“Монголын тусгаар тогтнол ба монголчууд ” хурлын нээлтэд ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга,шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
2011.12.09

“Монголын тусгаар тогтнол ба монголчууд ” хурлын нээлтэд ойг тэмдэглэх үндэсний хорооны дарга,шадар сайд М.Энхболдын хэлсэн үг

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, зочид төлөөлөгчидөө
Одоогоос 100жилийн тэртээ Монголын тусгаар тогтнолын төлөө чин сэтгэлээр хичээн зүтгэсэн, хүсэн мөрөөдсөн олон Монголчууд цугларан, туурга тусгаар монгол төрөө сэргээн мандуулж, эзэн хаанаа сэнтийд нь залж, таван яам байгуулж, төрийн их ёслол үйлдэн, түмэн олондоо тунхаглан зарлаж, дэлхийн олон улсад туурга тусгаар Монгол улсыг сэргээн тунхагласан түүхэн үйл явдал болж байсан юм. Угаас эрх чөлөө, тусгаар байдлыг эрхэмлэн дээдлэгч бидний өвөг дээдэс алдагдсан төрийнхөө тусгаар тогтнолыг сэргээх, бие даасан байдлаа буй болгох эрмэлзэл,үндэсний тусгаар тогтнолын үйл хэрэгт улам бүрхүч нэмж байлаа.
Ялангуяа энэ нь гадаадад түшиглэхийн асуудал дээр илүүтэй тодорч байсан бөгөөд хаант Оросын нөлөөний хүрээнд байсан Ар Монголд Оросын дэмжлэгийг авах, Японы нөлөөний хүрээнд орж байсан Өвөр Монголд Японоос тусламж авах санаархал үндэсний тусгаар тогтнолын тэмцэгчдийн дотор гарах болж, монгол туургатан боломжит бүхий л нөхцөлийг хайж байв. Энэ мэт Монголын эрх баригч зарим ноёд, язгууртан Манж-Хятадын улам идэвхжиж буй колоничлолыг“өөрсдийнхөөрөө” эсэргүүцэх явдал аажмаар өсөж байв.


Азийн бусад орон Манж Чин улсын эрхшээлээс гарч тусгаар болох үүдээ нээж байсан нь Монголчуудад урам итгэл өгч байсан билээ. Ялангуяа Ар Монголын шарын шашны тэргүүн Жибзундамба хутагт Монголыг нөлөөнийхөө хүрээнд оруулахыг зорьж байгаа хаант Орос Улсыг түшиглэн, Монголын төрийн тусгаар тогтнолоо сэргээх чин эрмэлзлэлтэй байгаагаа бүр 1900онд илэрхийлж,Оросын эзэн хаанаас тусламж эрэхийн учир тусгай төлөөлөгч илгээн бараалхуулж, тусламж хүссэн албан бичиг илгээж байсан боловч Оросын эрх баригчид монголчуудын урмыг хугалахгүй,өөртөө татахыг хичээхдээ тусална гэдэг санаагаа илэрхийлж байсан ч бодитой үр дүнд хүрэлгүй 1911 онд тулж ирсэн юм.

Гадаад, дотоод нөхцөл байдлын ийм үед Монголчууд уулаас Азийн улс түмний дотор бие даасан нэгэн улс байсан хэмээн, тусгаар тогтнолоо сэргээн, язгуурын ёсоо журамлан хөрш орнуудтай айл улсын ёсоор оршин байхыг хичээн хувьсгалын үйл хэргийг нэгэнт далдуур эхлүүлсэн нь хожмын тусгаар тогтнолын эхлэл болж чадсан юм. Халхын ноёд язгууртнууд юуны өмнө Богд Жибзундамба хутагт Ар, Өвөр Монголдшашны талаар үлэмж нэр хүнд, нөлөөтэйг нь ашиглаж хувьсгалын үйл хэргийг явуулж эхэлжээ. Ийм нөхцөлд тусгаар тогтнолоо сэргээх санаачилга гаргагчид, юуны урьд тусгаар тогтнолын үйл явдлын удирдлагыг өөрсдийнхөө мэдэлд төвлөрүүлэхийн зэрэгцээ гаднаас тусламж болох хүчнийг сонгож, яаралтай холбоо тогтоохыг тэргүүн зэргийн зорилт болгож байв. Монголын ноёд, дээд лам нар “Язгуурын ёсыг журамлах” уриан дор “Монгол овогтон бүгдээрээ нийлж өөртөө улс болон тогтнож шашнаа мандуулах” нь хэмээн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахыг бүх монголчуудад уриалснаар хувьсгалын үйл хэрэг улам өргөжсөн юм.

Удалгүй түр Засгийн газрынхан Монгол Улсаа сэргээн байгуулах бэлтгэлээ төв орон нутагт яаравчлан хийж чадсанаар Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ний баасан гаригт Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залж, Монгол Улсаа сэргээн байгуулсныг албан ёсоор тунхагласан нь ХХ зууны Монголын түүхийн хамгийн чухал үйл явдлын нэг болсон юм. Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газрыг 5 яамтайгаар байгуулж, Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхтэй хүчин зүтгэгчдийг төрийн удирдах албан тушаалд томилж, зэрэг хэргэм шагнаснаас гадна ахмад настнуудад мөнгө, таяг зэргийг шагнан хүртээж, хүнд хөнгөн ялтныг өршөөж, бүрнээ хэлтрүүлэн суллаж тавьжээ. Монгол орны газар сайгүй ард олон баяр баясал болж байсан нь олон арван жил монгол хүн бүрийн хүсэл биелсэн сайхан үйл явдал болсны илрэл юм.

Ийнхүү хэзээнээс Монголын төрийн голомт болж байсан Ар Монголын нутагт шашин, төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр Монголын төр дахин сэргэн мандсан юм. Учир иймийн тул бид бүхэн 1911 оны тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхт 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх их ажлыг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ түүхэн ойд зориулж Ойг тэмдэглэх Үндэсний хорооноос ШУА-ийн Түүхийн Хүрээлэнтэй хамтран “Монголын тусгаар тогтнол ба Монголчууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хурлаар ХХ зууны эхэнд тусгаар тогтнолоо тунхагласан түүхэн үйл явдлын асуудлаар тусгайлан судалгаа хийдэг дэлхийн 10 гаруй орны 40 орчим эрдэмтэн мэргэд 2 өдрийн турш хуран чуулж, ном хаялцах болсонд Ойн хорооны зүгээс тун талархалтай байна. Та бүхний судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа улам баяжин өргөжих, баталгаажин баримтжих болно гэдэгт бид гүнээ итгэж амжилт хүсэж байна. Монгол төрийн өлмий бат оршиж, олон түмэн ард үүрд энх жаргалтай оршин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.