Дугаартайгаа шилжих үйлчилгээг удахгүй хэрэгжүүлнэ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа
2016.01.13

Дугаартайгаа шилжих үйлчилгээг удахгүй хэрэгжүүлнэ

Дугаартайгаа шилжих үйлчилгээний тухай Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас тодрууллаа.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээний ажлын явц ямар байна вэ?

-Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар нь дугаартайгаа шилжих үйлчилгээний бодлогыг өнгөрсөн онд боловсруулсан. Хэрэгжүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцан хийх юм. Одоогоор тус хороо дундын операторын сонгон шалгаруулалтыг хийж байгаа.

-Дундын оператор нь ямар үүрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Энэ нь бусад оператор шиг дугаар зардаг үүрэн телефоны тав дахь оператор гэж ойлгож болохгүй. Дугаартайгаа шилжих үйл ажиллагааны зохицуулагч, зуучлагчийн үүргээр ажиллана. Тодруулбал, “А” операторын хэрэглэгч “Б”-д шилжихээр бол дундын операторт хандан хүсэлтээ өгч, шийдүүлэх юм. 

-Оператор хооронд шилжихэд төлбөр төлнө гэсэн үнэн үү?

-Өөр операторт шилжихэд тодорхой хэмжээний төлбөр төлнө. Ажлын хэрэгжилт эхлэхээр төлбөрийн хэмжээг тодорхойлно. Мөн иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс аль болох түргэн хугацаанд шийдвэрлэх болно.

-Хэзээнээс хэрэглэгчид энэхүү үйлчилгээг авч эхлэх вэ?

-Судлах, шийдвэрлэх зүйл нэлээд байсан учраас хэрэгжих хугацаа тодорхой хэмжээгээр хойшлоод байсан. Энэ оны эхний улиралд багтаан хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

-Ингэснээр хэрэглэгчдэд олон давуу тал үүснэ гэж байгаа. Харин оператор компаниудад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Олон улсын жишигт дугаартайгаа шилжих нь энгийн үзэгдэл болсон. Иргэн тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд өөр операторыг сонгодог. Манай улсын хувьд үүрэн телефоны үйлчилгээ нэвтрээд 20 жил болж байна. Харьцангуй хурдтай хөгжиж байгаа энэ салбарт шинэ үйлчилгээ нэвтрүүлэх цаг үе нь ирсэн гэж бодож байгаа. Оператор компаниудад эерэг, сөрөг нөлөө үзүүлнэ. Эхний удаад техник технологийн шинэчлэлд зардал нэлээд гарна байх. Мөн хэрэглэгчийн тоонд өөрчлөлт орно. Гол нь зах зээлийн журмаар эрүүл өрсөлдөөн бий болно.

-Сүлжээгүй болсон үед өөр операторын сүлжээг ашиглаж болох шинэ үйлчилгээг мөн нэвтрүүлэхээр ярьж байсан. Үүний тухай дэлгэрүүлж өгөхгүй юу?

-“Үндэсний сүлжээ” буюу “National roaming” үйлчилгээ нь “А” операторын хэрэглэгч сүлжээгүй болсон үед “Б” операторын сүлжээг ашиглаж болох үйлчилгээ. Орон нутагт энэ асуудал нэлээд гардаг. Тиймээс үүнийг шийдэхийн тулд “Үндэсний сүлжээ”-г санаачлан судалгааны ажил хийж байна.