Даргыг яллаж, намыг хүчгүйдүүлэх гэж М.Мөнхөөг барьцааллаа
2016.04.08

Даргыг яллаж, намыг хүчгүйдүүлэх гэж М.Мөнхөөг барьцааллаа

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг АТГ- аас баривчлан Төв аймаг дахь урьдчилан хорих ангид хорьжээ. Энэ талаар МАХН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Сүхбаатараас тодрууллаа.

-Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг АТГ ямар үндэслэлээр саатуулсан юм бол?

-Мэдэхгүй байна. Бид тодруулж амжаагүй. Ер нь бол баасан гаригт баривчилж, хэлмэгдүүлэлтийн процессоо нуухын тулд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад, өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Хорих анги руу шилжүүлсэн байна. Ямар ч гэм зэмгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй хүнийг саатуулсанд бид гайхаж байгаа. Ер нь бол хэн нэг хүнийг яллахын тулд гэм зэмгүй хүнийг баривчилдаг энэ арга руу орлоо гэж харж байна. Эцсийн зорилго нь Н.Энхбаяр даргыг улс төрөөс холдуулах, МАХН-ыг сонгуульд хүчин мөхөсдүүлэх гэсэн ажиллагааны л нэг хэсэг.

-Н.Энхбаяр дарга БНСУ руу эмчлүүлэхээр явсан гэсэн. Ирсэн үү?

-Ирээгүй байгаа. Н.Энхбаяр даргын ээлжит эмчилгээ нэг сарын өмнөөс эхлэх ёстой байсан ч хилийн хоригтой байсны улмаас хойшлоод байсан. Байнгын заналхийлэл дунд Н.Энхбаяр дарга намынхаа ажлыг нэлээд эрчимтэй хийсэн. Эмчилгээнд явахын өмнө АТГ-аас Н.Энхбаяр даргад хилийн хориг байхгүй гэж мэдэгдсэн. Шалгаад үзтэл хилийн хориг нь цуцлагдаагүй байсан. Бид нэлээд тодорхой төвшинд асуудлыг ярьж, хилийн хоригийг цуцлуулсан. Солонгос дахь эмчилгээ нь дуусаагүй байгаа.