М.Энхболдын зангараг ба жудаг
МАН-ын дарга М.Энхболд
2016.03.04

М.Энхболдын зангараг ба жудаг

Гуравдугаар сарын 1-нд сүр дуулиантайхан болж өнгөрсөн МАН-ын 95 жилийн ой, "Эх орончдын өдөр" нам гүмхэн байсан улс төрийг сэрээж орхилоо. Амь оруулсан шалтгаан нь МАХН МАН-ын хажуу бөөрөнд наалдаж баярыг нь хамтдаа тэмдэглэсэнд байгаа юм. Төрөлх намаасаа өрх тусгаарласан Н.Энхбаяр таван жилийн дараа анх удаа зочны дүрээр хуучин намдаа эргэж ирсэн нь гуравдугаар сарын 1-нд тохиов. Гэхдээ тэрбээр баатрын дүрээр биш аврал ирсэн хүний дүрээр эргэж ирж байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг.

 2012 оны сонгуулийн дараа АН-тай зүү орох зайгүй нөхөрлөх болсон түүнийг "сайн анд" нь зүгээр суулгахгүй ойр хавийнхныг нь АТГ-аар шалгуулж, намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргыг нь хүртэл бариад хорьчихсон. "Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий" гэдэг шиг яах учраа олохгүй яваа Н.Энхбаярын өөрийгөө аврах ганц гарц нь МАН-ын дарга М.Энхболд.

 МАН-ынхан төдийгүй АН-ынхан дундаа М.Энхболдыг тулхтай, жудагтай, хүн чанартай гэж ярилцах юм билээ. Тийм ч болохоор тэрбээр таван жилийн өмнө төрөлх намаа хаяж одсон Н.Энхбаярыг хаялгүй хүн чанар гаргаж намынхаа хаяанд авчирсан нь АН-ынхныг багагүй сандаргалаа. Түүний эл үйлдлийг АН-ынхан үнэндээ тооцоолоогүй. Учир нь М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын хооронд дуусгаагүй тооцоо бий. 2006 онд одоогийн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар тун чиг боломжийн ажиллаж байхад нь Н.Энхбаяр тухайн үеийн "Элсний-13"-тай сэм хуйвалдаж унагасан. Ингэснээр Н.Энхбаяр санасандаа хүрч М.Энхболдоос Ерөнхий сайдын албыг нь намын даргын суудалтай нь булааж авч дөнгөсөн юм. Иймэрхүү хүн чанаргүй, жудаггүй үйлдэл гаргасан Н.Энхбаярыг хаялгүй, хажуудаа авч явах хэрэг байна уу. 

 Нэг удаа тонгорч чадсан хүн бол хоёр дахиа тонгорохыг байг гэх газаргүй. М.Энхболдын хүн чанар, жудагтай зангийн хариуд Н.Энхбаяр ар нуруу руу нь хутгалах вий дээ. Юутай ч МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өс хонзон гэдгийг мэддэггүй бололтой юм. Түүнээс өөр хүн байсан бол Н.Энхбаярыг хажуу бөөрөндөө наах нь битгий хэл нэг ч нүдээрээ үзэхгүй байж болохоор. "Эх орончдын өдөр" М.Энхболдын зангарагтай, жудагтай, тулхтай улстөрч гэдгийг тод томруунаар ард түмэнд таниулаад өглөө. Харин Н.Энхбаяр өрөвдсөн өр рүү нь битгий л өшиглөчихөөсэй...