Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж залуучуудын квотыг 20 хувь болгоно
УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж буйгаа мэдэгдсэн юм.
Хуулийн төсөлд УИХ-д нэр дэвших залуучуудын квотыг 20 хувьд хүргэж тогтоохоор заажээ. Тэрээр “Манай хүн амын 80 гаруй хувь нь залуучууд. Харин сонгогчдын 50 гаруй хувийг залуус эзэлдэг. Иймээс сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувийн квотыг залуучуудад өгөх хэрэгтэй гэж үзээд уг хуулийн төслийг санаачилсан” гэв. Тэрээр таван хүн тутмын нэг нь залуу хүн байх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. Мэдээллийнхээ дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нэр дэвшүүлэх залуусын квотыг нэмэгдүүлнэ гэж байна. Хэдээс хэдэн настай хүмүүс байх вэ?
-30-аас доош насныхан байх юм. Цаг үеэ төлөөлж чадахаар, шинэ цаг үеийн мэдрэмжээ гаргаж чадах нас. 1990 оны ардчилсан хувьсгалыг дандаа залуус хийж байсан. Би 29 настайдаа парламентад сонгогдож байлаа. Залууст оролцоог нь хангаад өгчихвөл шинэ цаг үеийн залуусын тухайд бэлтгэл хангагдсан байгаа. Гол нь Сонгуулийн хуулиар тавигдсан босго хаалтыг авахгүй бол энэ сонгуулийн үр дүнг ард түмэн сэтгэл хангалуун хүлээж авахгүй.
-Хоёр сар гаруйн дараа сонгууль болох гэж байна. Гэтэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж яваа нь хэр зохимжтой вэ?
-Хуулийг өөрчлөх боломж байгаа. Угаасаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр, гурван ч хуулийн төсөл явж байгаа шүү дээ.