын гол хэмжигдэхүүн болох юм. Европын парламент АЕПТ-ийг байнгын бүтэц, үйл ажиллагаатай байгууллага болгох чиглэлээр ажиллах хэрэгтэй гэж хүсч байна. Энэ үйл явцыг эхлүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж, нэгдсэн саналд хүрээд байгаа бөгөөд үүнийгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Тухайн механизм, байгууллага нь парламентчид бидний харилцааг улам гүнзгийрүүлж, АСЕМ-ын үйл ажиллагааг хянах чиглэлээр ажиллаж болох юм. Энэ бидний чухал үүрэг хэмээн үзэж байгаа бөгөөд ирээдүйд бодит үйл ажил болно гэж найдаж байна.

Түншлэл нь нэгдэл, үнэ цэнэ, мөн чанарын хувьд сайжрах шаардлагатай. Үүний тулд яриа, хэлэлцээ, байр сууриа нэгтэн ажиллах нь зүйтэй. Ард иргэдийн аюулгүй байдал, хууль дээдлэх ёс, шүүхийн системийн бие даасан хараат бус байдлыг цаашид улам бэхжүүлэх хэрэгтэй. Түншлэл урт хугацаанд тогтвортой байх хэрэгтэй. Нэгдсэн мөн чанар, үнэ цэнтэй байх шаардлагын улмаас хүний эрхийг Европ болон бусад орнуудад байнга хөхиүлэн дэмжих чиглэлээр Европын парламент тэмцсээр байх болно. Эцсийн дүндээ бүх зүйл биднээс хамаарах бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь бидний сонголт байх болно. Ингсэнээрээ бусдыг сонсож, өөрчлөгдөж байгаа нийгмийн шаардлагад нийцэх үүднээс нэлээд өргөн хүрээнд цогц байдлаар өөдрөг сэтгэлгээтэйгээр ажиллах хэрэгтэй. Боломжгүй зүйл гэж үгүй хэмээн Европын Парламентын гишүүн Рышард Чарнецкий илтгэлээ төгсгөсөн юм. 

 

Үүний дараа хуралдаанд оролцож буй улсуудын парламентын төлөөлөгчид байр сууриа илэрхийллээ.

 

БНХАУ-ын парламентын төлөөлөгчдийн тэргүүн хатагтай Жао Шаохуа, Ази, Европын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал механизм бол АСЕМ юм. Харин Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт бол АСЕМ-ын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг, оролцогчид нь парламентчид байдаг учир нийтлэг ашиг сонирхолыг хөндсөн асуудлуудаар яриа, хэлэлцээр өрнүүлдэг. АСЕМ улс төр, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа, нийгэм соёлын солилцоо гэсэн гурван тулгуур баганын хүрээнд яриа хэлэлцээр явагддаг талбар. Энэ удаагийн уулзалтаар бид АСЕМ-ын үйл ажиллагаанд Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтын үүрэг оролцоо сэдвээр ярилцахаар цуглаад байгаа билээ. Ард иргэдийнхээ дуу хоолойн төлөөлөл болдог парламентчдын хувьд АЕПТ нь харилцан итгэлцийг бэхжүүлэх, туршлага солилцох, нэгдсэн зөвшилцөлд хүрэх чухал механизм юм. Хоёр тив бүх талаараа урьд өмнөхөөсөө илүү харилцан хамааралтай болж байгаа онцлогийг харгалзан бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн хоёр тивийн харилцааг шинэчлэх, АСЕМ-ын хүрээнд бүх талууд санал нэгдсэн асуудлуудын дагуу парламент, хууль тогтоогчид ажиллах, хүнээс хүнд чиглэсэн соёлын харилцааг өргөжүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлмээр байна гэв. 

 

 

Салбар хуралдаанд мөн Тайланд, Пакистан, Унгар, Япон, Орос, Испани, Вьетнам, Швейцарь, Хорват, Европын парламентын төлөөлөгчид илтгэл танилцуулж, байр сууриа илэрхийлсэн. Төлөөлөгчид ирээдүйд хоёр тивийн өмнө тулгамдаж буй асуудал ижил болж байгаагийн зэрэгцээ ашиг сонирхол нэгдэж байгааг тэмдэглэн, нийтлэг ашиг сонирхолоо ард иргэдийнхээ сайн сайхны төлөө чиглүүлэхийн тулд харилцан суралцаж, дэвшил гаргах хүрээнд хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгтэж байлаа. 

 

Ингээд салбар хуралдааны үеэр төлөөлөгчдийн хэлсэн саналыг нэгтгэн, тусгай илтгэгч М.Батчимэг II нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.