Зээлийн хүүг таван хувь болгох нь улс орон, эдийн засгаа бодсон ажил биш
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр МАН засагт хамтарч байх үед Сангийн сайдаар ажиллаж байсан. Тиймээс эдийн засгийн өнөөгийн байдал болоод бусад асуудлаар бидний яриа өрнөсөн юм.
Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал талаас нь харах ёстой
-Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлж, орон нутгийнхыг хумих талаар ярьж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн эрх барих тогтолцоо төвлөрөлдээ зориулж хийдэг зүйл биш. Дэлхий нийтэд ч ийм жишиг бий. Ялангуяа өргөн уудам нутаг дэвсгэртэй манай оронд газар нутгаа сахиад сууж байгаа хүмүүсийн буруу биш. Улаанбаатарт төвлөрөл бий болгосон, нийслэлд ажиллаж амьдарч буй иргэдэд давуу эрх олгодог. Нутагтаа бууриа сахиад үлдсэн хүмүүс эрх эдэлдэггүй нөхцөл байдлыг бий болгож болохгүй. Аль ч улс орон хил хязгаараа хамгаалдаг. Манайхны үлгэр жишээ аваад байдаг АНУ-г хар л даа.Газрын зураг дээрээс харахад бүх том хотууд нь хилээ дагаад байдаг. Энэ нь тухайн орны аюулгүй байдал, тусгаар тогтнолыг ард иргэдээрээ сахин хамгаалуулж байгаа нэг хэлбэр.
Манайх тийм биш байна. Нийслэл рүүгээ нүүж ир, тэгвэл та бүхний төрд оролцох оролцоо нэмэгдүүлж өгье гэх зарчмыг хэрэгжүүлэх гээд байна. Бид өнөөдөр дэлхийн нийтийн жишгээс хазайх үйл ажиллагаа явуулж болохгүй. Тиймээс би үүнтэй санал нийлэхгүй байна. Тэр бүү хэл ард иргэдтэй орон нутагт уулзалт зохион байгуулж байхад УИХ-д биднийг төлөөлөх хүмүүсийг нэмэгдүүлж өгөөч гэж ярьдаг. Одоогийн оруулж ирж яригдаж байгаа зүйлээр тэднийг төрд үгээ хэлэх бололцоог хумихаар ярьж байна. Үүнд харамсаж байна.
-МАН олон санал авдаг тойрогт мандатын тоог хасах гэж байна гэх зүйл яригдаж байсан.
-Үүнд улс төрийн талаас бус улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал талаас нь тайлбар хэлэх ёстой.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг санаачилж, өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Дэмжиж болохгүй ямар зүйл заалтууд байв?
-Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй танилцахад улс төрийн намын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хуулиар зохицуулах гэж оролдсон байсан. Хоёрдугаарт, санхүүжилтийн асуудлыг ч мөн адил. Улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор тусгасан байсан. Бүх зүйлийг төсөв даагаад хариуцаад явдаг тогтолцоо руу Монгол Улс орвол дийлэхгүй. Энэ төсөв дээр ирэх томоохон ачаалал болох байх. Жилд намуудад 200 гаруй сая төгрөгийг төсвөөс өгөх нь. Ингэхдээ улс төрийн намын олсон бүх орлогын нэг төгрөг тутамд 0.3 буюу 30 мөнгө өгөх юм билээ. Тэгэхээр улс төрийн намын ямар орлого олж болох вэ гэхээр гишүүдийн хандив, татвар, байраа худалдсан, түрээслэсэн, аж ахуйн бизнесийн үйл ажиллагаа явуулж болно гэж байгаа. Энэ үйл ажиллагааных нь нэг төгрөг тутамд олгох юм билээ.
Улс төрийн 20 гаруй намын явуулсан үйл ажиллагаанд зориулж олгох улсын төсөвт төсөвлөсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй. Улс төрийн намын гишүүнчлэлийн асуудлыг энэ хуулинд нэлээд тусгаж өгсөн байсан. 3000-аас доош хүн амтай суманд улс төрийн нам үйл ажиллагаа явуулахгүй гэж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймаг 17 сумтай. Үүний 6-7 суманд нь улс төрийн намын анхан шатны нэгж байж болохгүй нь. Монгол Улсын иргэн бүрийн эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна. 3000-аас доош хүн амтай суманд улс төрийн нам байгуулахгүй гэдэг нь тэнд амьдарч байгаа хүний буруу биш. Тиймээс өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, намын харьяалалд байх эсэх асуудал нь хуулиар зохицуулагдсан Үндсэн хуулиас зөрсөн асуудал болох гээд байсан юм.
