Бид ямар ч намд хамтрах санал тавиагүй
ХҮН-ын дэд дарга С.Боргил
2016.03.14

Бид ямар ч намд хамтрах санал тавиагүй

ХҮН-ын дэд дарга С.Боргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Тиймээс ч Үндсэн хуулийн Цэцэд хандсан, ямар нэгэн хариу өгсөн үү?

-Энэ удаагийн Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн 16.9 болон 21.2 дугаар заалтуудыг зөрчиж байгаа гэж үзсэн. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 134 дүгээр зүйл буюу “Сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэх"-ийн 134.1.1 болон 134.1.2 заалтууд юм. Эдгээр нь Үндсэн хуулийн 16.9-д шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.

Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно, 21.2-т Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэснийг зөрчиж байгаа юм.

Задалж хэлвэл 134.1.1-т нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан бөгөөд олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид "Б” жагсаалт” гэх/-ыг гаргах, 134.1.2-т энэ хуулийн 134.1.1-д заасан таван хувийн босгыг даваагүй, олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийн авсан нийт саналын хувийг “Б” жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр хувь тэнцүүлэн нэмж тооцох гэж заасан. Энэ чинь намын жагсаалтыг хүчин төгөлдөр болгохын тулд сонгогмдын таван хувийн саналыг авах, аль нэг тойргоос тухайн намаас дор хаяж нэг нэр дэвшигч сонгогдох ёстой гэсэн үг л дээ.

Гэтэл Монгол Улсын иргэн сонгох эрхээ эдлээд улстөрийн намыг сонгочихсон байхад нь “наад намаас чинь хэн нэгэн нэр дэвшигч тойрогг сонгогдоогүй” гэдэг шалтгаанаар сонгогчийн сонголтыг хүндэтгэхгүй, Үндсэн хуулийн бус болзолыг тулгаж байгаа юм. Бид энэ сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Хэрхэн авч үзэхийг сайн мэдэхгүй байна. Бидэнд одоогийн байдлаар албан ёсны тодорхой хариу өгөөгүй. Цаг нь болохоор өгөх байх гэж найдаж байгаа.

-Энэ чинь Үндсэн хууль зөрчихөөс гадна жижиг намуудад нэлээд халгаатай байх нь ээ?

-Бид ч мөн тэгж үзсэн. Улс төрийн шинэ намуудын төлөвшлийг боогдуулж, цаашид төлөвших үйл явцыг ч хааж байна. Олон нийтэд бага танигдсан, иргэдийн хувьд төдийлөн нэрд гараагүй, нүүр улстөрчгүй намуудын хувьд сонгогчид гарч ирж буй бодлого зорилгоор нь тодорхойлж дүгнэдэг. Гэтэл яг бодлого шийдэл гаргаж байна гэдэг өнцгөөс нь хараад сонгох гэхээр танигдсан улстөрч байхгүй. Тиймээс тухайн улс төрийн хүчин гацалтын байдалд орно гэсэн үг. Ямар нэгэн байдлаар тойрогт ялалт байгуулахгүй л бол парламентад суудал авах боломжгүй болж байна. Танил улстөрчтэй намын хувьд бол энэ нь асуудал болохгүй л дээ.

-Ядахад энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд зааснаар сурталчилгааны хугацааг 18 болгож цөөлсөн байдаг.

-Анх 40 гаруй хоног байсан. Хугацааг нь бууруулсаар эцэст нь 18 болж үлдсэн. Энэ нь олон нийтийн хүлээлт, шаардлагаар гарч ирж буй улс төрийн шинэ хүчнүүдийн хувьд хаалт болчихож байгаа юм. Энэ цөөн хоногт хэн ч танигдаж амжихгүй. Тиймдээ л танигдсан улстөрчдийн хувьд дахиад л боломж олгож байгаа хэрэг. Гэхдээ энэ бол намын талын асуудал. Хамгийн гол нь Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг л бид онцолсон.

-Та бүхэн хууль батлагдаад, хэрэгжих шатанд нь Үндсэн хууль зөрчихлөө гээд байна. Гэтэл одоо тэр хуульд чинь дахиад гар хүрч, нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж байна шүү дээ?

