ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд салбарын дарга нар зөвлөлдлөө
2016.03.04

ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд салбарын дарга нар зөвлөлдлөө

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн /ММНБИ/-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн боллоо.

ММНБИ нь 3836 МНБ, 138 аудитын компани, 782 аудитор, Монгол Улсын 21 аймаг, УБ хотын 6 дүүргийн салбар зөвлөлийг эгнээндээ нэгтгэсэн Үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон өсч хөгжиж байна. Санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангах, аливаа байгуулага өсөж дэвжихэд мэргэшсэн нягтлан бодогчид гол үүргийг гүйцэтгэж байгаа юм. 

ММНБИ-ийн салбарын дарга нар жил бүр нэгэн дор цуглаж, алдаа оноогоо ярилцаж, бие биеэсээ туршлага судлан, цаашид хийх ажлын талаар зөвлөлддөг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөн ММНБИ байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой. Зөвлөгөөнд 22 салбарын дарга нар, Улаанбаатар хотын 6 дүүргийн байнгын ажлын хэсгийн ахлагч нар оролцож, 2015 оныхоо ажлыг дүгнэж, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо. Зөвлөгөөнд салбарын дарга нараас гадна ММНБИ-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон хороод хэлтсийн дарга нар, “Азийн Хүлэг улс” бодлого судалгааны хүрээлэнгийн захирал Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. 

Зөвлөгөөний эхэнд мэргэшсэн нягтлан бодогчид ажилдаа хариуцлагатай хандаж, шинээр батлагдсан Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал гол тавьж ажиллахыг ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцолсон билээ. Салбарууд мэргэшсэн нягтлан бодогчийн сургалт шалгалтыг орон нутагтаа зохион байгуулж, санхүүчид, нягтлан бодогчдыг тасралтгүй боловсролын сургалтаар ханган мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.