МАН-тай эвсэх эсэхийг судлах ажлын хэсгийг Ч.Улаан ахалж байна
2016.03.21

МАН-тай эвсэх эсэхийг судлах ажлын хэсгийг Ч.Улаан ахалж байна

Өнөөдөр МАХН-аас хэвлэлийн бага хурал зарлан, улстөрийн намуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаагаа танилцууллаа.

МАХН болон Ногоон намаас хамтарсан ажлын хэсэг гарган, сонгуулийн эвсэл байгуулах боломжтой эсэхийг судалж байсан юм. МАХН-ын гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ахлахаар болж, тус намаас албан ёсоор тогтоол гаргажээ.

Мөн АН болон МАХН-ын хооронд байгуулсан гэрээний биелэлтэд үнэлэлт өгөх, цаашид хамтран ажиллах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулсан байна. МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ ажлын хэсгийг ахлах аж. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намын  гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал нар ажлын хэсэгт багтжээ.

Үүний сацуу МАН-тай сонгуульд нэг эвсэл болж оролцох, эсэхийг судлах ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан ахалж байгаа аж. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар энэ ажлын хэсэгт багтсан гэв.