УИХ нь хүртэл худалдагдсан юм шиг аашилдаг боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн жил болчихлоо. Ил болон далд хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа ч эхэлчихлээ. Та өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшиж, парламентад сонгогдсон. Таныг гэсэн олон мянган хүнд нам дагах болсон шийдвэр тань их гэнэтийн байхыг үгүйсгэхгүй?
-Миний бие Дархан-Уул аймгийнхаа Хөдөлмөрийн үндэсний намд гишүүнээр элссэн. Өөрөөр хэлбэл, дарханчуудтайгаа зөвлөлдөж, ярилцсаны үндсэн дээр ийм шийдвэрийг гаргасан гэж ойлгож болно.
-Тийм байж. Гэхдээ таныг энэ удаагийн сонгуульд бие дааж нэр дэвшсэн ч УИХ-д гарч ирэх шаанс байхгүй. Тийм болохоор л аль нэг намыг бараадаж, “нүх”-ээ малтаж байгаа гэх юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Өнөөгийн засгийн эрхийг барьж байгаа АН болон МАН-д гишүүнээр элссэн бол намайг нам бараадаж байна гэж хэлж болох юм. Гэвч шинээр гарч ирж байгаа намын гишүүн болж, сонголтоо хийж байхад наад үг чинь зохимжгүй. Улс төрд шинээр орж ирж байгаа олон залууст дэм болохын тулд энэхүү намыг сонгосон. Ингэж ойлгож, тайлбарлаасай гэж хүсч байна.
-Энэ удаагийн УИХ-д бие дааж нэр дэвшихээс илүү шинэ намыг сонгосон нь ач холбогдлын хувьд өгөөжтэй гэж үү?
-Тийм ээ, тэгж ойлгож болно. Үнэнийг хэлэхэд намайг “МАН юм уу АН-д орлоо” гэж хүмүүс айж байсан. Гэтэл би тэгээгүй, шинэ намыг сонголоо.
-Нөгөөтэйгүүр олон нийтийн сүлжээгээр тантай холбоотой таамаг, мэдээлэл их явлаа. Тодруулбал, таныг Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулсан, ард нь байдаг нууц ноёнтон мэтээр ярьж байна. Үнэхээр та энэхүү намын ард анхнаасаа байсан юм биш биз дээ?
-Үгүй, итгэхгүй бол та бүхэн шалгаж болно. Харин ч би олон нийтийн сүлжээ, тэр тусмаа жиргээчдэд хандаж нэг зүйлийг хэлэхийг хүсч байна.
-Юу тэр билээ?
-Хэн гэдэг нь мэдэгдэхгүй, нүүрээ нуусан нууц хаягтай жиргээчид үргэлж намайг янз бүрээр хэлж, бичдэг. Гэтэл би эсрэгээрээ хэлэх гэсэн зүйлээ ил тод, олны нүдэн дээр ярьдаг. Намайг муулж байгаа тэдний ард хэн байгаа нь тодорхой. Үүнд нэг их санаа зовохгүй байна.
-Хэрвээ таны ярьж байгаа үнэн бол ямар учраас Хөдөлмөрийн үндэсний намд гишүүнээр элсэх шийдвэрийг гаргасан юм бэ. Мэдээж тодорхой нэг шалтгаантай байх, тийм үү?
-Тийм ээ. Хэд, хэдэн шалтгаантай. Өнгөрсөн 11 жилийн турш С.Ганбаатар миний бие Монголынхоо ард иргэдийн сайн, сайхны төлөө чин сэтгэлээсээ зүтгэлээ. Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн 25 жил буюу МАН, АН-ын удирдаж байсан төр хүндхэн байлаа. Тэд үнэхээр хүнд цаг үеийг Монголд авч ирлээ шүү дээ. Харин ирэх он жилүүдээ өнгөрсөн 25 жил шиг болгомооргүй байна. Тиймээс л би Хөдөлмөрийн үндэсний намд гишүүнээр элссэн. Монголын ард иргэд өнгөрсөн 25 жил шигээ дахиад амьдарч чадахгүй. Үнэхээр тэсэхгүй гэж бодож байна. Бид байгалийн баялаг болон ард түмэндээ ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах үндсэн зорилгодоо хамтарч ажиллах ёстой. Хэрэв байгалийнхаа баялгыг шударгаар бий болгох юм бол цэвэр Засгийн газрыг бүрдүүлж чадна.
