Б.Бат-Эрдэнэ:Бөхчүүд цолны төлөө шуудхан барилдчихдаг юм биш
2011.12.22

Б.Бат-Эрдэнэ:Бөхчүүд цолны төлөө шуудхан барилдчихдаг юм биш

Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулсан барилдаанаар бөхчүүдэд улсын цол олгох саналыг АН-ын бүлгээс гаргасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцсэн ч тусыг эс олов. Морин уралдаан жилдээ гурван цол олгож байхад бөхчүүдэд 100 жилийн түүхэн ойгоор нэг удаад цол олгоход яадаг юм гэсэн байр сууринаас хууль санаачлагчид хандлаа. Зодог шуудгийг нь өмсөж зүлэг ногоон дэвжээнээ ид хаваа гайхуулж явсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ гишүүний амнаас ямар үг унах бол хэмээн гишүүдийн хувьд хүлээлт үүсэв. Харин аварга маань бөхчүүдэд цол олгохыг эрс эсэргүүцэж зүгээр л сайхан барилдуулаад л өнгөр гэх нь тэр. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл "Түүхэн ойдоо онцгой ач холбогдол өгч бөхийн цол олгодог уламжлал аль эртнээс бий. Э.Бат-Эрдэнэ аварга Монгол нууц товчооны 750 жилийн ойн барилдаанаар цол нэмж байсан удаатай. Огт шинэ зүйлийн талаар яриагүй биз дээ" гээд л бөхчүүдэд цол олгох гэж тун ч мэрийлээ. Бөх гишүүн маань сүүлдээ 750 жилийн ойгоор авсан цолоо эргүүлээд авахгүй юу гээд уурлав. Ингээд дархан аварга Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-Бөхчүүд маань бүтэн жил бэлтгэл  хийж, хөлс хүчээгаргаж наадмаар л улсын цолонд хүртэх боломж бүрддэг. Гишүүд маань бөхчүүдэд нэг удаа ч гэсэн боломж олгоё гэж бодсон юм бишүү?

-Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж бөхчүүдэд цол олгохоор хууль санаачилсан гишүүдэд талархаж байна л даа. Гэхдээ үндэсний  бөхөөр барилдаж явсан хүний хувьд энэ ямар ч боломжгүй зүйл. Бөхчүүд цолны төлөө шуудхан барилдчихдаг юм биш. Бэлтгэл сургуулилт, цаг хугацааны хувьд энэ ямар ч боломжгүй зүйл.

-Бөхчүүд долоо хоног заалны барилдаантай учир байнгын бэлтгэлтэй байгаа гэж гишүүд үзээд байх шиг. Зарим бөхийн гал энэхүү хуулийн төслийг дэмжсэн тухай ярьж байна?

-Барилдаан болоход долоо хоног үлдээд байна шүү дээ. Бөхчүүдээс над руу утасдаад цол олгох гэж байгаа юм уу гээд асууж байна. Тийм юм болохгүй гэдгийг шууд л хэлсэн. Цол олгосноос зүгээр л сайхан барилдуулчихсан нь хамаагүй дээр.

-Таныг Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор цол авч байсан тухай яриа гарлаа?

-Өмнө нь ийм зүйл байсан. Спартакад, улсын аварга, Монголын нууц товчооны ойгоор хүртэл цол нэмж байсан удаатай. Харин энэ бүгдийг цэгцэлж, нэг тийш шийдсэн Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах дэмий.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.