Намын дарга гарын үсгээ татаж авахыг үүрэгдсэн
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.01.28

Намын дарга гарын үсгээ татаж авахыг үүрэгдсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, намын даргынхаа буянаар парламентын гишүүн болсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд таныг намынхаа даргад өрөө төлөх маягаар л УИХ-д ажилласан гэдэг?

-Монгол Улсын түүхэнд олон Ерөнхийлөгч тодроогүй. Үнэнийг хэлэхэд улс, эх орныхоо тэргүүн байсан хүнийг гадаадад аваачиж бууддаг, алдаг, цөлдөг, ганцаардуулдаг үе Н.Энхбаяр даргаар дуусаасай гэж хүсдэг. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр даргын хувьд эрүүл мэндийн шалтгаанаас болж Солонгост амьдарч, эмчлүүлж байсан. 

Нөгөө талаасаа тэр хүнийг эх оронд нь ирүүлэхгүй байх сонирхолтой хүн ч байсан шүү дээ. Энэ ч утгаараа би түүнийг эх оронд нь ирүүлэх ёстой гэж бодсон. Тууштай ч ажилласан. Одоо ч тэр хэлмэгдүүлэлт нь дуусаагүй юм билээ. Миний хувьд өнөөдөр ямар ч байсан харь газарт байхад нь ч, хоригдож байх хугацаанд нь ч эр хүний жудаг гаргаж, дээр нь энэ хүний өмгөөлөгч байсан гэдэг үүднээс өмөөрч байсан. Өмөөрөх ч болно. 

-Гэхдээ таныг УИХ-ын гишүүн болсныхоо дараа өнөөг хүртэл ганц ч хууль санаачлан батлуулаагүй гэдэг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-УИХ-ын гишүүн болсон хүн дөрвөн зүйлийг хийсэн байх ёстой. Эхнийх нь хууль санаачлах ёстой. Би 26 хуулийн төсөл санаачилсан байдаг. Заримыг нь батлуулсан ч нэг хэсгийг нь гишүүдтэй хамтран өргөн барьсан. Одоо өргөн баригдахаа хүлээж байгаа 7-8 төсөл байна. Гэхдээ хууль санаачилж, бүхэл бүтэн баг ажиллуулна гэдэг амаргүй. 

Хоёрдугаарт, хуулиа сурталчлах ёстой. Би зөвхөн сүүлийн хагас жилийн хугацаанд л гэхэд 50 мянга гаруй километр замыг туулсан байна. Тэр хэрээр олон хүнтэй өөрийн биеэр очиж уулзаж, ярилцсан. Гуравдугаарт нь хяналт, шалгалтыг хийх ёстой. Би хуулийн бүх байгууллагад хяналт, шалгалтыг хийсэн. Сүүлийнх нь ард түмнийхээ дуу хоолой болж, үнэний талд зогсож, иргэдийнхээ төлөөлөл гэдгээ харуулах үүрэгтэй.

-Таны хувьд тэрхүү үүргээ хэр сайн биелүүлсэн гэж бодож байна вэ?

-Хангалттай сайн гүйцэтгэсэн гэж боддог. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд одоо надад томилолт өгөхгүй гэсэн.

-Яагаад?

-Саяхан улсын ажлаар томилолтоор явах хүсэлт гаргасан. “Хувийнхаа мөнгөөр яваарай” гэдэг хариу өгсөн. Манай УИХ-ын дарга З.Энхболд ноён зангаа тавиагүй байх шиг. Эсвэл үнэхээр өөрийгөө миний дарга гэж ойлгодог юм уу, мэдэхгүй.

Би хувьдаа тэр хүнийг даргаа гэж боддоггүй. Бидний нэг л гэж ойлгодог. Бидний нэг учраас бүх хүнтэй тэгш харьцаасай л гэж хүсч байна. Ямарваа нэг ажлын хэсгийн хурал дээр хүртэл асуулт асууж, хариулах эрхийг маань хааж байна. Ингэж хурал удирдаж болохгүй биз дээ.

-Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Та тэр тогтоолд гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Мэдээж огцрох үндэслэл байсан болоод л гарын үсгээ зурсан байх гэж бодож байна?

-Би гарын үсгээ анх санаачилсных нь дараа л зурсан. Түүнээс биш нэг өдрийн дотор гарын үсгээ зураад өргөн барьчихсан юм биш. Тухайн үед “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд “Дубайн гэрээг тогтсон хугацаанд нь өөрчлөхгүй бол хариуцлага тооцох хэрэгтэй” гэх шийдвэрийг гаргаж, санал нэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, би өөрийгөө бүлгийнхээ байр суурьтай нэг байгаа гэж ойлгож байна. Тэр ч битгий хэл, “Шударга ёс” эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Оюутолгойн гэрээгээр Монголын эзэмших хувийг 51 болгохыг тусгасан. Уг нь Оюутолгойг өөрчлөх хоёр арга байсан. Нэг нь, гэрээг хууль зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгон дахин хэлэлцээрт орох. Нөгөө нь, эсрэг тал гэрээний процессийн явцад үүргээ биелүүлээгүй бол буруутай этгээдэд хариуцлага тооцох. Ийм л хоёр арга байсан.