-Сонгуулийн хуулийг хэлэлцэн, батлах явцдаа санаатай, санамсаргүй эсэхийг мэдэхгүй, юутай ч биднийг ажиглаагүй байхад “Сонгуулийн хуулийг сонгуулиас өмнө буюу зургаан сарын өмнөөс өөрчлилж болохгүй" гэх утгатай заалтыг нь аваад хяачихсан. Уг нь энэ заалт нь улс төрийн тогтвортой байдлыг хангаж байсан юм. Сонгуулийн хуулийг байн байн оролдох нь иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх байтугай будилаан тарих л асуудал.

-Будилаан гэдэг нь юу гэсэн үг үү?

-Бид энэ жил сонгуулиа шинэ хуулиар өгөх гэж байна шүү дээ. Тэгэхээр сонгогчдын хувьд үл ойлгох, гардан явуулах зохион байгуулагчдын хувьд үл ойлголцох гарах магадлал өндөр. Сонгууль үл ойлголцлоор явагдвал таагүй нөхцөл, бухимдал үүсгэнэ. Өнөөгийн нөхцөл байдалтай уялдаад гараад ирэхээр томоохон мөргөлдөөн ч юм уу, хүмүүсийн уур, дургүйцлийг хүргэж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй.

Сонгууль болсны дараа л сонгуулийн хуулиа өөрчилье гэж ярьдаг. Энэ удаа ч мөн л тэгсэн. Тэгэхээр цаашдаа улс төрийн намууд парламентад сонгогдсоны дараа сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл түүнээс хойш нэг жилийн хугацаанд л ажиллаж, хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол эрх баригчид сонгуулийн хуулийг өөрсдийнхөө улс төрийн нөхцөл байдалд тааруулж, цагийг нь тулган баталж байна. Мөн дээр хэлсэн хамгаалалтын шинж чанартай байсан зургаан сарын дотор өөрчилж болохгүй гэдэг заалтыг аваад хаячихлаа. Одоо дахиад л өөрсдөдөө тааруулж, нийт сонгогчдын таван хувийг авснаар жагсаалт хүчин төгөлдөр болох заалтын хувийг өсгөнө гэж ярьж байх жишээний. 

Эндээс харахад л улс төрийн орчинд шинэ нам, хүчнийг оролцуулахыг тодорхой хэмжээгээр хааж байна гэж харж байгаа юм.

-Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлгийн шатанд байхад нь та бүхэн парламентад суудалгүй байсан нь үнэн. Гэхдээ жижиг гэгддэг УИХ-д суудалгүй намууд Сонгуулийн тухай хуулийг маш нарийн ажиглаж саналаа өгдөг шүү дээ. Тэр үед та бүхэн юу хийж байсан юм бэ?

-Бид хэлэлцүүлгийн үед саналаа тодорхой хэмжээгээр өгч байсан. Тухайн “зургаан сарын хугацаанд...” гэдэг заалтыг авчихна гэж бид үнэндээ бодоогүй. Сурталчилгааны хугацааг богиносгож, жишиг тавих зэрэг заалтуудыг эсэргүүцэж, эсрэг саналтай байсан. Даан ч саналыг маань тухайлан авч үзээгүй. Тэр үед буюу хууль батлагдах явцад хяналт хийх төлөөлөл манайхаас байгаагүй. Одоо бол парламентад төлөөлөлтэй болсон. Гэхдээ ганцхан гишүүнтэй.

Ер нь монголын улс төрд парламентад болон улс төрд нөлөө багатай намын дуу хоолой албан ёсоор сонсогддоггүй юм байна. Үндсэн хуулийг өөрчилнө гэж байхад ч бид УИХ-д гурван удаа шаардлага өгсөн. Нэг ч удаа хариу ирүүлээгүй. Халхголын 500.000 га газрын асуудлаар л гэхэд холбогдох газрууд болон парламентад 2000 орчим иргэний гарын үсэггэй шаардлага хүргүүлсэн. Эдгээрт хариу болгож албан ёсны зүйл огт өгөөгүй. Тодорхой болохгүй байгаа асуудалд бид байр сууриа илэрхийлдэг. Гэвч тэр мөрөөр эсвэл тухайн  санал, санаачилгыг гаргасан намын мөрөөр шийдэл, шийдвэр гаргадаг асуудал огт байхгүй байна.

