Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.20/ хуралдаанаар Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Төрийн албаны тухай хуулийн төслийн 10 дугаар зүйлд улстөрийн албан хаагчаас бусад албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улстөрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй гэж заажээ. Улс төр гэдгийн цаана төр улсыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн зүйл байгаа. Гэтэл үүнийг муухай зүйл мэтээр ойлгож, төрд ажиллаж байгаа хүн чөлөөт цагаараа аливаа үйл ажиллагаанд оролцуулж болохгүй гэдэг нь төрийн үйл ажиллагаанд нийгмийн багш нар, эмч нар оролцож чадахгүй төрийн чухал үйл явцын гадна үлдчихээд байгаа нь монголын ардчилал мухардалд ороод байгаагийн илрэл гэж ойлгож байна. Үүнийг өөрчлөх, энэ асуудлыг цэгцлэх шаардлага байгаа юм бишүү хэмээн лавласан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Энэ асуудал яригдаж байсан. Бид өмнө нь өргөн бариад буцаагдаж байсан Улстөрийн намын тухай хуулийн төсөлд төрийн жинхэнэ албанаас бусад албан хаагчид, төрийн үйлчилгээний албан хаагчид гэдэг ангилалд багтаж байгаа эмч, багш зэрэг хүмүүсийн улстөрийн эрхийг тодорхой түвшинд нээх ёстой, намын сонгуульт албан тушаалаас бусад дэмжигч гишүүний статус дээр байж болох юм гээд оруулаад явж байсан. Түүнтэй уялдуулаад Төрийн албаны тухай хуулийн төсөлд төрийн үйлчилгээний албан хаагч улс төрийн намаас түтгэлздэг, гэхдээ дэмжигч гишүүний статустай байх боломжуудыг нээсэн байсан. Төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн бариад жил шахам хугацаа өнгөрсөн байгаа. Тэр хугацаанд Улстөрийн намын тухай болон бусад хуультай холбоотой уялдуулахаар яригдсан зүйл бий. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн үед яриад тусгаад явж болох байх. Гэхдээ энэ асуудал дан ганц Төрийн албаны тухай хуулиар шийдэгдэхгүй, Улс төрийн намын тухай хуульд энэ асуудлыг зохицуулж өгөх ёстой юм байна лээ гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Төрийн албаны зөвлөлийн дарга болон орон тооны гишүүдийн бүрэн эрхийн баталгаа гэсэн дотор, Хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажилтай нь болон бусад асуудлаар холбогдуулан баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, албан тасалгаа, гэр орон, унаа болон биед нь нэгжлэг хийхийг хориглоно гэсэн заалт байна. Сонгогддоггүй, томилогддог албан тушаалтанд халдашгүй байдлыг олгоод байх уу. Энэ бол ардчилалын эсрэг үйлдэл. Ийм нөхцөл байдлыг цаашид гаргамааргүй санагдаж байна. Энэ тал дээр хууль санаачлагчийн байр суурийг сонсмоор байна. Хууль нэлээн эрт өргөн баригдсан болоод тэр байх хуулийн төсөл дэх хариуцлагын заалтууд сая батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудын концепцтэй эрс зөрчилджээ. Тиймээс хариуцлагын тогтолцоотой холбоотой заалтуудыг бүхэлд нь өөрчлөх санал Төрийн байгуулалтын байнгын хороо руу явуулах хэрэгтэй байх. Мөн хуулийн төсөлд төрийн албан хаагчтэй холбоотой маргаан шийдвэрлэх урьдчилсан тогтолцоо Захиргааны хэргийн шүүхээс урд тавигдаж байгаа нь хэр зөв зүйл вэ. Хууль зөрчсөн, эсвэл буруутай шийдвэр гарсаны улмаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг Төрийн албаны зөвлөл салбар зөвлөлдөө олгох байдлаар шийдэхээр тусгажээ. Ийм эрх мэдэл зөвлөлд байгаа юу хэмээн тодруулсан юм.
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр болон Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгээс хариулснаар, Тусгай хуулиудаар албан тушаалтны дархлаа бий болгодог нь буруу гэсэн байр суурьтай байгаа аж. Төслийг өргөн бариад удсан, Түүнээс хойш олон хуулиуд УИХ-аар батлагдсантай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг дээр яригдаад энэ заалт хасагдсан байгаа аж.
Хуулийн төсөл өргөн баригдаж байх үед Эрүүгийн болон Зөрчлийн хууль батлагдаагүй байсан. Энэ хуулиуд батлагдсантай холбоотой хариуцлагын хэсгийг бүрэн өөрчлөх шаардлага үүссэн. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны саналыг тусгаад явах бололцоотой гэсэн хариултыг тэд өгсөн. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааг 2002 оноос явуулж эхэлсэн нт их үр дүнтэй байгаа гэлээ. Сүүлийн 10 жилийн судалгаагаар 182 маргааныг Төрийн албаны зөвлөл шийдээд 147-д нь хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж үзэн холбогдох албан тушаалтанд танилцуулаад эдгээрийн 60-70 хувь нь эргэн ажилдаа томилогдсон тоо баримт байгаа аж. Буруутай албан тушаалтнаас төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, хохирол барагдуулах талаар одоогийн мөрдөж буй хуульд байгаа ч харин одоо төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргадаг тогтолцоог хэрэгжүүлье гээд тодотгосон заалт шинэ хуулийн төсөлд оруулаад явж байгаа гээд үр дүн харагдах байх гэж бодож байна гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, Байнгын хорооны дарга Д.Ганбат нар төрийн албанд бий болсон хариуцлагагүй байдал, мэдлэг чадвартай залуучуудыг төрийн албанд ажиллуулах гэхээр тулгардаг бэрхшээлийн талаар тодруулан хариулт авсан. Тухайлбал, Байнгын хорооны дарга Д.Ганбат, төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг байдлаас болон учирсан хохирлын талаартоо баримт бий юу гэсэн асуултыг тавьж байлаа. Ажлын хэсгээс хариулснаар, 2014, 2015 онд шүүхээс үндэслэлгүй халагдсан гэсэн 310 шийдвэрийг гаргасны 222-ыг нь биелүүлжээ. Шүүхийн 224 шийдвэрээр ажлаас халагдсан иргэнд ажилгүй байх хугацааны нөхөн төлбөрт 1.2 тэрбум төгрөгийг олгосон хэмээгээд тиймээс төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргадаг тогтолцоог хэрэгжүүлэх заалт оруулж ирсэн гэлээ.
Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай Хууль сахиулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мөн өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулсан юм.
Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 04 дугээр сарын 06, 13-ны өдрүүдэд хийсэн бөгөөд гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, дахин хэлэлцэхээр тогтоод байсан юм. Ажлын хэсэг дахин хуралдан гишүүдээс гарсан саналуудыг нэгтгэн боловсруулсан болохыг ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулгадаа дурдсан.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанд таэнилцуулахаар тогтлоо.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2016.04.12-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор уг хуулийн хэрэгжилтийн үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл асуулт асуусан. Тэрбээр хуулийг шинэчлэх болсон шалтгаан юу вэ. Хуулийг шинэчлээд иргэний үнэмлэхийг дахин солих ажил хийгдэхгүй биз дээ хэмээн тодруулсан юм. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, хууль шинэчлэгдсэнээр иргэдэд үйлчлэх бүртгэлийн байгууллагын цаг хугацаа тодорхой болж, иргэдэд учирдаг чирэгдэл багасна гэлээ. Түүнчлэн иргэний үнэмлэхийг дахин шинэчлэх асуудал гарахгүй хэмээн хариулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нар санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.