Эрэлтийг зохиомлоор бий болгохын тулд хүүг таван хувь болгох гэж байна
-Инфляци буурсан учраас ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохоор ярьж байна. Гэтэл эдийн засаг сайжраад инфляци буураагүй шүү дээ. Нөгөөтэйгүүр ганцхан салбарын хүүг ярьж байгаа нь эдийн засгийн онолыг зөрчиж байгааг зарим эдийн засагч хэлж байсан?
-Инфляци буурснаар зээлийн хүү буурч байна гэж тайлбарлаж байсан. Энэ эдийн засгийн онол талаасаа зөв. Гэхдээ өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдал маань ямар байна вэ гэдгийг нэг талдаа харах ёстой. Нөгөө талдаа ипотекийн зээлийн хүүг бууруулж болно. Болохгүй зүйл биш. Хэрэв онолынх нь хүрээнд инфляци буурч байгаа тохиолдолд хүү буурах ёстой бол дагаад зээлийн хүү ч давхар буурах ёстой. Ипотекийн зээл гэдэг нэг талдаа ард иргэдэд дэмжлэг үзүүлж байгаа ч нөгөөтэйгүүр ганцхан салбарыг дэмжиж буй хэлбэр.
Монгол Улс зөвхөн барилгын салбарыг дэмжсэнээрээ улс орны үйл ажиллагаа хэвийн тогтвортой явахгүй. Тиймээс бусад бизнесийн салбарыг, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа энэ үед онолын хүрээнд явах ёстой бол бусад салбарын бизнесийн зээлийн хүүг ч гэсэн бууруулах ёстой. Тэгж байж хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Гэтэл ганцхан салбарыг дэмжиж зээлийн хүүг бууруулаад бусад салбарт энэ асуудлыг ярихгүй байна гэдэг нь эдийн засгийн онолыг зөрчиж байна гэсэн үг. Онолыг ганцхан салбарт тулгуурлаж тайлбарлаж болохгүй. Тиймээс хүү буурвал бүх салбарт адил тэгш үйлчлэх ёстой.
Хэрэглээний бууралттай холбоотой инфляци буурсан. Мөн өрхийн орлогын бууралттай холбоотой. Түүнээс эдийн засаг сайжраад үйлдвэрлэл нэмэгдээд буурч байгаа юм биш. Та бүхэн ч эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг харж байгаа байх. ДНБ-ий хэмжээ жилд хэдэн хувиар өсч байлаа, одоо хэд болоод байна. Тэгвэл энэ нь эдийн засаг сэргээд сайжирснаараа инфляцийн бууралт болж байгаа юм биш. Хэрэглээ хумигдсанаараа буурч байгаа бууралт юм.
-Бусад салбарын зээлийн хүүг давхар бууруулах ёстой гэж байна. Гэтэл тэр зээлүүдийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээс олгодог. Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулж байж бусад зээлийн хүү дагаад буурах юм биш үү?
-Хадгаламж гэдэг иргэдийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг татаж авчраад түүнийгээ төвлөрүүлээд тэндээсээ бусдад зээл өгч байгаа. Энэ бол арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа. Нөгөө талдаа Монголбанкнаас бодлогын хүүгээр бусад банкинд санхүүжилт олгодог. Тэгвэл төв банк энэ хүүгээ давхар бууруулах ёстой. Ер нь инфляци буурсан ч эдийн засаг сайжраагүй байна гэдэг маань иргэдийн гар дээр сул, чөлөөтэй мөнгөн хөрөнгө байхгүйг илэрхийлж буй хэрэг. Тиймээс эдийн засаг сайжраагүй, банкинд эргэлтийн хөрөнгө бий болоогүй байгаа тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжгүй.
-Ипотекийн зээлийн хүү таван хувь болчихвол эргээд эдийн засагт гарах сөрөг үр нөлөө бий юү. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл эргээд нийт эдийн засгаа татаж унагах эрсдэл байна уу?
-Эдийн засаг эрэлт нийлүүлэлтийн зарчим. Тэгэхээр орон сууцны зээлийн хүү найман хувь байхад хүмүүс яагаад байр авахгүй байв гэхээр эрэлтгүй байсан гэсэн үг. Харин эрэлтийг бий болгохын тулд хүүг нь таван хувь болгоё гэж байгаа юм. Эрэлт бий болоод ирэхээр нийлүүлэлтийн хэмжээг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ. Гэтэл нийлүүлэлт нь хангалттай болсон учраас эрэлтийг зохиомлоор бий болгох гэж хүүг таван хувь болгох гэж байна. Нөгөө талаар эрэлт нийлүүлэлтийн зарчимдаа тулгуурлаж үнэ тогтож байдаг. Эрэлт багассан учраас үнэ буурч байхад эрэлтийг зохиомлоор бий болгох гэж байна. Тиймээс эдийн засгийн үндсэн онолоосоо хазайсан зүйл яриад байна.