-Сонгуулийн хуулиасаа улбаалаад жижиг намуудыг улс төрийн том хүчнүүд нэгдэхийг санал болгож байна. ХҮН-ын хувьд санал авсан болон тавьсан зүйл бий юу?

-Сонгуулийн хуультай холбоотойгоор улс төрийн намууд хоорондоо эвсэж, нэгдэх асуудал маш их яригдаж байна. Манайд бол ганц, хоёр жижиг намаас албан ёсны санал ирсэн. Том гэгддэг намуудаас бол ирээгүй. Сонгуулийн хууль өдгөө эрх баригчдын хүсч байснаар үүргээ гүйцэтгэж эхлээд байна. Энэ нь мэдээж олон түмний итгэл найдварыг хүлээгээд байгаад сонгуулиар гарах магадлалтай намуудыг шахах зорилготой шүү дээ. Намууд хоорондоо эвсэж, нэгдэх, том намууд жижгийгээ өөртөө уусгах гэсэн одоогийн бодпогуудаар илэрч байгаа нь ч харагдаж байна. ХҮН-ын хувьд бусад намтай эвсэнэ, нэгдэнэ гэсэн шийдэлд хүрч, шийдвэр гаргаагүй. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалах байх. Гэхдээ сонгуульд нэгдэхээсээ илүү манай бодлого, зорилттой нэг байгаад улс төрийн цэвэр, эрүүл нам хүчин байвал бид энэ асуудлыг ярилцаж болно.

-Та өөрөө ч сая хэд, хэдэн удаа шинэ нам гэж хэллээ. Гэтэл шинэ гэгдээд байгаа ХҮН-ынхан дотооддоо ч эв зүйгээ олж чадахгүй байгаа юм биш үү. Та өмнө нь намын дарга байсан. Одоо бол дэд дарга нь шүү дээ?

-ХҮН-ын дотоодод болж буй асуудал бол нэгдүгээрт намын дүрмийн дагуу явагдсан шийдэл. Намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Доржхандыг үүрэгт ажлаас нь намын дарга Ганбаатар хоёрдугаар сарын 8-ны 01 тоот тушаалаар чөлөөлсөн. Намын дүрмийн дагуу шүү. Улс төрийн намын доторх үйл ажиллагаа хуулийн дагуу гэхээсээ илүү намын дүрмийн дагуу явагддаг. Манай намын шинэчилсэн дүрэм Дээд шүүхэд 2015 оны есдүгээр сарын 25-нд бүртгүүлсэн байдаг. Өмнө нь намын дарга, одоо дэд даргын хувьд хэлэхэд аливаа үйл ажиллагаа, нам дотор явж буй шийдэл бүгд намын дүрэм, холбогдох журмын дагуу явагдах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Тэр ч утгаараа намын даргын гаргасан шийдвэр нь дүрмийн дагуу л явагдсан. Ямар нэгэн байдлаар хууль болон намынхаа дүрмийг зөрчсөн зүйл байхгүй. Үүнийг албан ёсоор хэлье. Намын даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Доржханд дарга өөрөө хууль бус, дүрмийн биш, парламентад төлөөлөлтэй болсон намын Төв хороо болон Их хурлынхаа шийдвэрийг эсэргүүцэн, үл тоож, дураараа авирлаж байна. Тэр ч байтугай намын Төв хорооны хурлыг дураараа зарлан, гишүүдийг цуглуулсан. Яг тэр хуралд нь Төв хорооны 56 гишүүний 10 хүрэхгүй нь л очсон юм билээ. Ийм дүрмийн бус алдаа хийж байгаа нь нэг талдаа намын хагаралдаан гэхээсээ илүү хувь хүний дураараа аашилсан үйл явдал өрнөж байна гэж харж байгаа. Намын гишүүний хувьд ёсзүй, анхны өргөсөн тангараг, зарчмыг уландаа гишгэж парламентад суудалтай улс төрийн  намыг олон нийтийн  өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр буруу ойлголтод хүргэж байна. 

