УИХ-ын дэд дарга М.Энхболд БНКУ-ын парламентын гишүүн Ставро Эвагороуг хүлээн авч уулзав
2016.04.21

УИХ-ын дэд дарга М.Энхболд БНКУ-ын парламентын гишүүн Ставро Эвагороуг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд өнөөдөр /2016.04.20/ Бүгд Найрамдах Кипр Улсын парламентын гишүүн, Санхүү, төсвийн байнгын хорооны гишүүн Ставрос Эвагороуг хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, ноён Ставрос Эвагороуг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази, Европын парламентын төлөөлөгчдийн уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлэв. Монгол Улс 2016 онд гадаад арга хэмжээний хүрээнд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хэд хэдэн уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улсын зүгээс Ази, Европын парламентын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч олон орны парламентын төлөөлөгчдийг оролцон, хоёр тивийн парламентын засаглалтай улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно хэмээн найдаж анхаарал тавьж ажилласан. 

 

Одоогоос дөрвөн жилийн өмнө би Монгол Европын холбооны Засгийн газрын комиссын даргаар ажиллаж байсан. Монгол Улс Европын хамтын ажиллагааны түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах ажлыг гардан зохион байгуулсан. БНКУ бол Европын холбооны улс учир миний хувьд дотно санагдаж байна. Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх явдал нь тухайн улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс болдог гэж үздэг. Бид хууль эрх зүйн орчинд нь тухайн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж,  зохицуулалтуудыг хийвэл харилцаа, хамтын ажиллагаа илүү амжилттай хөгжих боломж бүрдэх юм. Ноён Ставрос Эвагороу таны энэхүү айлчлалыг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд эрч хүч нэмсэн, шинэ харилцааг бий болгоно хэмээн найдаж байна. Манай хоёр орон 1984 онд соёлын хэлэлцээр байгуулсан. Цаашид боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтарч ажиллах өргөн боломж бий гэж харж байна. 

Хоёр орны БСШУЯ-ны хооронд дээд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичгийн төслийг 2015 оны эцсээр БНКУ-ын талаас ирүүлсэн байгаа, бид ойрын хугацаанд хариуг өгөхөөр бэлтгэж байгаа. Дэлхий нийтээр шинжлэх ухааны хандлага өөрчлөгдөж байна. Улс орнууд шинжлэх ухааны дэвшил, инновацийг ололтыг хөгжлийнхөө гол тулгуур болгох, зардал багатай, байльд ээлтэй, хүн амд аюулгүй шинэ ололтуудыг ашиглахыг зорьж байна. Тиймээс БНКУ-ын шинжлэх ухаан, боловсролын салбарын ололтыг судлах, туршлага авах зүйл их бий гэж ойлгож явдаг. 

 

Бүгд Найрамдах Кипр Улсын парламентын гишүүн, Санхүү, төсвийн байнгын хорооны гишүүн Ставрос Эвагороу, Ази Европын парламентын түвшний томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа явдалд ноён М.Энхболд танд болон танай ард түмэн, тэр дундаа Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Мөн элэгсэг дотноор хүлээн авч буйд нь талархаад, ирэх өдрүүдэд болох хурлын арга хэмжээнд амжилт хүсье. Манай хоёр тивийг салгаж байгаа зүйл ховор, биднийг холбож байгаа зүйл маш олон байдаг. Тиймээс энэ хоёр тивийн харилцаа өргөн болох боломж бий. БНКУ бол Европын холбооны гишүүн улс юм. Монгол Улс Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаан дахь бүхий л алхамууды дэмжихэд манай улс бүрэн дэмжин ажиллана. Монгол Улсад ирэхээс өмнө нэлээд судалгаа хийсэн, үүний үр дүнд хурдацтай хөгжиж байгаа орон болохыг мэдлээ. 

Монгол Улс шинэ технологи бий болгох тал дээр анхаарал хандуулдаг гэж Та хэллээ.  Энэ чиглэлээр манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. БНКУ бол газар дундын тэнгист байрлах олон мянган жилийн түүхтэй жижиг орон. Аялал жуулчлал бол манай гол салбар бөгөөд цаашид Европын банк, хууль зүйн салбарын төв болох зорилт тавин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

Манай хоёр орны харилцааны хувьд Европын холбоотой байгуулсан хэлэлцээрийн түвшинд хоёр орны уулзалт, айлчлалуудыг зохион байгуулах боломжтойг ноён Ставрос Эвагороу онцоллоо.

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд, АСЕМ-ын дээд түвшний уулзалтад БНКУ-ын талаас өндөр түвшинд оролцоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааын хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс оролцлоо Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.