Харамсалтай нь, өнөөгийн Засгийн газар уул уурхайн томоохон үндэстэн дамнасан корпорациудын хувийн юм болчихсон. Сүүлдээ УИХ нь хүртэл худалдагдсан юм шиг аашилдаг боллоо. Түүнчлэн манай улсын 1.2 сая гаруй хөдөлмөрийн насны хүмүүсийн 470 мянга нь ажилгүй байна. Энэ бол нийгэм шударга биш байна гэсэн үг. Баян, хоосны ялгаа улам их газар авлаа. Ийм үед нийгэм шударга байж үнэхээр чадахгүй. Үүнээс гадна Монголын тусгаар тогтнолыг улам баталгаажуулах шаардлагатай. Энэ мэтчилэн зорилгыг өвөртөлсөн болохоор Хөдөлмөрийн үндэсний намд гишүүнээр нь элссэн юм.
-Таны намд элссэн нь шинэхэн батлагдсан Сонгуулийн тухай хуультай холбоотой юу. Учир нь, улс төрийн хүрээнийхэн бие даагчдыг шахсан учраас намд элсэж эхэллээ гэж ярих хүн байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд бие даагч хоёр гишүүндээ үнэхээр баярлаж, талархаж явдаг. Бид эх орныхоо төлөө санаа сэтгэл нийлж ажилласан. Цаашид ч гэсэн сэтгэлээрээ хамтарч ажиллах болно. Манай хоёрын хувьд Дорнод, Хөвсгөл аймгаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Харин би Дархан-Уул аймгаас сонгогдсон. Биднийг нэгтгэдэг зүйл бол ард иргэдийн эрх ашиг. Тэр хоёр маань яг л надтай адилхан шийдвэрээ сонгогчидтойгоо ярилцаж, зөвлөлдөх байх.
Харин Сонгуулийн тухай хуулийн хувьд хэнд ч ойлгомжтой шүү дээ. Үнэхээр МАНАН-ын баталсан хууль. Тэд өөрсдийг нь зовоох хүмүүсийг боомилохын тулд бүх чадлаараа ажилласан. Өөрөөр хэлбэл, энэ хуульд бие даагчдыг шахсан, ямар ч боломжгүй болгосон заалт орсон талаар хуульчид ярьж байна. Үүнийг бид засч, залруулах ёстой. Тийм ч учраас Үндсэн хуулийн цэцэд хандахаас өөр аргагүй.
-Нөгөөтэйгүүр таныг “Хөдөлмөрийн үндэсний намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй” гэх таамаглал байна. Үүнд ямар хариулт өгөх нь сонин байна?
-Намайг ерөнхийлөгчид нэр дэвших нь гэж МАНАН-ынхан нойргүй хонож байгаа байх. Ингэж санаа зовохын оронд ард түмэндээ чин сэтгэлээсээ ханд. Тэдэнд үнэн болон хутганы ир хоёр багаддагүй гэдгийг л сануулах байна. Эцсийн шийдвэр, сонголтыг би биш тэд ч биш ард иргэд өөрсдөө шийднэ. Тэд хэнд итгэл хүлээлгэх өөрсдийнх нь асуудал юм.
-Ингэхэд танай нам санхүүжилтээ ил тод болгож болох уу?
-Болно.
-Учир нь, санхүүжилтээ ил болгохгүй бол зарим гишүүн барууны санхүүжилттэй гэж ярьж байна. Дээр нь уул уурхайн чиглэлийн том, том төсөлд байр сууриа илэрхийлдэггүй гэх юм билээ. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Үнэндээ “Рио Тинто”-гийн талаар ард иргэдийнхээ дэмжлэгийг авсан, хэвлэл мэдээллийнхэнтэйгээ зүрх сэтгэлээрээ ойлголцдог хүний хувьд хэлэхэд энэ асуудал дээр хэдхэн хүн л дуугарах боломжтой. Бусад хүн дуугарах юм бол тэднийг өлхөн нядлана шүү дээ. Хэн гэдгийг нь та нар бүгд мэдэж байгаа байх.
Монголынхоо төлөө зүтгэхээр улс төрд орж ирсэн залуу хүн ийм эрсдэлд орохыг хүсэхгүй. Харин Хөдөлмөрийн үндэсний намын санхүүжилтийг олон нийтэд нээлттэй болгож болно. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, хулгайч л хамгийн түрүүнд хулгайчийг бариараа гэж орилдог. Үнэндээ л “Рио Тинто” эх орныг маань хулгайлж байна. Тэр битгий хэл, өнөөгийн Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн С.Баярцогт нар бол “Рио Тинто”-гийн зараалууд шүү дээ.