Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг сэргээхийг дэмжив
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв.
Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгаж өгсөн байна.
Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгогдож байгаа. 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлжээ.
Үндсэн хуулийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт“Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасны үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ.
Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Нэг зүйлтэй энэ хуулийн төсөлтэй дагалдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар орон сууцны ипотекийн зээл баталгаатай болж, зээлийн эрсдэл үүсэхгүй аж. Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байж эдийн засгийн эргэлт сайжирна гэж хууль санаачлагчид үзжээ.
Мөн Ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж төлөх төлбөрийн хэмжээ хэвийн үргэлжлэх юм байна. Ингэснээр 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн гацаа арилж, цаашид үргэлжлэх юм. Байнгын хорооны гишүүд дээрх хуулийг хэлэлцэхийг дэмжсэн юм.