Тодруулбал, банк санхүүгийн зөрчилгүй гэдгээ нотлохыг шаарддаг. Санхүүгийн зөрчилтэй эсэхийг нотлох Ажлын эхсэг хүртэл гаргасан. Шадар сайд болон Сангийн сайд, Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг зөрчилтэй гэдгийг нь тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Биднийг шүүхэд өгвөл яах юм бэ" гэх утгатай зүйлийг ярьж байна.

Үнэхээр буруугүй бол Арбитрын шүүхэд очихоосоо айх хэрэггүй. Буруутай бол айх нь зөв. Зөрчил байсаар байхад зөрчилгүй гэж хэлж баталгаа өгөх шаардлагагүй байсан. Уг нь бол маш энгийн ойлголт шүү дээ. Гэтэл ийм зүйлийн төлөө ч гэсэн дуугарч болохгүй болчихсон юм уу, мэдэхгүй. Гал тогоонд нь суугаад ганган гоё үзгээр үг, өгүүлбэрийг нь засаад явж байгаа хүнтэй бид аль улсын Ерөнхий сайд вэ гэж ярихгүй яах юм бэ. Би ийм л зүйлийг хэлээд байгаа юм. Миний энэ хэлсэн үг хэзээ нэгэн цагт үнэд орно.

-Үнэд орохыг нь яаж мэдэж байгаа юм бэ?

-Би хуульч хүн. Гэрээний эрхзүй, хэлэлцээр хийх урлаг гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухааныг тодорхой хэмжээгээр үнэрлээд гарсан. Тийм болохоор л ийм алтан боломжийг алдсанд нь харамсаад байгаа юм. Энэ ч утгаараа Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсгээ зурсан. Түүнээс биш Ч.Сайханбилэг гэдэг нөхрийг зайлуулах гэж зураагүй.

-Намын дарга тань таныг гарын үсгээ татаж авахыг үүрэгдсэн юм биш үү. Татаж аваагүй тохиолдолд намаасаа хөөх хүртэлх арга хэмжээг авахаа ч илэрхийлсэн гэдэг. Энэ үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Гэхдээ би яаж ч байсан нэрээ татаж авахгүй. Тийм ч боломжгүй.

-Яагаад тэр вэ?

-Хэрвээ би буруу зүйл ярьж, түүн дээрээ гарын үсэг зурсан бол хамаа алга. Бусад нь намайг юу гэж бодсон ч хамаагүй нэрээ татаж авч болно. Гэхдээ зөв зүйл дээр гарын үсгээ зурсан болохоор нэрээ татахгүй. Харин ч эсрэгээрээ намынхаа журмын нөхөд болон УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг Ерөнхий сайдыг огцруулах санал дээр нэгдэхийг хүсч байгаа. Тэд л тухайн үед гадаадаас мөнгө босгож, өнөөдрийн бүхий л алдаа, зөрчлийг гаргасан биз дээ. Үнэхээр би бусдын яриад байгаа шиг буруу зүйл ярьж байгаа бол, намайг буруу ярьж байна гэж бодож байгаа бол больчих шиг амархан зүйл байхгүй.

-Өршөөгөөрэй, яг юуны талаар яриад байна. Юуг болих гэж вэ?

-Заавал нам, эвсэлд байх албагүй.

-Нэг үгээр хэлбэл, намаасаа гарсан ч хамаагүй гэж үү?

-Тийм ээ. Гэхдээ намын дэмжигч, иргэд гэж бий. Тэр хүмүүст би итгэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол хүний саруул ухаанд итгэж байна гэх үү дээ. Гэхдээ бид Ардчилсан нам шиг жижигхэн улстөр хиймээргүй байна. Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно ч гэх шиг. Өнөөдөр банкны системд УИХ-ын дарга нь оролцож байна гэдэг аймшигтай. Монгол Улсын Ерөнхий сайд бол асуудлыг ярьж болно. Гэхдээ л Монголбанк хараат бус байгууллага. Хараат бус байлгахын тулд УИХ-ын дэргэд авч ирсэн байдаг. Бид бол хэлмэгдүүлэлтийг зогсоох гэж явсан. Тавантолгой, Оюутолгойн асуудлыг хөндсөн.

