Би шүүхэд хандсан
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2016.03.10

Би шүүхэд хандсан

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, нийтлэлч Б.Баабар хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Нийтлэлч Баабар өөрийн цуглуулсан баримт материалыг үндэслэж, нийгмийн даатгалынхны хууль бус үйлдэл болоод салбарыг сайдын фактыг нийтлэлдээ дурдсан. Харин түүний нийтлэлийг үндэслэлгүй, худал зүйл гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдэгдэж байсан. Тиймээс хоёр эрхэмийн асуудал хэрхэн шийдэгдсэн талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс тодрууллаа. 

-Нийтлэлч Баабарын нийтлэлээс болоод та нэлээд бухимдалтай яваа гэсэн. Таныг хуулийн байгууллагад хандсан гэдэг мэдээлэл  үнэн үү?

-Нийтлэлч Баабар намайг удаа дараа зүй бусаар бичсэн, доромжилсон. Янз бүрийн байдлаар гүтгэсэн. Би хууль хяналтын хүрээнд нэр төрөө сэргээлгэх зорилгоор шүүхэд хандсан. Ямар нэгэн эд материал нэхэмжлээгүй. Монгол Улсын иргэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог. Шүүх тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай мэт ярьж, янз бүрээр доромжлох эрх байхгүй. Тиймээс иргэн хүний халдашгүй эрх болох нэр төрд нь жирийн сэтгүүлчээс эхлээд улстөрч хүртэл халдаж болдоггүй юм. Өнөөдөр бий болгосон ардчилал, шударга ёс, хүний эрхийг далимдуулаад дураараа доромжилж болно гэж бодож байгаа бол үгүй. Тиймээс би иргэний шугамаар нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагынханд хандсан.

-Та буруугүй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Б.Баабарт баримт материал байвал яах вэ?

-Би тэр талаар сонирхоогүй байна. Хууль хяналтын байгууллага өөрсдөө шийднэ биз. Надад энэ асуудлыг хөөцөлдөөд явах зав алга. Хоёрдугаарт, сонирхол ч алга. Тэр хүн үүрэг хариуцлагаа мэдэж бичээ байлгүй. Тайлбараа өгнө биз. Надад бол энэ асуудалд оролцоод, араас нь хөөцөлдөөд, яваад байх зав алга.