АН зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.02.17

АН зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа. 

-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бол? 

-Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаад ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор гишүүдэд мэдээлэл хийлээ. 

-Ирэх пүрэв гаригийн чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцох уу? Эсвэл АН-ын гишүүдийн ирц бүрдэхийг хүлээх үү? 

-Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж байгаа улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байдаг. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Монгол Улсын Их хурлын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Ингээд сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй.  МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэж байгаа. Тиймээс чуулганы хуралдаандаа оролцоод явна. 

-Ээлжит бус чуулган товлосон хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Хариуцлагын асуудал яригдах уу? 

-Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоногийн хугацаанд үргэлжилдэг бол ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа юм. 

-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохыг дэмжих МАН-ын бүлгийн байр суурь хэвээрээ юу? 

-Бид 2012 оноос хойш томилогдож байгаа сайд нарыг бүгдийг нь дэмжиж байсан. Эсэргүүцэж байсан тохиолдолд байхгүй. Тийм болохоор сайдаар оруулж ирэх хүнийг дэмжээд явна.