Шинэ аудитын компаниудын ажилтай танилцаж байна
ММНБИ-ийн Аудитын хороо энэ сарын 17-ноос эхлэн шинээр байгуулагдсан аудитын компаниудын ажилтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, зөвлөгөө, үүрэг даалгавар өгч байна. 2013–2015 онд нийт 345 аудитор нэмэгдэж, 52 аудитын компани шинээр байгуулагджээ. ММНБИ нь эдгээр гишүүн байгууллагын үйл ажиллагааг эхнээс нь зөв төлөвшүүлэхэд дэмжиж туслах үүрэгтэй билээ.
Энэ оны эхнээс тус институтийн аудит, ёс зүйн чиглэлийг дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан удирдан ажиллаж байна. Аудитын хорооны хамт олон ММНБИ байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ онд аудитын компанийн захирлуудын уулзалт семинар зохион байгуулах, шинэчлэн батлагдсан “Аудитын тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах талаар хяналт тавьж ажиллах, аудитор, туслах аудиторууд, мөн санхүүгийн салбарт ажиллаж байгаа мэргэжлийн нягтлан бодогчдод зориулсан төрөлжсөн сургалтуудыг явуулах, аудитын компанийн дотоод стандартын үлгэрчилсэн загварыг шинэчлэн боловсруулах, шинээр батлагдсан гарсан "Аудит ба Баталгаажуулалтын олон улсын стандарт"-ыг орчуулах, уламжлалт спортын тэмцээн “Audit cup–2016” тэмцээнийг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.