АН-д фракц дутсан биш механикаар нэгдэж яах юм
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Танай намд АН-аас нэгдэж ажиллах санал тавьсан. Энэ саналын хүрээнд тодорхой яриа хэлэлцээр өрнөж байгаа юу?
-АН-аас “Ардчиллын төлөө намууд хамтарч ажиллах түүхэн шаардлагын үүднээс манай намд нэгдэж ажиллаач ээ” гэсэн санал ирүүлсэн. Бид сар шинийн өмнө Удирдах зөвлөлөө хуралдуулаад нэг хариу өгсөн. “МҮАН бол хамтарч, нийлж ажиллахыг байнга дэмждэг нам. Тэр утгаараа хамтарч ажиллахад буруудах зүйлгүй” гэсэн утгатай хариу илгээсэн. Ер нь зөвхөн АН-тай гэлтгүй улс төрийн бүх намууд хоорондоо ярьж ойлголцох түүхэн цаг үе ирсэн гэж бодож байна.
Ардчилсан хувьсгал ялснаас хойш 25 жил болчихлоо. Удахгүй сонгууль болох гэж байна. Одоо хэн нь УИХ-д суудалтай байх, эсвэл тэсч үлдэх гэхээсээ илүү ухаажсан улс төрийн сонгууль болоосой гэж бодож байна. 2016 оны сонгууль болдгоороо болно. Хамгийн гол нь түүний дараа төр маань ямар байх вэ гэдэг нь чухал асуудал. МҮАН үндэсний үзэл тунхагладаг намын хувьд байгуулагдсан цагаасаа хойш 10 жил монгол төрийг шинээр урлах тухай, үндэсний үзэл дээрээ нэгдэж нийлэх, төрийг тогтвортой, цэгцтэй, бодлоготой, зангарагатай, залгамж чанартай болгох вэ гэдэгт хамгийн их санаа зовж ярьж ирсэн. Энэ талаасаа бодоход хамтарч ажиллахад нээлттэй. Гэхдээ нэгдэж ажиллана гэдэг бол их том асуудал. Нэгдэхийн тулд бид олон асуудлыг хөндөх ёстой.
-Та сонгуулиас өмнө нэгдэх боломжгүй. Харин эвсэх боломжтой гэж хэлэх гээд байна уу?
-Эвсч ажиллахад нээлттэй. Нэгдэнэ гэдэг бол онолын хувьд боломжтой ч ихээхэн хүнд асуудал. Бид ярьж хэлж байсан үнэ цэнэтэй зүйлсээ орхиод орох, эсвэл түүнийг минь нөгөө тал аваад өөриймшүүлээд явах уу гэх мэтээр ул суурьтай ярьж гаргах шийдвэр. Бид хамтдаа нэг нам байж үзсэн. 2006 онд АН-аас гарч одоогийн энэ намаа байгуулсан. Харин одоо нөхцөл байдал яаж өөрчлөгдөв, нэгдсэнээр ямар давуу тал үүсэх вэ гэдгийг нэгдүгээрт ярих ёстой. Хоёрдугаарт, үндэсний үзэл, төрт ёсны төлөвшил, Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш их ярьж байсан намын хувьд нэгдэж ажилласнаар энэ чиглэлд юу хийх вэ, ямар дэвшил гарах вэ гэдгийг ярих хэрэгтэй. АН-д ямар фракц дутсан биш. Тийм учраас механик нэгдлээсээ илүү үзэл санаа, үйл хэргээрээ нэгдэх нь байж болох асуудал.
-Танай намаас Цагаан сарын өмнө АН-д өгсөн хариултдаа “Удахгүй болох сонгуульд “Шударга ёс” эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзэж байна” гэсэн байсан. Тэгэхээр танай нам сонгуульд яаж оролцоно гэсэн үг вэ?
-Бид Цагаан сарын өмнө нэлээд нухацтай бодож байж тэр мэдэгдлийг гаргасан л даа. МҮАН-д одоогийн байдлаар хоёр шатны харилцаа байна. Нэгдүгээрт, АН-тай Засгийн газарт хамтран ажиллаад дөрвөн жил болох гэж байна. Энэ утгаараа АН, “Шударга ёс” эвслийн хоорондын харилцааг хэрхэхээ шийдэх ёстой. Цаашид энэ чигээрээ явах уу, үгүй юү гэдэг нь их чухал. Энэ чинь дуртай үедээ хамтарч засаг байгуулаад, дургүй үедээ салаад явдаг харилцаа биш шүү дээ.
