Дэлхий ертөнцөд цагаачлалын эрин иржээ
Хүн төрөлхтний түүхэнд дахин нэг цагаачлалын эрин үе ирж байна. Хэрэв эх орноосоо өөр газарт амьдарч буй хүмүүсийг нийлүүлвэл 240 гаруй сая хүн амтай, хүн амын тоогоор дэлхийд тавдугаар орох улстай тэнцэнэ.
Шилжилт, хөдөлгөөний үр дүнд дэлхий яаж өөрчлөгдсөн жишээ түүхэнд багагүй, энэ талаар бичигдсэн судалгааны ажлууд ч их. Гэхдээ шилжилт, хөдөлгөөн геополитикийн ямар нөлөө үзүүлдгийг тэр болгон мэддэггүй. Судлаачдын ажиглаж мэдсэнээр цагаачлалын урсгал нь “шинэ колончлогчид”, “цуглуулагчид”, “зуучлагчид” гэсэн цагаачлалын хэт гүрний гурван хэв маягийг бий болгожээ.
Өнөөгийн колончлогчид 18-19 дүгээр зуунд бүх дэлхийгээр тарж өөрсдөдөө болон эх нутагтаа ашиг авчирсан европчуудыг санагдуулж байна. Орчин үеийн цагаачид өөрийн улсад шинэ зах зээл, технологи олоход нь туслахаас гадна дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлэхэд дэмжлэг болдог.
Америкийн нэрт сэтгүүлч Ховард Фрэнч Сахарын өмнөд биеийн орнуудыг Хятадын цагаачид хэрхэн өөрчилсөн тухай бичихдээ Африкийг “Хятадын хоёр дахь тив” гэж нэрлэжээ. Үүнтэй төстэй үйл явц бараг бүх тивд өрнөж байна.
... Хятадад амьдардаггүй хятадуудын тоо Францад амьдардаг францчуудаас их болжээ ...
Энэ хүмүүс эх орондоо буцаж ирээд олсон мэдлэг, туршлагаа бүрэн хэмжээгээр ашиглана. Хятадад тэднийг “далайн яст мэлхий” гэж нэрлэдэг бөгөөд тэд голдуу технологийн салбарт ажилладаг.
Хятадын Африк дахь нөлөө жил ирэх тусам нэмэгдэж байна
Энэтхэгийн цагаачид ч бас эрс олширч 20 саяд хүрчээ. Тэд гадаадад маш өндөр амжилтанд хүрдэг, хоорондоо байнгын холбоотой амьдардаг. “Цахиурын хөндийн” 10 компани тутмын нэгийг энэтхэг гаралтай хүн байгуулсан. Жишээ нь Microsoft компаний Ерөнхий захирал, Intel Pentium процессорын зохион бүтээгч, Motorola компаний технологи хариуцсан захирал, Google –ийн ерөнхий захирал энэтхэг хүн.
Энэтхэгт энэ нь ямар ашигтай вэ? Энэтхэг улс жил бүр 70 орчим тэрбум долларын хувь хүний мөнгөн шилжүүлэг хүлээж авдаг. Энэ мөнгө Энэтхэгийн ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэнэ, боловсролын салбарын төсвөөс илүү гарна.
Цагаачдын тоо их байх нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг хүртэл дэлхийд нөлөөтэй болгодог. Жишээ нь эдүгээ 35 саяд хүрсэн курдууд Европ дахь улс төрийн идэвхтэй цагаачдын хамгийн том бүлэг болжээ. Курд гаралтай хүмүүс олноор амьдардаг Герман, Швед зэрэг улсын Засгийн газар курдын цэрэгжсэн бүлгүүдэд Исламын улстай тэмцэхэд нь тусламж өгдөг нь тохиолдлын хэрэг биш юм.
Цагаачлалын гүрний дараагийн хэв маяг бол “цуглуулагчид”. АНУ ирсэн цагаачдыг хэрхэн Америкийн иргэн болгон хувиргаж хөгжингүй орон болсон тухай бичигдсэн номуудыг нийлүүлвэл бүхэл бүтэн номын сан болно. Америктай төстэй байдлаар Ангол, Бразиль улсууд боловсролтой цагаачдын урсгалыг өөртөө татаж чаджээ. Эдгээр оронд Португали хэмээх хуучин колончлогчоос ирсэн хүмүүс маш олон.
Гэхдээ өнөөдрийн байдлаар хамгийн сайн цуглуулагчид бол Израйль болон Исламын улс бүлэглэл.
... Израйлийн хувьд цагаачид маш чухал. Тус улсын Засгийн газар боловсролтой цагаачдыг өөртөө татахын тулд нэг талын билетийг үнэгүй олгож, хэлний курст хамруулж, материаллаг байдлаар тусалдаг .Үр дүнд нь 1948 оноос хойш Израйлын хүн ам ес дахин өсчээ ...
Америкийн зохиолч Дэн Сенор “Үндэстний гараа буюу Израйлийн эдийн засгийн гайхамшиг” номондоо яахаараа 7,1 сая хүн амтай, тусгаар тогтноод ердөө 60 жил болж байгаа, эргэн тойрондоо дайснаар хүрээлэгдсэн, хагас дайны байдалтай амьдардаг, байгалийн баялаггүй Израйль улсад Япон, Хятад, Энэтхэг, Солонгос, Канад, Их Британи зэрэг орнуудаас илүү тооны гарааны компани байгуулагддаг тухай гайхан бичсэн байдаг. Энэ асуултын хариу нь цагаачлал.
Израиль улс шилжин ирэгсдийн хүчээр асар богино хугацаанд цэцэглэн хөгжжээ.
Исламын улс бүлэглэлийн хувьд Израйлийн жишээг дагажээ. Хэдийгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч цагаачдын хүчинд хүчтэй нөлөөтэй байж чаддаг. Soufan Group гэдэг байгууллагын судалгаагаар 86 орны 30 000 иргэн Исламын улс бүлэглэлийн Сири, Иракт эзэлсэн газар нутагт шилжин иржээ.
Цагаачлалын хэт гүрний гурав дахь хэлбэр бол газар зүйн байршилдаа дулдуйдаж, цагаачдаас болж хохирч байгаа хөршүүдээ буулт хийхэд хүргэдэг “зуучлагч” улсууд. Хамгийн тод жишээ нь Турк. Түүхэндээ энэ орон Европын холбоонд элсэх хүсэлтийг нь хэлэлцээд өгөөч гэж гуйж байсан бол өнөөдөр Европын холбоонд өөрийн нөхцлийг тулгах болжээ.
Саяхан болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын протокол задарсны ачаар Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол Турк дэх бүх дүрвэгсдийг Грек, Болгари луу илгээнэ гэж сүрдүүлжээ.
Өөр нэгэн зуучлагч орон бол Нигер. Энэ улс нь Италийг зорьсон баруун Африкийн цагаачдын 90 хувь нь дайрч өнгөрдөг “дамжин өнгөрөх цэг” юм. Энэ давуу талаа ашиглаад хамгийн сүүлд Европын холбооны тусламжийн төсвөөс 600 сая евро авч чаджээ. Нигерчүүд Ливийн Ерөнхийлөгч агсан Муаммар Каддаф “хэрэв Газар Дундын тэнгисийг гэтлэх гэсэн цагаачдын урсгалыг зогсооход мөнгө төлөхгүй бол Европ удахгүй “харлана” гэж сануулж байсны дагуу Европод өөрийн нөхцлийг тулгадаг болсон.
Африкийн цагаачид Газар дундын тэнгсийг зорьж явна
Марк Леонард. Олон улсын харилцааны Европын Зөвлөлийн дарга.