"МАНАН-ынхан намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гээд нойргүй хонож байгаа"
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.07

"МАНАН-ынхан намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гээд нойргүй хонож байгаа"

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр/ 2016.01.06/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний бие өнгөрсөн 11 жилийн хугацаанд иргэдийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ зүтгэлээ. Өнгөрсөн 25 жил буюу МАНАН Монгол Улсыг удирдаж байсан цаг үе үнэхээр хүн цаг үе байлаа. Ирэх 25 жилийг өнгөрсөн 25 жил шиг болгомооргүй байна. 

Миний бие Дархан-Уул аймагт байхдаа ХҮН-д элссэн. ХҮН-д элсэж байгаа үндсэн шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй байх. 

Нэгдүгээрт, Монголын ард түмэн дахиад өнгөрсөн 25 жил шиг тийм 25 жилийг дахиад тэсэхгүй. Бидажилгүйдлийг бууруулах, ядуурлыг багасгах гэсэн үндсэн зорилго дээр төвлөрч ажиллах ёстой. 

Хоёрдугаарт, Байгалийн баялагийг шударгаар бий болгоно. Энэ нь цэвэр ЗГ-тай болно гэсэн үг. Энэ ЗГ уул уурхайн томоохон корпорациудын хувийн ЗГ шиг болчихоод байна. Энэ байдал засагдах ёстой. Сүүлийн үед УИХ хүртэл худалдагдсан юм шиг ааш аяг гаргаж байгаа. 

Гуравдугаарт, Өнөөдөр 1.2 сая хөдөлмөрийн насны хүмүүсийн 470 мянга нь ажилгүй байна гэдэг бол нийгэм шударга биш байна гэсэн үг.

Дөрөвдүгээрт, Монголын тусгаар тогтнолыг улам ихээр баталгаажуулах шаардлагатай байгаа. 

ХҮН дээрх дөрвөн зорилгыг дэвшүүлж тавьсан байгаа учраас би гишүүнээр элслээ" гэсэн мэдэгдлийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Олон нийтийн сүлжээгээр таныг анхнаасаа ХҮН-ын үүсгэн байгуулагч байсан гэх мэдээлэл цацагдаж байна?

- Тийм зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээ тэр дундаас твиттер дээр нүүрээ нуусан аккаунттай хүмүүс үргэлж намайг муу хэлдэг. Асар их цаг зарцуулж ийм ажил хийж байгаа багтай хүмүүсийн ард хэн байж, санхүүжүүлж байгаа нь тодорхой.

- Сонгуулийн хуулийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу, шинэ хууль бие даагчдыг "шахсан" хууль болсон учраас таныг ХҮН-ыг сонголоо гэх яриа байгаа?

- Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамт ажилласан Х.Болорчулуун, Ц. Даваасүрэн гишүүнд би үргэлж талархаж явдаг. Үнэхээр эх орны төлөө надтай хамтарч ажилласан. Цаашид ч сэтгэлээрээ хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ц. Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр маань Дорнод Хөвсгөл аймгуудаас сонгогдсон. Би Дархан-Уул аймгаас сонгогдсон. Биднийг нэгтгэдэг зүйл бол ард иргэдийн эрх ашиг. Ц. Даваасүрэн, Х.Болорчулуун хоёр сонгогчдоосоо асууж байж шийдвэрээ гаргах байх.Миний хувьд Дарханчуудаасаа асууж, зөвлөлдөж асуугаад ХҮН-д элсэх шийдвэрээ гаргасан.

Сонгуулийн хуулийн хувьд МАНАН бүх чадлаараа тэднийг зовоох хүмүүсийг боомилох хуулийг баталсан. Сонгуулийн хуулинд бие даагчдыг шахсан, гарах боломжгүй болгосон олон заалт байгааг хуулчид надад хандаж хэлж байгаа. Энэ асуудлаар цэцэд хандахаас өөр аргагүй. 

- Таныг ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн яриа байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?

МАНАН-ынхан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гээд нойргүй хонож байгаа.Тэдэнд хандаж хэлэхэд "Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ ханд. Үнэний үр, хутганы ир хоёр багаддаггүй юм. Ард иргэд хэнд итгэл хүлээлгэхээ өөрсдөө шийднэ".

Харин миний амьдралдаа гаргасан хагийн чухал шийдвэрийн энэ үед хамтдаа байсан та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.