ХҮН-ыг С.Боргил удирдана
Хөдөлмөрийн үндэсний намд үүсээд байсан даргын суудлын асуудал нэг тийш шийдэгдэв.
Тус намын гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын дарга болсон. Гэвч Улсын дээд шүүх С.Ганбаатарыг ХҮН-ын даргаар томилох хүсэлтийг хэлэлцээд, татгалзсан хариу өглөө.
Үүнээс гадна ХҮН-ын дэд дарга Б.Найдалаа болон Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд нар намаасаа "салан тусгаарлаж" хуралдан, шинэ даргыг тодруулсан юм. Тэд дэд дарга Б.Найдалааг ХҮН-ын даргаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан билээ. Харин Улсын дээд шүүх энэ хүсэлтийг мөн хүлээн авсангүй.
Ингэснээр ХҮН-ыг тус намын дэд дарга С.Боргил удирдахаар болов. Улсын бүртгэлд тус намын даргаар С.Боргил бүртгэлтэй буй юм.