Завсарласан нь
1992 оны УИХ-ын сонгуульд Монголын нэгдсэн нам, МҮДН, Монголын ардчилсан намууд эвсэл болж орлоо. Энд дурдагдсан “Нэгдсэн нам” бол Монголын ардчилсан намын Иргэний ардчилсан жигүүр гэж байгаад сүүлд тасарч гарсан хэсэг болон С.Зоригийн Бүгд найрамдах нам, “Монел”-ийн эзэн н.Дөлийн Чөлөөт хөдөлмөрийн намуудын нэгдэл юм. С.Эрдэнийн хувьд С.Зоригийн үүсгэн байгуулсан Нэгдсэн намын дэд даргаар ажиллаж байх үед "Анхны" гэх тодотголтой УИХ-ын сонгууль болж таарчээ.
Харамсалтай нь, "Анхны" гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин тавхан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай ч МАХН-ын гишүүн байв. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр болсон юм. Өөрөөр хэлбэл, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.
Энэ ялагдал Ардчилагчид "гол цөм"-өө тойрон нягтрах сэдлийг өглөө. Удалгүй улс төрийн намууд нэгдэж, МҮАН хэмээх улс төрийн хүчин 2000 оныг хүртэл Ардчиллыг төлөөлөх болов. Одоогийн Ардчилсан намын туг, сүлдний эх загварыг тэгэхэд анх гаргаж байсан түүхтэй. С.Эрдэнэ шинээр байгуулагдсан МҮАН-ын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогджээ. Гэхдээ тэрээр гэнэтхэн л улс төрөөс завсарлага авахаар шийдсэн юм.
-Та 1992 онд МҮАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсоныхоо дараа яагаад гэнэтхэн улс төрөөс завсарлага аваад явчихсан юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд тэр үед ахуй амьдрал, ар гэр хүнд байсан л даа.1992 оноос хойш тувт намын ажил, сонгууль гэж гүйсээр байгаад эхлүүлсэн жаахан ажил маань тарж бутрах дээрээ тулчихаад байв. Дээр нь тухайн үеийн Ардын банкнаас 300, билүү 400 мянган төгрөгийн зээл авчихсан. Тэр үеийнхээр бол асар их мөнгө шүү дээ. Тэр зээлээ төлөх гээд байсныгаа барах талдаа орчихсон байсан юм.
Амьдрал ч нэлээн хүндэвтэр болчихсон үе. Эхнэр салаад явчихсан, хоёр хүүхэд над дээр гэх мэтчилэн ер нь л амьдрал маань тиймхэн байсан үе.
Гэтэл эргэн тойрны хүмүүс наймаанд яваад л, зарим нь дорхноо хөрөнгөжөөд л, ер нь л наймааны алтан үе тохиогоод байв. Тиймээс хэсэг зуур улс төрөөс хөндийрч бизнесээ эрхлэх нь зөв юм байна гэж шийдсэн. Би 1990 оны хавраас жижигхэн бизнес эхлүүлчихсэн байсан юм. Бас багшийн дээдийн гуанзийг түрээслэчихсэн, Нөхөрлөл сангийн аж ахуйн тэнд өвөлжөө худалдаж аваад Өвөрхангайгаас хэдэн төлөг авчираад тавьчихсан. Юм юм л хийх гээд үзээд явсан хэрэг шүү дээ. Тэгээд бизнесээ хийхээр шулуудсан. Эрдэнэтээс урт “Пүүлэн-30” худалдаж авлаа. Түүнийгээ тэнд нь ГОК-ын авто засвараар оруулж “Портвей 30” болгож янзлуулаад ЗИЛ-130 унасан хоршооны захирал хотод хөл тавьж байв.
-Тэгэхээр та “Молор трейд" компаниа их эрт байгуулжээ?
-Тэгэлгүй яахав, хүмүүс шидэт саваагаар дохиод энэ компанийг гэнэтхэн гаргаад ирсэн юм шиг ярьдаг. Эсвэл намайг улстөрч болчихоод түүнийхээ нэр нөлөөгөөр компанитай болчихсонгэх нь ч бийг. Үнэн хэрэгтээ тийм биш юм аа. Энэ компанийг чинь олон жилийн хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулж байж өдий зэрэгт хүргэсэн юм. Ер нь тэгээд би ямар дэлхий даахгүй их хөрөнгөтэй ч биш. Нэг сургууль, нэг амралт гэсхийгээд л болж байна. Анх энэ амралтын газрыг чинь талийгаач дүү маань санаачилж, Шарга морьтод хэдэн гэр бариад л “Агаар сувилал” нэртэйгээр эхлүүлж байсан юм. Одоо бол олон улсын стандартад нийцсэн ахмадын зориулалттай амралт болсон шүү дээ. Одоо ээж маань бизнесээ хариуцаад явж байгаа.
