Ази тивд явуулж буй АНУ-ын дараагийн алхам: Япон-БНСУ-ын холбоо
2016.02.26

Ази тивд явуулж буй АНУ-ын дараагийн алхам: Япон-БНСУ-ын холбоо

Хойд Солонгосын явуулсан пуужингийн ээлжит туршилтаас болж БНСУ, Японы Засгийн газруудад аюулын дохио цуурайтаж байна.

БНАСАУ-ын Засгийн газрын удаа дараалсан өдөөн хатгалтаас болж,  АНУ болон түүний Зүүн Ази дахь холбоотнууд тус улсын дэглэмийн талаар нухацтай хэлэлцэх болжээ. 

АНУ Солонгосын хойгийн асуудлаар Ази-Номхон далайн бүсийн орнуудтай өргөн хүрээний яриа, хэлэлцээр өрнүүлж байна. Үүний нэг илрэл бол АНУ, Япон, БНСУ-ыг багтаасан батлан хамгаалах салбарын хүчирхэг түншлэлийг бий болгох зорилго бүхий гурвалсан холбоо билээ.

Өнөөдрийг хүртэл Япон нь Өмнөд Солонгос улстай түншийн харилцаатай болох нь боломжгүй мэт санагдаж ирсэн.

Өмнөд Солонгос, Японы түүхэн харилцаанаас болж, өдийг хүртэл хоёр орны харилцаа ярвигтай байсан. Мөн БНСУ, БНХАУ-тай хамтрах болсон нь Япон улсыг ихэд түгшээгээд байсан билээ.

Ямар ч байсан өнөөдөр БНСУ-Япон улсын харилцаа бүхий л талаараа сэргэж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абе, БНСУ-ын ерөнхийлөгч Парк Гюн-хи нар нэгдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон.

Тус уулзалтаар олон жилийн туршид хүчтэй маргаан өрнүүлж байсан, олон улсад "Comfort women" гэдгээр танигдсан биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн талаар шийдэлд хүрсэн бөгөөд хэлэлцээр үр дүнтэй өрнөсөн.

Японы талаас дэлхийн II дайны үеэр Солонгос эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулж байсандаа уучлалт хүсч, асуудлыг намжаасан юм. Ингээд хоёр орны харилцаанд саад учруулж байсан нэгэн том бул чулуу алга болов.

АНУ-ын хувьд БНСУ, Япон улсыг хамгаалах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Иймээс тус хоёр оронд АНУ-ын цэргийн бааз байрладаг. Өмнө нь Япон, БНСУ улсуудын харилцаа АНУ-ыг тойрон явагддаг байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж байна. Ерөнхийлөгч Обама бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахаас өмнө тус бүс дэх аюулгүй байдлын гурвалсан шинэ системийг бий болгохоор эрчимтэй ажиллаж байна.

Батлан хамгаалах салбарын шинэ холбоо

Ази-Номхон далайн бүс дэх батлан хамгаалах салбарын сорилтуудтай шинэ аргаар үзэлцэх хэрэгтэй болсон. Ким Чен Уны хийсэн  туршилт амжилттай  болсон. Энэ нь БНХАУ-ын дарга Си Жинпинь түүнд ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүйг нотолсон юм.

Хятадын хувьд цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг хүсэхгүй байгаа нь тодорхой. Иймээс тус улс руу цөмийн хөтөлбөр хэлэлцэх бүрэлдэхүүнээ илгээсэн. Ямар нэгэн бодитой алхам хийхгүй л бол "Зургаан талт хэлэлцээр"-ийн үр дүнд Хойд Солонгосын боломжийг Хятад үгүй хийж магадгүй болоод байна.

АНУ-ЯПОН-БНСУ-ын гурвалсан холбоо нь тус хэлэлцээрийг дахин өрнүүлэх “шинэ хөшүүрэг’ болох боломжтой гэж тайлбарлаж байна.

Гурвалсан холбоо нь тус бүс нутагт АНУ-ын оролцоо байсаар байна гэсэн итгэлийг батлах болсон. Учир нь сүүлийн үед Өмнөд Солонгосын Засгийн газраас тусгаарлагдсан мэт санагдаж байгаа тул өөрийн гэсэн пуужингаас хамгаалах системтэй болох асуудлыг хөндөж тавиад байна. Мөн Япон улсын батлан хамгаалах салбарын хувьсал, дахин цэрэгжилтийн асуудлаар ихэд санаа зовниж буйгаа илэрхийлэх болсон.

АНУ гурвалсан холбооны гишүүн болсноор Солонгосын хойгийн байдал тогтворжихоос гадна бүсийн аюулгүй байдлын үүднээс Япон улсын гүйцэтгэж буй үүргийг зөвөөр ойлгоход дөхөмтэй болж байгаа юм.  

Япон улсын хувьд БНСУ, БНХАУ-ын удирдагч нарын харилцаа илт сайжирсанд сэтгэл зовниж, тусгаарлагдсан мэт санагдах болсон нь нууц биш.

БНХАУ-ын хийж буй цэргийн эрс шинэчлэлт Япон улсын хувьд таагүй мэдээ болж байна. Иймээс Шинзо Абе улсынхаа батлан хамгаалах салбарт шинэчлэл хийхийг зорьж байна. Гэвч Японы сонгогчид 1945 оноос хойш баримталж ирсэн энх тайванч бодлогыг дэмжиж, шинэчлэлийн эсрэг хүчтэй эсэргүүцэл өрнүүлэх болсон.

Гурвалсан холбоо нь Б.Обамад ч ашигтай. Тус хоёр оронтой нэгэн цул мэт ажилласнаар АНУ-ын нуруун дээрх ачаа хөнгөрнө. Мөн гурвалсан холбоо тогтвортой байх нь Зүүн Азийн тогтвортой байдлын үндэс болох учиртай. АНУ-ын нэг зорилго бол Ази тивийг тогтворжуулах билээ. Мэдээжийн хэрэг гурвалсан холбоо нь бүс нутгийн тогтвортой байдлыг дангаар хангаж чадахгүй.

Ази Номхон далайн командлалын ерөнхий командлагч, адмирал Харри Харрис "АНУ нь Ази дахь бодлогын  тулгын чулуу. Өмнөд Солонгос, Япон улсууд нь тус бүс дэх хамгийн чухал түнш бөгөөд гурвалсан харилцааг цаашид улам бэхжүүлнэ" хэмээн мэдэгджээ.

Жинхэнэ гурвалсан харилцаа тйим ч хурдан бий болж чадахгүй. Гэхдээ тус гурван орнууд бага багаар урагшилсаар л байна.