Манай гэрт улс төрд орсон нэг л «дурак» бий. Тэр нь би
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
2016.01.06

Манай гэрт улс төрд орсон нэг л «дурак» бий. Тэр нь би

Аливаад барьц үл алдах нь түүний мөн чанар, төрийн түшээ хүнд байх эрхэм чанар гэлтэй. Түүнийг хөндлөнгийн “нүднүүд” асуудлыг ончтой тодорхойлох чадвартай, хэн нэгэн, аливаа бодлогод нөлөөлөх чадалтай улс төрч гэж үнэлдэг. Парламентад аль нэг фракцид тал засдаггүй, ард түмнээрээ хань хийж, 16 дахь жилдээ Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлцож явна.

Р.Амаржаргал УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажиллахдаа Монголын төрд юу хийсэн, ямар зорилготой хүн бэ?

Миний зорилго ойлгомжтой. Үндсэн хуульд ч томъёолж өгсөн, хувь хүнийхээ хувьд ч тодорхой. Энэ улс орныг аятайхан хөгжүүлэх юмсан, ард иргэдийнхээ амьдралыг шинэ шатанд гаргачих юмсан гэсэн л хүсэлтэй явдаг.

25-хан настай Монголын ардчиллаас бид хэтэрхий их зүйл шаардаад байна. 

Зах зээлийн эдийн засгийн харилцаа гэдэг бидэнд шинэ зүйл учраас амаргүй ажил гэдэг нь ойлгомжтой. 25-хан жилийн настай Монголын ардчиллаас бид хэтэрхий их зүйл хүсээд байна. Юманд бодитоор хандах хэрэгтэй.

Бид 25 жилд маш их зүйл хийж бүтээсэн. Бахархах зүйл олон бий. Гэхдээ сөрөг дайвар нөлөөллүүд бишгүй гарч байна. Тэр бүгдийг засч залруулж зөв голдрилд нь оруулах ажлууд их байгаа. Үүний төлөө л би хүчин зүтгэж байна.

- Дөрвөн удаагийн парламентад багтахдаа ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав?

Миний санаачилсан, оролцсон хуулиуд гэвэл маш олон. Багцлаад яръя л даа.

Гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсын гадаад аюулгүй байдлыг хангах, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд шинэ шатанд гаргахад багагүй ажлууд хийсэн. Үүнээс хоёр, гурван зүйл онцолж хэлмээр байна.

Нэгдүгээрт, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад аюулгүй байдлын үзэл баримтлал” боловсруулахад оролцсон. Энэ бол хүний өдөр тутмын амьдралд харагдаад байдаггүй ч Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлсон чухал баримт бичгүүд. 

НҮБ-ын гантиг индэр дээр. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Р.Амаржаргал. 1998 он.

Хоёрдугаарт, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус. Энэ асуудал 1992 оноос яригдаж эхэлсэн юм. Явсаар явсаар 2012 онд бид "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус" тогтоолын төслийг НҮБ-аар батлуулж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн гарын үсэг зурж, Монгол Улс нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь оруулах орон мөн гэдгийг баталгаажуулсан юм. Үүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг хоёр жилд нэг удаа сонсдог болсон. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дипломатын аргаар хангахад том дэвшил болсон гэж үздэг. Нөгөө талаас нь харвал цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монголын тусгаар тогтнолыг дахин баталгаажуулахаас өөр ямар баталгаа бидэнд хэрэгтэй юм бэ.

Миний ажлын дараагийн нэг том чиглэл бол батлан хамгаалах үйл ажиллагаа. Ялангуяа батлан хамгаалах салбарын өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой бүх асуудалд оролцож байсан. Мөн л хүний өдөр тутмын амьдралд шууд нөлөөтэй биш мэт боловч иргэд аюулгүй, амар тайван амьдрах орчинг бүрдүүлэх асуудал юм.

Ахмад Р.Амаржаргал

Миний анхаардаг өөр нэг салбар бол боловсрол. Ялангуяа дээд боловсролын тогтолцоог шинэ шатанд гаргах, боловсролын санхүүжилтийн шинэ элементүүдийг оруулж ирэх ажлуудыг хийж байсан.