-Тэгэхээр...?
-Хямд үнэтэй байрыг найман хувиар авах, өндөр үнэтэйг нь таван хувиар авах хоёрын зөрүү гарна. Таван хувь гэдэгт иргэдийн сэтгэл ханамж бий болчихоод байгаа болохоор өндөр үү, хямд уу гэдгийг тооцож үзэхгүй байна. Угтаа хямд үнэтэй байрыг найман хувийн хүүтэй авснаар тухайн хүн цөөн жилийн дотор өрнөөс сална. Харин өндөр үнэтэй байрыг таван хувиар аваад олон жилийн хугацаанд төлөх нөхцөл рүү түлхчихэж байна. Тиймээс хүү бууруулна гэдэг бол алдаа.
Бага хэмжээний зээлийг таван хувь болгож улс төрийн шоу хийж магадгүй
-Таван хувь болговол Монголбанк мөнгө хэвлэх үү. Гурван хувийн зөрүү гарна шүү дээ. Төвбанкны Ерөнхийлөгч мөнгө хэвлээд үр ашгаа өгсөн гэж ярьж байсан санагдана. Мөнгө хэвлэх нь төгрөгийн ханшийг улам сулруулаад байгаа шүү дээ?
-Монголбанк өмнө нь мөнгө хэвлэхэд Монгол Улсын валютын нөөц их байсан юм.Мөнгө хэвлэнэ гэдэг нь валютын эх үүсвэртэй байхад хийдэг алхам. Учир нь, валютын ханшийн өөрчлөлтийн эрсдэлийг дааж чадах тохиолдолд л мөнгө хэвлэдэг юм шүү дээ. Харин өнөөгийн нөхцөлд манайд ийм боломж байхгүй. ЦаашидМонголбанк мөнгө хэвлэхгүй байх гэж найдаж байна.
-Таныг Сангийн сайд байх үед ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох талаар яриа өрнөж байсан уу. Энэ талаар ямар нэгэн судалгаа хийсэн зүйл бий юү?
-Орон сууцны зээлийн хүүг бууруулах бололцоо бий юү гэвэл бий. Харин яаж вэ гэдэгт асуудал байгаа. Бүх зээлийг таван хувь болгох гэж байгаа бол түүнд зориулсан санхүүжилт зайлшгүй хэрэгтэй болно. Цаашид яаж таван хувьд нь байлгах вэ гэдэгт ч асуудал гарч ирнэ. Тэгэхээр өмнө нь олгосон найман хувьтай зээлийнхээ эргэн төлөлтийг таван хувьд шилжүүлээд бага хэмжээний мөнгийг таван хувь болгосон гэдэг байдлаар улс төрийн шоу хийж магадгүй. Эсвэл Монголбанк дахин мөнгө хэвлэн эх үүсвэр бий болгож олон хүнийг хамруулсан байдлаар таван хувьд шилжүүлэх гэсэн хоёр л гарц бий. Намайг Сангийн сайд байхад ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох асуудлыг ярьж байгаагүй. Одоо ингэж яриад байгаа нь эдийн засгийнхаа бодит байдлыг буруу үнэлсэн юм болов уу гэж харж байна.
-Орон сууцны зээлийн хүүг бууруулах нь сонгуулийн шоу гэсэн үг үү?
-Энэ цэвэр сонгуульд зориулсан ажиллагаа. Түүнээс улс орноо, эдийн засгаа бодсон ажил огт биш. Зээлийн хүүг гурван хувиар бууруулж байгаа юм бол Монголбанк бодлогын хүүгээ яагаад ийм хэмжээгээр бууруулахгүй байгаа юм. Нэг л хувиар буурууллаа шүү дээ.
Монголбанкны бодлогын хүү буурснаар бусад арилжааны зээлийн хүү буурах ёстой. Түүнээс ганцхан инфляци буурснаар ипотекийн хүү буурна гэсэн ойлголт биш. Эдийн засгийн онолд байхгүй зарчим юм. Хүүг бууруулах нь урт хугацаандаа баталгаагүй ажил. Сонгуулийн үеэр баталлаа гэхэд цаашид эрсдэлтэй.