АН хар машинаар тоолно гэж улайрах нь хардлага төрүүлж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.12.18

АН хар машинаар тоолно гэж улайрах нь хардлага төрүүлж байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Генералуудын хотхонтой холбоотой асуудлаар эрх баригч намын гишүүн таныг мөнгө идэж, уусан гэдэг зүйлийг чуулган дээр яриад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Би С.Эрдэнэ сайдаас нийгмийн даатгалтай холбоотой буюу нас барсан хүмүүсийн нэрээр зээл болон тэтгэврийн мөнгийг нь авдаг, арилжааны банкинд байгаа нийгмийн даатгалын үлдэгдлийн хүү тооцож байгаа байдал, түүнээс гарсан тооны зөрүү гэх мэт нэлээд ноцтой асуудлыг хөндөж асуусан юм. Гэтэл С.Эрдэнэ сайд “Энхбаяр аа, Санзайд чиний нэрээр бариулсан генералуудын байшинг би хөндөөгүй шүү” гэж хариулж, нийгэмд буруу ойлголт өгнө лээ. Энэ ямар учиртай вэ гэхээр өнөөдөр Монгол Улсад зэвсэгт хүчинд өөрийн залуу нас, ухамсарт амьдралаа зориулсан, ялангуяа XX зууны хүйтэн дайны үеийн хүнд бэрхийг нуруундаа үүрсэн, ахмад буурлууд, цэргийн дээд цолтон 20 гаруй хүн бий л дээ.

Үе үеийн Батлан хамгаалахын сайд нар ийм ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлдэг, эднийхээ нийгмийн асуудалд анхаарч ирсэн уламжлалтай. Л.Болд энэ салбарын сайд байхдаа анх санаачилга гаргаж, өндөр настай таван генералд Санзайд амины орон сууцны газар олгож, тэнд зуслангийн байр барихад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг санаачилсан байдаг. Харин миний үед энэ ажлыг үргэлжлүүлсэн юм. Генералуудад олгосон газар нь Батлан хамгаалах яамны тусгай хэрэгцээний газар л даа. Ер нь ийм орон сууц бариулах шаардлагатай 23 хүний нэр гарсан байдаг.

Тиймээс үүнийг би журамлаж, үргэлжлүүлсэн юм. Дараа нь Д.Бат-Эрдэнэ сайдын үед ч үргэлжилсэн, өнөөдөр Ц.Цолмон сайдын үед ажил нь өрнөж л байна. Ингээд бид чөлөөндөө гарсан 23 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэх ажлыг л явуулсан хэрэг. Энэ бол Батлан хамгаалах яамны залгамж бодлого. Бид энэ улсуудад хүндэтгэлтэй хандах ёстой. Гэтэл үүнийг буруу ойлгож яриад байгаа нь харамсалтай.

-Энэ ажилд өр нь хэчнээн төгрөг зарцуулсан байдаг юм бэ?

-23 хүний асуудал учраас үе үеийн сайд нар хоёр, гурав, таваар нь шийдээд л явж байгаа. Өнөөдөр ч дээрх асуудлыг бүрэн шийдэж өгч чадаагүй байна. Мэдээж үүнд санхүү дутмаг байна гэсэн үг. Одоогоор 10-аад хүнийхийг шийдсэн. Ер нь 50 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм уу орон сууцны асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс л санаачилсан ажил. Зөвхөн тушаалаар ажиллаж, амьдарч, үүрэг гүйцэтгэдэг. Ар гэрийнхэн нь бас л тушаал дагаж амьдардаг хүмүүстээ Монголын төр анхаарал тавих нь зайлшгүй асуудал гэдгийг л хэлье.

-Танай нам Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж байгааг эрх баригчид мушгиж тайлбарлаад байна л даа. Тухайлбал, хар машины саналыг гараар давхар тоолъё гэснийг автомат машинаар тоолох бүр хэрэггүй гэх мэтээр яриад байх юм. Эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлээд ажил явуулах боломжтой атлаа ингэж чадахгүй байна л даа?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

-Байнгын хороод янз бүр байгаа. Манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хурлаа хийгээд явж байна. Өнөөдөр л гэхэд /өчигдөр/ манай байнгын хороогоор    хэлэлцсэн Элчин сайдуудын томилгооны асуудал чуулганаар орж шийдэгдлээ.