-Таны эрхэлдэг бизнес, бас барьж бүтээж буй зүйлүүдийг харахад та сайн улстөрч байж болох ч, магадгүй муу бизнесмэн шиг санагдаг юм. Жишээ нь, “Их тамир” ахмадын амралт, “Гурван тамир” сургууль, сүүлдээ “Олимп” гээд спорт цогцолбор ч барьж байх шиг. Энгийн хүн ч гэсэн хараад ашиг олохоосоо илүүтэй урсгал зардал өндөртэй гэдгийг нь ойлгоно шүү дээ?
-Аав минь амьд сэрүүндээ дүү бид хоёрт захиж хэлсэн үг байдаг юм. “Хэчнээн ядарч явсан ч архи дарс битгий хий, газрын хэвлий бүү ух” гэж. Аавынхаа энэ захиасыг санаж өдийг хүртэл арх дарс үйлдвэрлэдэг бизнес хийсэнгүй. Алт, мөнгө ухаж газрын хэвлий сэндийчсэнгүй. Надад нэг ширхэг ч лиценз байхгүй. Харин ч түмэн олныхоо тусын тулд тэр тусмаа ахмад настнуудынхаа амралт сувилгааны асуудлыг нэг шат ахиулж олон улсын стандартад нийцсэн амралт сувилал болгох гэж олон жил зүтгэсэн дээ. Тэгэхээр бас муу бизнесмэн гэж хэлж болохгүй байх. Яагаад хүнд тустай бизнес хийснийхээ төлөө муу бизнесмэн болох гэж /инээв/.
-Энэ бүхнийг босгоход бас чамгүй зүтгэл орсон биз?
-1993 оны хавар С.Зориг намайг дуудаад “Одоо наад бизнес энэ тэрээ боль оо. Би чамайг “Конрад Адэйнаур”-ын сангийн шугамаар Боннд улс төрийн дээд курст явуулж өгье” гэсэн юм. Би ч татгалзсангүй. Очоод сар орчим болоод байж байтал Дагдан гээд 10 жилийн найз маань хүрээд ирдэг юм. Тэр маань Германд овоо хэдэн жил болчихсон, хөл дээрээ босчихсон бизнесмэн байсан л даа. Тэгсэн намайг эрж сурсаар байгаад хүрээд ирж. “Чи юун сурах мурах вэ. Ид наймааны эрин үе эхэлчихсэн байхад. Сурахад нэзээ ч оройтохгүй. Надтай хамт наймаа хий” гэлээ. Надад мөнгө ч зээлүүллээ. Ингээд найзтайгаа гурван жил тасралтгүй машины наймаа хийсэн дээ.
Энэ л миний бизнесийн гол эх үүсвэр, санхүүгийн хуримтлал болж өгсөн. Бүтэн гурван жил машин зөөхдөө хаа сайгүй л явсан. Зах дээр бараг гарч үзээгүй. Машинаа оруулаад ирэнгүүт л ченжүүд худалдаад авдаг байлаа. Германаас гурван мянгаар авсан “Өвгөн бенц” энд 7,8 мянган долларын үнэ хүрдэг байлаа. Том “Бандгар бенц” бол бүр үнэтэй. Тэндээсээ зургаан мянгаар авсныгаа энд 18-20 мянгаар зарна. Хил гааль гэж чөлөөтэй байсан. Гаалийнхан ёс болгож тээш онгойлгож үзвэл үзнэ. Тэгээд л боллоо. Татвар ч гэж авдаггүй байсан юм. Наймааны алтан үе байсан. 1994 оноос л нэлээн чангарч эхэлсэн дээ. Бас оросууд монголчуудыг нутгаар нь машин зөөгөөд байгааг мэдээд дээрмийн бүлэглэлүүд идэвхтэй ажиллаж эхэлсэн.
Олон ч Монгол оросын мафиудын халдлагад өртөж, дээрэмдэж зодуулахаас эхлээд амиа алдах тохиолдол ч гарч байсан. Нэг тохиолдолд Хайлаастын нэг залууг буудлынхаа өрөөнд байхад оросууд дайрч ороод цонхоор шидчихэж билээ. Бид ийм л хүнд бэрхийг туулж байж өдийг хүрсэн гэдгийг одооний хүүхдүүд мэдэхгүй байх л даа. Миний хувьд ч хэд хэдэн удаа эрсдэлтэй учирч, автомат буугаар буудуулж ч үзлээ. Ингээд арилжаа, наймаандаа эцсийн цэг хатгаж улс төрд эргэж ирэх цаг нь болсныг ойлгосон. Хэдэн жил амь насаа ч үл хайрлан зүтгэснийх овоо ч юмтай болоод байв. Ингээд төрсөн ганц дүүдээ компаниа даатгаж өгөөд улс төрд эргэж ирсэн дээ.
"ТӨРД ЗҮТГЭСЭН ОН ЖИЛҮҮД" номын хэсгээс