Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг бэртэлтэй байхад нь баривчлаад явсан байна билээ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Хэвлэл, мэдээлэл олон нийт хариуцсан дарга Б.Тулга тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр намын дарга Н.Энхбаярын хамгаалагчийг баривчилсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд “МАХН төдийгүй МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлан хамаатан садан, ойр дотныхныг АТГ шалгаж хэлмэгдүүлж, дарамталж байна.
Өмгөөлөгчид хүртэл “Таны хэрэг дээр ажиллахад хүнд байна, улс төрийн захиалгатай үүсгэсэн хэрэг” гээд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж, Н.Энхбаяр даргыг өмгөөлөгчгүй болгосон” гэж онцолсон юм.
Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар “Манай нам АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудын улс төрийн хүчирхийлэл явуулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргасан. Манай намын залуучууд, гишүүд, дэмжигчид, эмэгтэйчүүд АТГ- ын үүдэнд олон хоног дуу хоолойгоо илэрхийлсэн. Намын даргын хамгаалагчийг өнгөрсөн баасан гаригт гэрээс нь барьж саатуулсан. Хамгаалагч М.Мөнхөө нилээд хүнд бэртгэл гэмтэлтэй байсан. Ингээд харамсалтай нь гэрээс нь баривчлаад явсан байна лээ.
Ер нь АТГ бүх л баривчилгааг баасан гаригт хийдэг болчихсон шүү дээ. Намын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг барьж саатуулаад гурван сарын хугацаа өнгөрч байна. Намаас бол өмгөөллийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Дөрвөн жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Н.Энхбаяр даргыг баривчилж байсан. Энэ үйл явдлын ой хэдхэн хоноод болох гэж байна. Энэ өдөртэй давхцаж АТГ үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой боллоо. Ерөнхий сайд байсан хүн нь хууль хяналтын байгууллагыг тодорхой хүний захиалгаар ажиллаж байгааг хэлээд тэсч, тэвчихээ больсон тухайгаа мэдэгдсэн. Манай намын даргыг өмгөөлөх өмгөөлөгчгүй болсон хамгаалж байгаа хүнийг нь аваад явлаа” хэмээн ярьсан юм.