Залууст нэр дэвших боломжийг хуулиар олгоё
2016.04.12

Залууст нэр дэвших боломжийг хуулиар олгоё

Сонгуулийн хуульдаа залуучуудын квотыг 20 хувьд хүргэн тогтоож өгөх, үүнийг 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар мөрдөх боломжтой гэж УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлаж байна

УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах саналыг Засгийн газарт хүргүүлжээ.

Заавал мөрдөх стандарт гэж байхгүй ч сонгуулийн хууль нь сонгогчдын хүйсийн төлөөлөл, наад зах нь жижиг намууд ядаж бүлгээ бүрдүүлэх хэмжээний төлөөлөлтэй болох нөхцөлийг хангаж байвал сайн хууль гэж үзэх хандлага олон улсад байдаг. 
Монголын сонгуулийн хуульд жендерийн тэгш эрхийг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн нь том ололт мөн ч нийгмийн бусад төлөөллийг орхигдуулсан хууль учраас нэмэлт оруулах нь зөв гэж УИХ-ын гишүүн Л.Болд үзэж байгаа аж. 
Тухайлбал, тэрбээр манай хүн амын 80 орчим хувь, сонгогчдын 50 гаруй хувийг эзэлж байгаа залуучуудын төлөөллийг парламентад оруулах нөхцөл бололцоо хуулийн хүрээнд ч нийгмийн сэтгэл зүйн хэм хэмжээнд хаалт хязгаартай байгааг онцолсон.
Тийм учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулж, 31 хүртэлх насны залууст нэр дэвших квот тогтоохоор төсөл санаачлан боловсруулжээ.

Манай улсын хүн амын 80 гаруй, сонгогчдын 50 гаруй хувийг залуучууд эзэлдэг.

Өнөөдөр дэлхий нийт залуучуудын асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байна. Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулган хоёр долоо хоногийн өмнө хуралдаж “ардчиллыг залуужуулах” тогтоол гаргаад байгаа юм. Улс орнууд тэдний асуудлыг шийдэхгүйгээр хөгжих боломжгүй гэж үзэж байгаа учраас дэлхийн нэг хэсэг болсон Монгол Улс ч бас Сонгуулийн хуульдаа залуучуудын квотыг 20 хувьд хүргэн тогтоож өгөх, үүнийг 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар мөрдөх боломжтой гэж УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлаж байна. 

Манай улсын хүн амын 80 гаруй, сонгогчдын 50 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Гэсэн хэрнээ УИХ-д залуусын төлөөлөл байдаггүй. Парламентдаа залуусын төлөөлөлгүй 30-аад улсын нэгд Монгол тооцогдож байгаа. Үүнийг өөрчилж, улс төрийг залуужуулах, цэвэрлэх, шинэчлэх үйл явцыг залуучуудын оролцоотой хийх боломжтой юм. Баримт дурдахад, дэлхийн сонгогчдын 50 хувь нь залуучууд аж. Гэвч 31 хүртэлх насны залуусыг аль ч улс орнууд парламентдаа сонгох явдал хойрог. Энэ насны залуучууд парламентын гишүүдийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг юм байна. Монгол Улсад хувьд энэ хэмжүүр 0 хувь байгаа. Нийгмийн олонхийг бүрдүүлж байгаа залуучуудад шийдвэрлэх ёстой асуудал олон бий. Мөн нэр дэвших хүсэлтэй залуучууд ч цөөнгүй байдаг.

Гэвч тэдний хувьд сонгуульд нэр дэвшинэ гэдэг хамгийн хүнд даваа. Улс төрийн намууд, гишүүд тэдэнд ямар ч боломж өгөхгүй шахаж байдагт хэргийн учир оршиж байдаг. Тиймээс улс төрийн намуудаас сонгуульд квотоор нэр дэвших таван хүний нэг нь залуучууд байх, тэд нэр дэвшигчдийн 20 хувийг олгох заалт энэ хуулийн төсөлд туссан байгаа аж. 

Сонгуулийн хууль батлагдаад удаагүй байгаа хэдий ч тус хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа юм байна. Л.Болд гишүүний өргөн барьснаас өөр хоёр ч хуулийн төсөл бэлэн болсон бөгөөд УИХ эдгээр асуудлыг 2016 оны сонгуулийн өмнө хэлэлцэх үү, үгүй юу. Энэ асуудлыг шийдэх хүсэл УИХ-д бий юу, үгүй юу гэдгийг харах л үлдэж. Хэрвээ энэ хууль дэмжигдвэл залуусаа дэмжиж, олон залуу хүн сонгуульд оролцох нөхцөл бүрдээд зогсохгүй төрд итгэхүй болсон байдлыг өөрчлөх, энэ нь нэр дэвшигчдэд ч,сонгогчдод ч итгэл үнэмшил төрүүлэхүйц хэрэгтэй алхам болох юм.

30-аас доош насны залуучуудыг улс төрд оруулж ирэх алхмыг нээхээр шулуудаад байна

1990 оны Ардчилсан хувьсгалыг залуус хийсэн. Тэр тусмаа Монголын оюутны холбоог тэргүүлж байсан Л.Болдын оролцоо их. Тэрбээр анхны парламентад 29 настайдаа сонгогдож байсан бол өнөөдөр 30-аас доош насны залуучуудыг улс төрд оруулж ирэх алхмыг нээхээр шулуудаад байна. Хууль санаачилагч нь энэ алхмаа “Шинэ цаг үе гарч ирэх арга замыг бид нээж өгөх ёстой. Сонгуулийн хуулиар тавьсан нэлээн олон хаалт байгаа. Энэ бүгдийг бид залуустаа нээж өгөхгүй бол энэ сонгуулийн үр дүнг ард түмэн бүрэн сэтгэл хангалуун хүлээж авна гэдэгт би огт итгэхгүй байна” гэж тайлбарласан юм.