Хүүхдийн мөнгийг “халтуурдаж” байна гэв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ. Энэ нь 2016 оноос эхлэн хүүхэд бүрт ялгаваргүй сар тутамд 20 мянган төгрөг олгох тухай асуудал юм. Хүүхдийн мөнгийг 0-18 хүртэлх насныханд олгоно.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2016 оны төсвийн тодотголтой цуг оруулж ирэхгүй болохоор эх үүсвэр талд хүндрэл гарч, нэг хүүхдэд 12 мянган төгрөг олгох болж байгаа. Энэ асуудлыг анхаарах ёстой” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Хүүхдийн мөнгийг халтуурдаж байна. Энэ бол чухал асуудал Сангийн сайд байх ёстой. Хэрвээ гадаадад ажиллаж байгаа бол Ерөнхий сайд асуудлаа байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Санхүүгийн эх үүсвэрийг нь гаргаагүй байгаа. 2016 оны төсвийн тодотголыг цугт нь оруулж ирэх шаардлагатай байсан. Засгийн газар хариуцлагаггүй хандсан. Төсвийн байнгын хорооноос тогтоолыг буцаах нэг хэцүү, байх нэг хэцүү, хойшлуулъя гэх нь бас хэцүү байна” гэлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Засгийн газарт 2016 оны төсвийн тодотголыг оруулж ир гэдэг чиглэлийг өгье” гэх байр суурь илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт “2016 оны төсвийн тодотголыг оруулж ирэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ өнөө маргаашгүй хүүхдийн мөнгө өгөх зайлшгүй шаардлага үүссэн учраас тогтоолоо анхны хэлэлцүүлгээр нь батлах саналтай байна” гэв.
Зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хүүхдийн мөнгийг тэгш олгох дээрх тогтоолыг УИХ-аар анхны хэлэлцүүлгээр нь батлах бололцоотой болоод байна.