2025.05.26

Б.Дэлгэрсайхан: "Даахгүй нохой булуу хураана" гэдэг шиг, нэг компанид 3,4 тендерийг зэрэг өгдөг, тэгээд замын ажлаа дуусгаж чадахгүй байна

УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын асуултад Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариуллаа.

Идэрбат гишүүнийхээ асуултад хариулъя аа. Энэ нөгөө бидний "тамын 50" гэж нэрлэгддэг 50 км замын тендер. 2025 оны 1 сарын 24-ний өдөр тендерийн материал 8 компани ирүүлсэн, 8 компанийн саналыг нээсэн. Захиалагчийн шаардлагад нийтдээ 6 компанийн хосолсон үнэлгээний тайланг, Дэлхийн банк руу 5 сарын 22-ны өдөр явуулсан. Удахгүй Дэлхийн банк хариугаа ирүүлнэ. Дэлхийн банк хариугаа ирүүлэнгүүт, ЗТЯ гэрээ хийгээд, энэ ажил эхэлнэ гэдгийг хэлье. Энэ бол мэдээж их удчихсан ажил. Тэрийг маш сайн ойлгож байгаа. Сая Ц.Идэрбат гишүүн тендерийн араас явахлаар буруу гэж ярилаа. Ер нь өөрсдийнхөө тойрог дээр байгаа замын асуудал, энэ том бүтээн байгуулалтын асуудал дээр гишүүд өөрсдөө явахгүйбол энэ бүтэхгүй. Би шууд хэлье, энэ худалдан авахын газар унтуулж, унтуулж байгаад яг цагийг нь тулгаад шалгаруулалт хийдэг. Тэр нь болсон болоогүй ингээд явдаггүй. Жишээлбэл Бичигт, Сүхбаатарын чиглэлийн 150км зам үндсэндээ хүчингүй болчихлоо. Гомдол гаргасныг нь Сангийн яам үндэслэлтэй гэж үзсэн.

"Монгол зам" групп компани нь өөрөө, өмнө нь 3, 4 том ажил авчихсан. Жишээлбэл одоо Норовлин,Баянуул 68,3км, тэгээд Ульхан гээд. "Даахгүй нохой булуу хураана" гэж ингээд худалдан авах нь. Нэг компанид 3,4 тендерийг зэрэг өгөөд байгаа юм. Ямар учраас ингэж өгөөд байгаа юм бэ, наадах чинь баригдахгүй болох нь . Зам тээврийн яам үүнийг болиулах гэхээр, бид нарыг эрх ашгийн зөрчилтэй юм шиг хардаад байгаа учраас, гишүүд үүнийхээ араас өөрсдөө явах хэрэгтэй. Энэ худалдан авах дээр хулгайч нар байгаа, би нэр устай нь хэлнэ. Аргаа ядаад өнөөдөр АТГ бичиг хийж өгөх гээд сууж байна. Барихгүй мөртөө ингээд бүх тендерийг аваад дараад хэвтчихдэг, зам хугацаандаа баригдахгүй. Сүүлд нь барихгүй буруу нь хаана ирэх вэ гэхлээр, ЗТЯ-нд ирдэг дээр ирдэг юм.