Нийслэлийн МАН-ын хороо зудтай аймаг, сумдад туслахыг уриаллаа
Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Тус намын хорооноос зуд зурхантай байгаа аймаг сумдад туслахыг нийт монголчууддаа уриаллаа. Мөн нийслэлд байх Нутгийн зөвлөлүүд энэ асуудалд анхаарч хамтарч ажиллахыг энэ үеэр уриалсан юм.
Нийслэлийн МАН хорооноос өнгөрсөн оны зургаадугаар сарын 22-оос эхлэн иргэдийг нийгэмд чиглүүлсэн хүмүүнлэгийн ажилд уриалж, “Бид хамтдаа сайн үйлсийн аяныг зохион байгуулсан ажээ. Сайн үйлсийн хандивын аяны хүрээнд хуримтлагдсан мөнгө болон эд барааг, зорилтод бүлгийн айл өрх, хүүхэд багачуудад тусламж, дэмжлэг үзүүлэхэд зориулсан гэнэ.
Энэ талаар намын хорооны дарга Ц.Сандуй. “ Монгол Улсын Морин хуурын чуулга болон “Цэцээ Гүн” роторакт клубтэй хамтран 10 оюутан залууст сургалтын төлбөрийн тэтгэлэг болгон нэг оюутанд 2 сая төгрөг нийт 20 сая төгрөгийн тэтгэлэг өгсөн. Мөн 25-р суваг телевизээс санаачилсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг худалдан авах сайн үйлсэд нэгдэж, хандив өргөсөн. Мөн Олон хүүхэдтэй 9 залуу гэр бүлийн амьдрал ахуйтай танилцаж нэг сарын ахуйн хэрэглээ болон хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн” гэлээ.
Иймээс тус намын хороо энэхүү хандивын аянаа цааш үргэлжлүүлэхээр олон ажил төлөвлөөд байгаа гэнэ. Үүний нэг нь зудтай байгаа аймаг сумдад тусламж үзүүлж, хэрэгцээтэй байгаа зүйлээр нь туслах гэнэ. Үүний тулд нийслэлийн иргэд идэхтэй оролцохыг тус намын хорооноос уриалж байна.
Өнөөдөр манай орны 18 аймгийн 50 гаруй сум зудын байдалтай, 100 гаруй сум цагаан зудархуу байгаа ажээ. Бүх нутгаар цасан хучлага 10-40см үүссэн бөгөөд цаашид улам хүндрэх төлөвтэй байна.
Дашрамд дуулгахад тус намын хороо энэ оноос эхлэн нийслэлийн 152 хорооны иргэдтэй уулзах ажлыг эхлүүлжээ.
Мөн түүнчлэн МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ОХУ-д саяхан хийсэн алба айлчлалын үеэр Нэгдсэн Орос намын бүсийн нарийн бичгийн дарга бөгөөд Москва хотын намын хорооны дарга О.А. Смолкинтай уулзаж, 2 хотын намын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцсон талаараа мэдээлэл өглөө.