-Ингэхэд шийдлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоолын төслөөр далимдуулж улстөрийн нам, эвслүүд “шантааж” хийгээд байгаа юм биш биз дээ?

-Юу гэсэн үг вэ.

-Г.Уянга гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг МАН-ын бүлэг дэмжиж байгаагаа мэдэгдсэн. Танай нам ч ялгаагүй ерөнхийд нь дэмжиж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, хоёр намын хооронд албан тушаалын тохиролцоо хийчихсэн болохоор засгийг унагах сонирхол байгаа юм биш үү?

-Би тэгж бодохгүй байна. Хэрэв ямар нэгэн шантааж байсан бол Н.Энхбаяр дарга намайг огцруулах төслөөс гарын үсгээ татаж ав гэж хэлэхгүй байсан. Харин ч огцруулаарай гэх байсан шүү дээ.

-Гэхдээ л Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайдад Ц.Оюунбаатарын нэр яригдаж байна. Үнэхээр л албан тушаалын наймаа, “шантааж” байхгүй юм бол танай намынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Манай бүлгээс мэдэгдэл гаргасан шүү дээ. Нэг үгээр хэлбэл, одоогийн Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг байр сууринд нэгдсэн. Одоогийн засагтайгаа байх сонирхол Н.Энхбаяр даргад бий. Тиймээс үүнийг ямар нэгэн улстөрийн шантааж маягаар харж, ойлгох хэрэггүй гэж бодож байна.

-Таныг АН-ын гар хөл болсон гэж хардах хүн нам дотор чинь байгаа юм биш үү. Намын дотоод зөрчлөөс болж, дэд сайдын албыг хашиж байсан Б.Тулгатай хүртэл түнжин хагарсан гэх юм билээ?

-Ардчилсан намын гар хөл биш, тэд харин ч намайг “Гишүүнээс нь болиулах хэрэгтэй, энэ нөхөр аюултай” гээд бүлгийн хурлаараа хэлэлцэж, тэр хэрээр намайг үзэн яддаг хүний тоо нэмэгдсэн шүү дээ. Үүнийхээ илрэл болгож УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны даргын суудлаас минь хүртэл хугацаанаас нь өмнө татан буулгасан. Тухайн үед намайг томилолтоор явсан байхад ийм шийдвэр гаргачихсан байсан. Уг нь, хүн ёсоор надад хэлж болох л байсан. Гэтэл тэд тэгээгүй. 

Өнөөдөр улстөрийн ямар ч нам, эвсэл эх орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал болон эдийн засгаа сайжруулахын төлөө ажиллах ёстой. Яах вэ, өв тэгш хүн гэж байхгүй хойно хоорондоо зөрчилдөж, маргаан үүсгэх асуудал байхыг үгүйсгэхгүй. Амьдрал их баян шүү дээ. Тиймээс өнөөгийн улстөрийн намууд зөвхөн том эрх ашгийг л харж, ажиллах хэрэгтэй.

-Та маш товчхон хариулаарай. Засаг уналаа гэж бодоход дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ?

-УИХ-ын дарга З.Энхболд болно. Энэ хүн хэзээ ч Дубайн гэрээг өөрчлөхгүй. Зүгээр л намын дарга, Ерөнхий сайдаа л баталгаажуулах байх гэж бодож байна. Өөрчлөхгүй байж болно. Гэхдээ гурван толгойтой Ерөнхий сайд байж болохгүй. Нэг л толгойтой байх ёстой. Тиймээс З.Энхболд нь Ерөнхий сайдаа хийж, Ардчилсан нам хариуцлагаа албан ёсоор үүрэх хэрэгтэй. Бүх эрх мэдлээ өөрсдөө авсан атлаа хариуцлагаас зугтчихаж болзошгүй. Тиймээс л үүнийг нэг талд нь гаргах хэрэгтэй.

-Хагас жил ч хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Харин гишүүнийхээ хувьд Сонгуулийн тухай хууль дээр ямар бодолтой явна вэ?

-Нэгэнт баталчихсан хууль. Сайн, муу гэж ярихаасаа илүү хэрхэн хэрэгжүүлэхээ л бодох хэрэгтэй. Энэхүү хуульд ололттой зүйл бий. Алдаатай зүйл ч бий. Уг нь энэ хуулийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Харамсалтай нь, хууль санаачлагч хүн ажлын хэсэгт байж болохгүй гээд оруулаагүй.Зарчмын гол зүйл дээр намайг оруулаагүйд би дургүй байсан. Тийм ч болохоор өөрийнхөө бүлгийг ч тэр, намын даргаа ч тэр завсарлага авах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Гэсэн ч олонхоороо хуулиа дагаж мөрдөх хэрэгтэй гээд баталсан.