Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг танилцуулав
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд орон нутгийн иргэдээс уул уурхайн компаниудтай холбоотой өргөдөл, гомдол сүүлийн үед тасралтгүй ирэх болсон.
Тодруулбал, уул уурхайн компаниуд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлдэггүй, нутгийн иргэдийн олон жил шүтэж ирсэн шүтлэгтэй, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцуулан ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгодог. Цаашлаад ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нутгийн иргэдийг бүрэн мэдээллээр хангадаггүй, хуулийн зарим хийдлээс болж улсын төсөвт орох татвар, төлбөр орохгүй хохирч байгаа зэрэг асуудлаарх өргөдлүүд ирдэг байна.
Эдгээр асуудлыг судалж Дорноговь, Архангай, Баянхонгор аймагт ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралд хэд хэдэн чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцууллаа. Тухайлбал, хуульд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болох, хайгуулын нэгж талбайд хийгдэх хайгуулын ажлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмэх, гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авах зэрэг хэд хэдэн чиглэлээр Засгийн газарт УИХ-ын тогтоолоор чиглэл өгөх шаардлагатай байгаа аж.
Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажлын уялдааг хангах, хариуцлагыг сайжруулах, улс орны эрх ашигт хохирол учруулж болохуйц нөхцөл бүрдүүлсэн заалтуудыг эргэн харж өөрчлөх зорилгоор боловсруулсан энэ хуулийн төсөл дөрвөн зүйлтэй юм байна. Хууль батлагдсанаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой үүсч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд зохицуулагдах, хуулийн хийдэл, зөрчил арилж, ард иргэдийн эрх ашиг хамгаалагдах юм.