Мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах нь бидний зорилго
Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Монголд интернетийн үйлчилгээ нэвтэрсний 20 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газраас төр, бизнесийн төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, ахмадуудыг оролцуулсан салбарын нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулахад оршиж байна.
/Монгол тв/
Өдөрлөгийн үеэр Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас дараах тодруулгыг авлаа.
- Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн өдөрлөгөөр та бүгд ямар асуудлыг онцлон ярилцаж, харилцсан санал солилцож байна вэ?
- Жил бүрийн нэгдүгээр сард Мэдээлэл технологи,шуудан харилцаа холбооны газар нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Энэ жил бид 2012-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж 2016 оны ажлаа төлөвлөлөө. Бид өнөөдөр зөвхөн аливаа технологийг хэрэглэх болон интернэтийн орчныг ярих бус цаашид хэрхэн зохистой хэрэглэх, яаж хамгаалах болон аюулгүй байдлаа хамгаалах вэ хэмээн ярилцах түвшинд хүрсэн байна. Тиймээс энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж мэдээллийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг дэмжих жил болгон зарлалаа.
- Тэгвэл мэдээлийн аюулгүй байдлыг хангахад хэрхэн ажиллах шаардлагатай вэ?
- Нэг технологи нэвтрэхэд түүнийг дагаж хийгддэг зүйл. Өөрөөр хэлбэл нэг еэвэнгийн хоёр тал гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал нь цаг тутамд хийгдэж байдаг учир Монгол Улс мөн л стандартын дагуу ажилладаг. Харин үүнийг цаашид илүү сайжруулж, өндөр түвшинд гаргах зорилтыг тавьж байна.
- Мэдээллийн зохистой хэрэглээг дэмжих жил болголоо. Тэгвэл мэдээллийг зохистой хэрэглэх талаар танай газраас ямар ажил өрнүүлж байгаа вэ?
- Хамгийн энгийн жишээ хэлье. Нэг гэр бүл дээр мэдээллийн зохистой хэрэглээг авч үзвэл танай гэр бүлд хэдэн хүн байна. Тэдгээр хүмүүсийн хэд нь насанд хүрсэн хэд нь насанд хүрээгүй вэ. Тэгвэл насанд хүрээгүй хүмүүст юу үзвэл хориотой вэ гэдгийг зохицуулах тухай асуудал. Гэвч үүнийг айл өрх бүрийн гишүүдэд хандаж ойлгуулж чадахгүй. Харин сургалт, сурталчилгаа,мэдээллээр дамжуулж олгох нь зүйтэй юм. Тиймээс бид энэ онд www.yaj.mn вэб хуудас ажиллуулах гэж байна. Тус вэб хуудсанд хүүхдийн контент гэж ямар байх ёстой вэ, гар утсаа хэрхэн шинэчлэх вэ зэрэг “яаж” гэсэн технологийн бүх л асуултад хариулт өгөх сургалтын портал ажиллана. Үүгээр дамжуулж иргэдэд технологийн мэдээлийг хүргэнэ.