ҮХЦ-д хандахаас өөр аргагүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.07

ҮХЦ-д хандахаас өөр аргагүй

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-д элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие өнгөрсөн 11 жил ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэлээ. Өнгөрсөн 25 жил бол хүнд цаг үеийг авчирсан. Ирэх 25 жилд энэ түүхийг давтмааргүй байна. Тиймээс Дархан-Уул аймгийн ХҮН-д элслээ.

Энэ намд элссэн шалгаан бол монголчууд дахиад 25 жил энэ байдлаар тэсэхгүй. Бид байгалийн баялгийг ард түмэндээ ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад ашиглах ёстой. Гэтэл энэ Засгийн газар уул уурхайн компаниудын хувийн засгийн газар шиг болчихсон байна. Түүгээр ч зогсохгүй УИХ худалдагдсан юм шиг аяглаж байна. Тиймээс энэ бүгдийг засаж залруулах, нийгмийг шударга болгох зорилготой байгаа юм. Өнөөдөр 1 сая 200 мянган хөдөлмөрийн насны хүмүүсийн 470 мянга нь ажилгүй байна гэдэг бол нийгэм шударга бус байна гэсэн үг юм. Мөн тусгаар тогтнолоо илүү бат болгох шаардлагатай болчихсон байна. Дээр зорилгыг ХҮН дэвшүүлж тавьсан учир би гишүүнээр элсэн” хэмээн мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Цахим ертөнцөөр таныг энэ намын ард анхнаасаа байсан гэх мэдээлэл явсан. Энэ үнэн үү?

-Байгаагүй. Та бүхэн хянаж болно. Цахим ертөнцөд тэр тусмаа твиттерт өөрийгөө  нуусан зарим нэг хүмүүс үргэлж намайг янз бүрээр хэлдэг. Би ил тодоор Рио Тинто Монгол Улсыг луйвардаж байна гэж хэлдэг. Хэн өөрийгөө нуусан багны ард байна вэ гэдэг нь тодорхой байгаа байх. Би ийм зүйл дээр санаа зовохгүй байна.

-Бие даагчдыг шахсан хууль болсон учир С.Ганбаатар ХҮН-д элссэн гэх хардлага ч байна. Мөн таныг дагаад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун ХҮН-д элсэх болов уу?

-Ямар ч байсан хамт ажилсан Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүдэд би талархаж явдаг. Бид хамтдаа эх орныхоо төлөө зүтгэсэн, цаашид ч хамтарч ажиллах болно. Энэ хоёр гишүүд Дорнод, Хөвсгөл аймгуудаас сонгогдсон. Би Дархан-Уул аймгаас сонгогдсон. Биднийг нэгтгэдэг зүйл бол ард иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал юм. Энэ хоёр гишүүн бол орон нутгийнхаа ард иргэдээс асууж байж шийдвэр гаргах байх. Миний хувьд бол дарханчуудаасаа асуусан.  

-Сонгуулийн тухай хуулийг юу гэж харж байна вэ.

-Сонгуулийн хуулиар биднийг зовоох, боомилохын тулд бүх чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ тэнгэр гэж байдаг. Сонгуулийн тухай хуульд бие даагчдыг шахсан, бие даагч гарах ямар ч боломжгүй тийм хуулийн заалтууд орсон тухай хуульчид надад хэлж байгаа. Тиймээс бид ҮХЦ-д хандахаас өөр аргагүй байдал үүссэн.

-ХҮН-ын санхүүжилтийг ил болгож болох уу?

-Энэ намын санхүүжилтийн ил тод байдлын талаар бүх асуудал нээлттэй. 

-Та ТТ-д шүүмжлэлтэй ханддаг. Энэ чиг хандлага чинь ХҮН-д элссэнээр хадгалагдаж үлдэх үү?

-Тийм. ХҮН-ын үзэл баримтлал бол баялгын үндэсний үзэл буюу баялгийг ард иргэдэд ашигтай байдлаар зарцуулах нь туйлын зорилго. Энэ зорилгоос үүдэж би ХҮН-д элссэн.

-Таныг энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарим хүмүүс таамаглаж байна. Энэ асуудал боломжтой юу?

-МАН, АН-ынхан “С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшчихвэл ард иргэд дэмжих гээд байна” гэдэг бодлоор нойргүй хонож байна. Тэдэнд хандаж хэлэхэд Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ ханд. Үнэний үүр хутганы ир хоёр багаддаггүй юм. Ерөнхийлөгч болох эсэхийг хэн нэгэн улстөрч шийдэхгүй. Ард түмэн шийддэг юм.