Нэгэнт Засгийн газарт хамтран ажилласан учраас ямар ажил хийсэн, цаашид ямар зорилготой байгаа, зорилгынхоо төлөө үргэлжлүүлэн хамтарч ажиллах уу, үгүй юү гэдэг нь маш чухал. Хоёрдугаарт, МҮАН, МАХН-ын харилцаа. Бид “Шударга ёс” эвслийг байгуулж есөн жилийн гэрээ байгуулсан. Тэр гэрээ 2020 онд дуусах ёстой. Гэрээгээ цаашид үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдгээ дүгнэх ёстой. Дүгнэлт гаргахад МАХН-ын бодлого, МАХН, МАН-ын хоорондын харилцаа чухал болоод байна. Энэ мэт хүчин зүйлүүдийг тоцоож байж бид хамтдаа байх үгүйгээ шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвсэл доторх харилцаагаа эцэслээгүй байна шүү дээ. Энэ тохиолдолд өөр нэг намтай нийлж, нэгдэх харилцааны тухай гэрээ хэлцэл хийх боломжгүй.
-Танай нам бол дүгнэлтээ гаргаад цаашдаа МАХН-тай хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн юм биш үү?
-Тэр мэдэгдэл дээр чинь “Ирэх сонгуульд энэ хэлбэрээрээ оролцох боломжгүй” гэсэн байгаа. Энэ хэлбэр гэдэг нь МҮАН, МАХН өнөөдрийн байгаа хэлбэрээрээ сонгуульд оролцвол бидний яриад байгаа улс төрийн шинэчлэл, эдийн засгийн реформ, нийгмийн дэвшлийг гүйцэлдүүлэхэд хүчин мөхөсдөж байна. Тийм учраас бодлогоо хэрэгжүүлэхийн тулд өөр бусад намуудтай нийлж, хүчээ зузаатган сэлбэж байж оролцох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Засгийн газарт хамтран ажиллаж байгаагийн хувьд эвслээрээ АН-тай хамтрах тухай ярьж болно. МАН-тай ингэж л ярьж болно.
-Ер нь “Шударга ёс” эвсэл ойрын үед удирдлагуудынхаа төвшинд хуралдсан уу?
-Бид эвслийнхээ УИХ дахь бүлгийн хурлыг хааяа өргөтгөсөн байдлаар хуралддаг. Харин яг хоёр намын байгуулсан эвслийн удирдах бүтцийн байгууллага ажиллагаагүй байгаа. Эвслийн удирдах зөвлөл доторхи намуудын төлөөллийн тоон харилцаа улс төрийн аливаа шийдвэр гаргахад хүндрэл үүсгэж байгаа. Санал солилцоход бол чөлөөтэй. Ер нь бид эвслийнхээ хүрээнд нухацтай ярих ёстой.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох санал гаргахад танай намын удирдлагууд яаж хүлээж авсан бэ. Дэмжиж байсан уу?
-Эвсч байгаа намынхаа гишүүдийг улс төрийн өндөр албан тушаалд дэвших, томилогдох бүх л асуудлаар тууштай дэмжиж ирсэн. Чухамдаа монгол төрийг тогтвортой байлгах, хүчтэй байлгах, эвслээ цул нягт хадгалах гэсэн МҮАН-ын удирдлагын бодлого, чармайлт өнгөрсөн жилүүдэд маш их байсан гэдгийг улс төр ойлгох хүмүүс сайн мэдэж байгаа байх.
-2012 оны сонгуулийн өмнө МАХН-тай хамтарч эвсэл байгуулж сонгуульд оролцох шийдвэрийг хэр зэрэг удаан хугацаанд ярилцаж гаргасан бэ?
-Бид жил гаруйн хугацаанд хоорондоо ярилцсан. Манай хоёр намаас гадна дөрөв таван нам яриа хэлэлцээрт орж байсан. Эцэстээ манай хоёр нам нэгдэхээр болсон юм.
-Өмнөх сонгуулиар удаан хугацаанд ярилцаж байж шийдвэр гаргасан байна. Одоо болох сонгуульд аль намтай хамтарч хэрхэн оролцохоо хэдийд нь ярилцах болж байна аа. Хуулийн дагуу намууд хоёрхон сарын дараа сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор мэдэгдэнэ шүү дээ?
