Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үнэгүй Wi-Fi-тай болно
ҮЦХ-ийн дарга Б.Саранчимэг Эко танхимыг нээх ёслолд оролцлоо. Тэрбээр Эко номын сангийнхаа нээлтийг хийснээс гадна өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн юм.
Б.Саранчимэг "Анх таван жилийн өмнө 27 ажилтантай, таван хүрз, таван бээлийтэй, дэд бүтэцгүй худаг ч үгүй байхад ажлаа эхэлж байлаа. Тэр үеэс хойш бид эрдэмтдийн зөвлөлтэйгөө хамтраад ажиллаж эхэлснээр таван жилийг үджээ. Одоо бол 113 ажилтантай, иргэдийн маань ирдэг, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлсэн газар болж чадсан.
Өнгөрсөн хугацаанд бид бүтээн байгуулалт хийхээс гадна иргэдийнхээ экологийн боловсролд зориулсан олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Үүний нэг бол өнөөдөр нээлтээ хийж буй Экологи мэдээлэл сургалтын төв юм.
Энэ номын санд нийт 500 орчим экологийн болон тогтвортой хөгжлийн талаарх судалгааны материал, гарын авлагууд цугларсан.
Бид төслийнхөө хоёр дахь шатыг цахим хэлбэрт оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шилэн кабель бүхий өндөр хурдын интернэттэй болж байгаа. Энэ сарын дунд гэхэд чанартай, үнэгүй интернэтийг иргэддээ хүргэж эхэлнэ. Энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн “Мобиком” компанид талархсанаа хүргэж байна.