-Доржхандын хувьд энэ намыг санаачлагчдын нэг байх аа?

-Санаачилж явсан нь Ганбаатар, Доржханд гээд энд байгаа хүмүүс шүү дээ.

-Тэгээд анхдагчид юунаас болоод хагаралдаад байдаг юм бэ?

-Энэ чинь хагаралдаан гэхээсээ илүү арга ажиллагааны зөрүү л юм даа. Нам гэдэг компани, корпораци биш. Мөнгөө гаргасан нь дүрмээ зохиодог жүжиг биш. Тийм тоглоомын дүрмээр явдаг, компани, хөрөнгийн засаглал дээр тогтсон хувийн байгууллага биш. Олон нийтийн байгууллага. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалдаа тулгуурлаад харвал маш том үүрэг хариулага хүлээсэн олон нийтийн байгууллага. Олон хүний итгэл, найдвар, горьдлого бий гэдгийг ойлгох ёстой. Энэ ч утгаараа арга агуулгыг эхнээс нь буюу нам зарчимч байхаас эхэлж байгаа.

Бид нийтэд ил тод, ардчилсан байхын тулд улс төрийн өмнөх намуудын явж ирсэн буруу, хэт хайрцагласан, өөртөө эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн, шийдэл, шийдвэр гаргаж буй үйл ажиллагааны зөв дараалал, нам доторх эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах зарчмыг бид баримталдаг. Манай намын дотор болж буй үйл явц хоёр хуваагдсан явдал биш. Үүнийг би албан ёсоор хэлье. Намын Төв хорооны гишүүдийн хуралдааныг энэ сарын 2-3-нд 75 хувийн ирцтэйгээр явуулсан.

Энэ үеэр намын даргын 01 тоот тушаалыг намын Төв хорооны гишүүд баталгаажуулсан. Энэ нь ч гэсэн яг дүрмийн дагуу хийгдсэн учраас бид санаа зовохгуй байгаа. Өнөөдөр манай намд болж үйл явц олон нийтэд ил байгаа. Бид улс төрийн шинэ соёл, чиг хандлагыг' төлөвшүүлэх гэж байна. Тиймээс “олгой хагаравч тогоон дотроо" гэдэг дүрэм манайд үйлчлэхгүй, ил тод байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тэд ч гэсэн өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлэх эрхтэй. Тэр ч байтугай зарим нь намын цахим хуудсанд өөрсдийнхөө хийсэн хурлын бичлэгийг оруулчихсан л байгаа. Түүнийг нь ч бид хориогүй. Энэ бүхэн олон нийтийн хараа хяналтад байгаа.

-Дээд шүүхэд намын дарга гэгдээд байгаа хоёр нөхөр өргөдлөө өгчихсөн. Хэн нь жинхэнэ бэ гэдэг утгатай. Таны хувьд хэн нь гэж хэлэх вэ?

-Эцэстээ намын дарга бол С.Ганбаатар. Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд хуралдсан намын Төв хорооны хурлаар 98 хувийн саналаар тэр хүн дарга болсон. Тухайн үөд нам Төв хорооны 56 гишүүний 98 хувь нь С.Ганбаатарыг даргаар батламжилж, сонгосон. Дээд шүүхэд өргөдөл гаргаад байгаа асуудал бол өөрөө хууль бус. Яагаад гэвэл хоёрдугаар сэрын 8-ны өдрийн 01 тоот тушаалаар Доржханд дарга ажлаа хүлээлгэн өгөхдөө тамгаа ч мөн адил хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл түүнийгээ ч өгөлгүй, өөрөө дур мэдэн ашиглаж, Дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаа нь хууль зөрчсөн, ёсзүйгүй үйлдэл. Бидний хувьд өмнөх тамгаа хүчингүй болгуулаад дахин тамга авсан. Дээд шүүх үүнд хуулийн дагуу хандах байх. Бидний хувьд ач холбогдол өгөөд сүйд болохгүй байна.