Эцэст нь мэдээж миний үндсэн мэргэжилтэй холбоотой эдийн засгийн салбар. Үүнээс татварын багц асуудалд анхаардаг. Жишээ нь 2016 оноос эхлэн хэрэгжих “НӨАТ-ын тухай” хуулийн ажлын хэсгийг ахалсан. Одоогоор Татварын хуулийн ажлын хэсгийг ахлаад явж байна. Хамгийн сүүлд “Монгол Улсын Үнэт цаасны тухай” багц хуулийг батлуулж, санхүүгийн зах зээлийг тэлэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгоход чухал зохицуулалтыг суулгаж өгсөн. Мөн Концессийн хуулийг санаачилж, ажлын хэсгийг нь ахалж, санхүүжилтийн энэ хэлбэрийг практикт нэвтрүүлж байна. “Төрөөс Концессийн талаар баримтлах бодлого”, “Төр-хувийн хэвшлийн талаар баримтлах бодлого” боловсруулж байсан. Үүнийг би том ажил гэж боддог.

Ер нь миний хувьд ахуйн шинжтэй жижиг асуудал биш, харин эдийн засагт системийн чанартай суурь өөрчлөлтүүд хийхэд чиглэсэн багц хуулиудыг боловсруулах, батлахад анхаардаг.

- Олон жил төр түшилцсэн хүний хувьд төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой гэж боддог вэ?

“Төрийн хар хүн” гэж нэг ойлголт байдаг даа. Төрийн хар хүн гэдэг бол чигч, шулуун шударга, төрийн ажлыг нэгдүгээрт тавьдаг. Үүний тод илрэл нь "хичээнгүй сайд" Б.Цэрэндорж, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан Ж.Самбуу зэрэг хүнийг нэрлэж болно. Миний хувьд эдгээр хүмүүсийг жинхэнэ төрийн түшээ, төрийн хар хүн байсан гэж боддог.

... Төрийн түшээ хүн төрийн үйл хэргийн төлөө өөрийгөө золиосолж чаддаг байх ёстой ...

Чингис хаан “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэж хэлсэн нь ийм учиртай. Ийм хүмүүсийг сонгож гаргаж ирмээр байна. Гэтэл сүүлийн үед алд биеэ ахуй төрөөс илүү тавьдаг хүнийг сонгоод байгаа нь харамсалтай.

Улс орны хэмжээнд адармаатай асуудал тулгарч парламентын танхимд эцэс төгсгөлгүй маргаан өрнөхөд Р.Амаржаргал л арай жинтэй үг хэлнэ гэсэн хүлээлт байдаг.

- Хэрэв та өөрийгөө хөндлөнгийн хүний нүдээр дүгнэвэл төрийн түшээ хүний шинжид хэр нийцдэг гэж бодож байна вэ?

Би ямартай ч сонгогчдынхоо нүүрийг улайлгахгүй байхыг хичээдэг.

- Гэр бүлийнхийгээ улс төрд татан оролцуулсан уу?

Манай гэрт улс төрд орж гэр бүлээ огоорсон нэг л «дурак» байгаа нь хангалттай гэж би гэрийнхэндээ хэлдэг юм. Тэр нь би. Тиймээс хүүхдүүддээ улс төрд оролгүй өөрсдийнхөө замаар яваарай гэж захидаг.

- Ард иргэд таныг олон жил дэмжихэд юу хамгийн их нөлөөлсөн гэж үздэг вэ?

Эцэг, эхийн минь надад өгсөн хүмүүжил, боловсролоос эхлээд олон хүчин зүйл бий байх. Намайг өсгөж өөрийн гэсэн үнэлэмжтэй, зарчимч, тууштай байх төлөвшлийг суулгаж өгсөн хоёр ачтандаа маш их баярлаж явдаг. Мэдээж ажлын хамт олон амжилтад маань нөлөөлсөн. Би найман жил цэргийн алба хаасан. Ахмад цолтой. Армиас бусдыг манлайлах, хүнээс үг сонсох зэрэг олон сайн чанарыг олж авсан. Олон мундаг хүнтэй нөхөрлөж явлаа.

Түүний дутагдал гэвэл дутагдлыг шууд хэлдэгт байгаа юм.

- УИХ-ын гишүүн зөвхөн тойргийн бус улс орны хэмжээний асуудалд анхаарал төвлөрүүлэх нь зүйтэй гэдэгтэй та хэр санал нийлэх вэ?

