Иргэд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар хамгийн их өргөдөл өгчээ
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр 2015 оны сүүлчийн буюу арванхоёрдугаар сард иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Улсын Их Хуралд 2015 оны арванхоёрдугаар сард нийт 240 өргөдөл ирүүлснээс 12 буюу 5 хувь нь иргэдийн санал, 169 ахуйн шинжтэй хувийн асуудлаар, 6 гомдол ирүүлсэн байна гэв.
Тэдгээрээс УИХ-ын дарга, гишүүдэд 199 өргөдөл, Өргөдлийн байнгын хороонд 41 өргөдөл ирүүлснийг цохон хэлсэн. Мөн өнгөрсөн хугацаанд иргэдээс 67 хүсэлт буюу 27.9 хувийг судлан тодорхой хариу өгч, 34 өргөдөл буюу 14.2 хувь нь судалгааны шатанд байгаагаас нийт 139 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна гэв.
Харин иргэдээс ирүүлсэн өргөдлийг агуулгаар нь ангилвал, Хүн амын хөгжил, ниигмийн хамгааллын асуудлаар хамгийн их буюу 84, Хууль зүйн асуудлаар 32, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Барилга, хот байгуулалтын асуудлаар тус бүр 13, Боловсрол, соёл, шинжпэх ухаан болон Эрүүл мэнд, спортын асуудлаар ес, Төсөв, санхүү, Хөдөлмөрийн асуудал тус бүр долоо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, Гадаад хэрэг, Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар тус тус нэг өргөдөл ирсэн байна гэж байлаа.
Түүнчлэн тус байнгын хорооноос 2016 оны нэгдүгээр сард багтаан эрүүл мэндийн салбарыг хөндөж нээлттэй сонсгол зохион байгуулах гэж буй талаар дурдаад энэхүү нээлттэй сонсголыг нийслэл болон гурван аймгийн албаны хүмүүсийг оролцуулж анх удаа цахим хэлбэрээр давхар явуулах гэж байгаа гэдгийг дуулгалаа.