-Намууд хамтрахаар боллоо гэхэд мега төслийн гэрээ шиг олон мянган хуудас гэрээ хэлэлцээр хийхгүй ш дээ. Зарчмын хувьд одоо ч зарим нь тархин дотроо өрчихсөн байгаа. Үндсэн зарчмуудаа тохиролцчих юм бол үйлдлүүд нь маш энгийн. Мөн өмнө нь хийж үзээгүй зүйлээ шинээр хийх гэж байгаа юм биш шүү дээ. Ялангуяа манай намын дарга М.Энхсайхан бүх эвслийг зохион байгуулж, удирдаж ялалтад хүргэж байсан хүн. Энэ утгаараа эвсч ажиллах туршлага хангалттай бий.
Нөгөөтэйгүүр биднээс шалтгаалахгүй хүчин зүйл их байгаа учраас бид харзнасан байдалтай байна. Улс төрийн жин дарж байгаа намууд өөрсдийнхөө алхмыг хийх ёстой. МАН, МАХН-ын харилцаа яаж үргэлжлэх нь үү, АН болоод эвслийн харилцаа хэрхэх вэ, АН хэзээ ҮЗХ-ны хурлаа хийж дүрмээ өөрчлөх үү гээд биднээс шалтгаалахгүй зүйл их байна. МАН, АН өөрсдийнхөө хүчинд эрдээд сонгуульд дан дангаараа оролцоно гэвэл “Шударга ёс” эвсэл өөртөө бусад намыг нэгтгээд сонгуульд орж болно. Ингэсэн тохиолдолд сонгуулийн дараа тэр нэгдэл нь бат бөх байх нь их чухал. МҮАН ч дангаараа бусад намуудтай нийлээд сонгуульд орох боломжтой. Амьдрал баян шүү дээ. Зөндөө л юм болно доо.
-Гэхдээ танай нам, АН-ын дарга нарын харилцаа сайнгүй байгаа биз дээ?
-Хоёр намын дарга маань бүтэн хоёр жил тэс өөр өөр юм ярьчихсан. Хамтран ажиллах, нэгдэх чиглэлд ярилцахын тулд лидерүүд нь бодол санаагаа нэгтгэж нэг чигт харж байж сонгуульд оролцох ёстой шүү дээ. Тэгэхгүй бол өөр өөр зүйл ярьж байсан хүмүүс сонгогчдын өмнө очоод юугаа ярьж хуйхаа маажих юм. Энэ бол миний л бодол.
-Энэ хоёр хүн намаа нийлж, нэгтгэх талаар уулзаж ярилцсан уу?
-Энэ асуудлаар нэг ч удаа уулзаагүй байгаа. Намын дарга нар уулзахын тулд эхлээд улс орны чухал асуудлуудаар байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Тэгж байж уулзвал илүү үр дүнтэй. Манай нам ажлын хэсэг байгуулаагүй байгаа ч байгуулаад ажлын хэсгийнхээ төвшинд эвсэх талаар ярьж болно. Гэхдээ туг болоод сонгуульд орох хүмүүс байр сууриа нэгтгэх нь их чухал.
-Танай нам дангаараа МАН-тай нэгдэх хувилбар байж болох уу. Нэг хэсэг М.Энхсайхан дарга МАН-тай их ойрхон байна гэсэн мэдээлэл гарч байсан. Тэдний зохион байгуулж байгаа үл ажиллагаанд ч идэвхтэй оролцож байсан. Мөн АН-ын дарга З.Энхболд чуулганы индрээс “М.Энхсайхан МАН-тай нийлнэ гээд явж байгаа юм билээ” гэж байсан шүү дээ?
-Тийм гэнэн дүгнэлт хийж болохгүй л дээ. Бид Монгол Улсын хөгжлийг, Монголын улс төрийг одоохондоо МАН, АН-гүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс МАН, АН-тай манай нийгэм, улс төрийн амин гол асуудлаар санал солилцож байх ёстой. Түүнээс биш энэ нь эрх барьж байгаа учраас сайн харилцаатай байя гэсэн ойлголт байхгүй ш дээ. Тиймээс бид МАН-аас зохион байгуулж байгаа зүйлд оролцоно. Засгийн газарт хамтран ажиллаж байгаагийн хувьд АН-аас хийж байгаа ажилд бүр анхааралтай хандана. Мөн аль алинд нь болохгүй байгаа буруу зүйлийг нь хэлэх ёстой.