УИХ-ын гишүүн тойрогтойгоо холбоотой ажиллах механизмыг өөрчлөөд удаагүй байна. Үндсэндээ ардчилал гарснаас хойш 20-иод жил УИХ-ын гишүүн хүн тойргийн ажил хийдэг байлаа. Сүүлийн жилүүдэд олон нийт парламентын гишүүн гэдэг чинь арай өөр юм байна гэдгийг ойлгож, УИХ-ын гишүүн хүн тойргийн ахуйн шинжтэй асуудалд оролцох биш, хууль санаачлах, боловсруулах чиглэлд ажилладаг байхаар зохицуулж байна. Өмнө нь “тойргийн” гэгдэж байсан ажлууд дүүрэг болон хотын захиргаа руу шилжсэн.

... Өнөөдөр юу хэрэгтэй вэ гэвэл дүүрэг, нийслэл, УИХ-д сонгогдсон хүмүүсийн хамтын ажиллагааг хангахад анхаарах ёстой ...

Мэдээж би УИХ-ын гишүүний хувьд сонгогдсон тойрогтоо анхаарч ажиллах үүрэгтэй гэж боддог.  Энэ үүргээ ч өнгөрсөн жилүүдэд сайн гүйцэтгэсэн гэж үздэг. Нийгмийн шинж чанартай ажлууд гэвэл өнгөрсөн дөрвөн жилд хэд хэдэн сургууль ашиглалтад орсон. Дэд бүтэц гэвэл Бэлх, Сэлх зэрэг дүүргийн алслагдсан хэсэгт эрчим хүчний шугам татах, авто зам тавих ажлууд хийсэн.

- Сүхбаатар дүүргээс олонхийн дэмжлэг авдагийн хувьд дүүрэгтээ хэр анхаарч байна?

Манай дүүрэг харьцангуй төлөвшчихсөн дүүрэг гэж болно. Үйлдвэр, аж ахуйн газар цөөн, нийгмийн дэд бүтэц нь үндсэндээ шийдэгдчихсэн. Зарим нэг хороон дээр сургууль, цэцэрлэг барих ажил байна.

Шийдвэрлэх шаардлагатай асуудал гэвэл гэр хорооллын газар төлөвлөлт. 

... Гэр хорооллыг жижигхэн хотхонууд болгож, амьдралын соёлжсон хэв маяг руу ойртуулах ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй байна ...

Өнгөрсөн гурван жилд хийсэн газар төлөвлөлтөөр зарим нэг үр дүнд хүрсэн. Хугацаа нь хэтэрсэн ажлууд ч нэлээдгүй байна. Гэхдээ энэ үйл явц эхэлсэн гэдэг нь чухал. Болж, бүтэж буй бүхэн цаашид давалгаалаад явчихна. 

- Бодлого боловсруулагч хүний хувьд цаашид улс орны хэмжээнд шийдлээ хүлээж буй асуудал гэвэл хэрхэн харж байна?

Өнөөдөр бид 300 гаруй хууль, эрх зүйн актын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл ахиад 3000 гаруй хууль, эрх зүйн актын хэрэгцээ бий гэсэн судалгаа байдаг. Үүн дотроос дээр хэлсэнчлэн суурь шинж чанартай асуудлууд миний анхаарлыг татдаг. Жишээ нь манай улсын өмчийн эрхийн асуудалд эдийн засагчийн хувьд санаа зовдог. Өмчийн эрх гэдэг зах зээлийн эдийн засгийн нэгэн суурь. Өнөөдөр бид өмчлөх эрхтэй боловч тэр эрхээ хэрэгжүүлэх механизм нь тодорхой бус. Өмчийн эрхтэй холбоотой цөөн тооны заалт Эрүүгийн хууль, Иргэний хуульд байдаг ч энэ асуудлыг зохицуулах үүрэгтэй гол хууль бол “Хэлцлийн тухай” хууль юм.  Энэ хууль Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал хэрэгтэй.

Монголын санхүүгийн зах зээл онцын асуудалгүй явж байна. Гэхдээ санхүүгийн зах зээлийн 95 хувийг банк эзэлж буй өнөөгийн тогтолцоог халах хэрэгтэй. Энэ нь уг зах зээлийг маш эмзэг, хөгжлийнхөө анхан шатанд явааг харуулж байна.

... Ядаж 30 хувь нь банкны бус санхүүжилтийн эх үүсвэр болсноор эдийн засагт орж ирэх мөнгөний урсгал шинэ шатанд гарна. Өнөөдөр Монгол ганцхан банкны санхүүжилтээр бүх төслөө санхүүжүүлж чадахгүй ...