Тухайлбал, Эх орончдын өдрийг хоёрхон нам нийлээд тэмдэглэж байгаа нь тэнэглэлийн нэг хэлбэр. Энэ хоёр намынхнаас бусад нь эх орончид биш юм уу, надад хамаагүй баяр юм уу. Намын баяраа Эх орончдын баяр гэж нэрлэж болохгүй шүү дээ. Намын байраа ч Тусгаар тогтнолын ордон гэж нэрлэж болохгүй. Монголоос тусгаар тогтнох гээд байгаа юм уу. Мөн Төрийн ордны хоёр танхимаа Чингисийн, Сүхбаатарын гээд нэрлэлээ. Энэ бол маш буруу. Энэ мэтээр ард түмний санаа бодлыг хувааж болохгүй.
Ерөнхийлөгч үндэсний зөвлөлдөх уулзалт гэж нэг санаачлан зохион байгуулсан. МАН-ынхан зөвлөлдөх уулзалт, “Нэг Монгол нэг зүгт” гэсэн санаачилга гаргаж байсан. Энэ санаачлагыг зөв гэж дэмжиж байгаа. Гэтэл энэ хүрээнд зохион байгуулж байгаа зүйлд АН-ынхан очихгүй юм. Энэ бүх зөрчлийг засах гэж их зовох байх. Хугацаа ч их орно. Эхний ээлжид Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Мөн улс төрийн намууд нь төлөвших шаардлагатай байна.
-Та Сонгуулийн хуулийг батлагдсан даруйд нь нэлээд шүүмжилж Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдэж байсан. Цэцэд албан ёсоор хандсан уу?
-Том гэгддэг хоёр нам дундаа ямар нэгэн гуравдагч хүчнийг оруулахгүйгээр 76 суудлаа хувааж авах хүсэлтэй байдаг. Сонгуулийн хуулийг батлахдаа энэ хүслээ шингээдэг. Энэ нь сая баталсан Сонгуулийн хуулиас ч илэрсэн. Тойрогт нэр дэвшигч нь ялалт байгуулаагүй бол намынх нь авсан саналыг тооцохгүй гэдэг заалт оруулсан. Нэгэнт л холимог системийг сонгосон бол аль алиных нь сонголт цаасан дээр үр дүн болж буух л ёстой.
Мөн сонгуулийн өмнө нөхцөл байдал өөрчлөгдөх юм бол хуулиа өөрчлөх боломжтой болгосон. Одоо энэ боломжоо ашиглаад хуулийн төсөл санаачилчихсан явж байна. Урьд нь сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулиа өөрчилдөггүй хуультай байлаа. Сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн зөрчил үүсгэхээр нэлээд хэдэн заалт орсон. Энэ асуудлаар Цэцэд хандахаар төлөвлөж байсан. Гэтэл өөр олон хүн хандчихсан байсан учраас больсон.
-АН-тай хамтрах тухай асуудал яригдаж байгаа учраас Цэцэд хандахаа болчихсон юм биш биз дээ?
-Үгүй. Тийм зүйл байхгүй. Угаасаа олон хүн хандчихсан байхад би давхар гомдол гаргах шаардлагагүй л дээ. Ямар хүний олноор шийдэх асуудал биш.
-Нөгөөтэйгүүр нам, эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээнээс харахад энэ удаа мөнгөний сонгууль болохооргүй сайн хууль болсон юм биш үү?
-Ямарч сонгууль болсон бай дараагийн УИХ-ын хэлэлцэх анхны бөгөөд цорын ганц асуудал Үндсэн хууль байх ёстой. Энэ өнцгөөс харвал ирэх сонгууль завсарын сонгууль болно. Аль болох олон намын төлөөлөл орж Үндсэн хуулиа цэгцлэмээр. Үндсэн хууль шинэчлэгдэхээр шинээр сонгууль явагдана.
Энэ нь ядарсан эдийн засагт ихээхэн зардал, чирэгдэл болох учир уг нь одоо ард нийтийн санал асуулгаа явуулж, Үндсэн хуулиа батлаад ирэх намар сонгуулиа нэг мөр явуулбал зүгээр. Даанч энэ УИХ ийм эр зориг гаргахгүй биз дээ. Бид чинь 2000 оноос хойшхи бүх сонгуулийг эрдэс баялгийн үнийн өсөлтийн цикл дээр, орж ирэх мөнгөний их урсгал угтаж амлаж сонгуульдсан. Одоо бол өөр шүү дээ. Мөнгөн далайн их усны татарч байгаа цикл дээр лав л хоёр сонгууль хийх байх. Адууныхаа хэрээр исгэр гэж нэг үг байдгийг л бодоцгоох цаг даа.