Намын бүлгүүдийн дунд төдийгүй улс төрийн маргаан болоод байгаа асуудал бол мэдээж Сонгуулийн хууль. Энэ хуулийг эцэслэн батлах бололцоотой хугацаа дуусахад үндсэндээ долоо хоног л үлдэж байна. Үлдсэн хоногуудад бид Сонгуулийн         хуулийг хэлэлцэх боломжийг хайх ёстой байгаа юм. Гэтэл эрх баригчид энэ хуульд өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байна. Ялангуяа сонгуулийн санал тоолох хар машин, түүний програм хангамжийг ил тод байлгахыг хангахаас гадна санал тоолсны дараа дахин гараар тоолж баталгаажуулахыг бид хөндөж байгаа юм. Гэтэл үүнийг эрх баригч хүчин хүлээж авахгүй байгаа учраас л бид шаардлага тавьж, завсарлага авсан. Үүнийг мушгин гуйвуулаад байх шаардлагагүй. Ард түмэнд эргэлзээ төрүүлсэн хар машины тооллогын дүнг гараар баталгаажуулчихвал л болох гээд байгаа юм.

Энэ бол зөвхөн хоёр намын биш улс орны аюулгүй байдлын асуудал. Монголын ард түмэн төрөө байгуулахад итгэлтэй байх ёстой шүү дээ. Тэр итгэлийг л бид баталгаажуулж өгөх нь чухал. Нэгэнт нийгэмд бий болчихоод байгаа алдарсан итгэлийг сэргээж, хар машинд болгоомжтой хандах ёстой. Хэрэв ард түмний эргэлзээг тайлахгүй бол сонгуулийн дараа зөрчил тэмцэл үүсэх вий гэх болгоомжлол хаана хаана байна. Тиймээс улс төрийн тогтвортой байдлаа хангахын тулд Сонгуулийн хуульдаа онцгой анхаарал хандуулах учиртай. Хар машины дүн болон гар тооллого яг таарч байгааг л баталж өгөх хэрэгтэй байна шүү дээ.

-Сонгуулийн хуулийг батлахад ердөө долоохон хоног үлдсэн байхад өргөн бариад байгаа гурван хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг хуралдаагүй ч үгүй байна. Гэтэл эрх баригчид хэлэхдээ МАН- ынхан ажлын хэсгийн хуралдаа ирэхгүй байна гээд байх юм?

-Энэ бол ердөө л шалтаг. Улс төрийн намын удирдлагууд хуралдаад Сонгуулийн хуульд ганцхан заалт оруулах асуудал байгаа юм. Ерөөсөө л хар машины тоог гар тооллогоор баталгаажуулна гэдэг ганцхан өгүүлбэр оруулчихад болох юм. Үүнд Аюулгүйн зөвлөлийн гишүүд тэр дундаа Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Төрийг, сонголтыг баталгаажуулахын тулд эргэлзээг тайлж, саналыг гараар давхар тоолох ажлыг Ерөнхийлөгч санаачлаад хийлгэчихвэл болох ажил.

-Тэгвэл Сонгуулийн хуульд таны хэлсэн ганцхан заалтыг оруулчихвал МАН цаашид ойлголцоод явна гэсэн үг үү?

-Нийгмийн захиалга нь л энэ байгаа юм. Ард иргэд бол би хэнийг сонгосноо мэдмээр байна л гээд байна шүү дээ. Тэр хүн санал өгчихөөд байхад сонгуулийн дүн яаж гарсныг бид мэдэхгүй болчихож байгаа юм. Өнөөдөр техник технологи, програм хангамж хөгжсөн энэ нийгэмд нөхцөл байдлыг яаж ч эргүүлэх боломжтойг бид биш дэлхий ертөнц нотолчихоод байна.

Бидний даган дуурайдаг АНУ-д хүртэл сонгуульд будилаан орсныг хүлээн зөвшөөрөөд автомат машин хэрэглэхээс татгалзаад байна шүү дээ. Ийм үед хар машинаар тоолно гэж улайраад байгаа нь улам л хардлага төрүүлж, нийгмийн зөрчлийг бий болгоод байгаа юм. Ийм байдал руу ормооргүй байгаа учраас улс орныхоо том эрх ашгийг бодоод давхар гар тооллого хийчихэд ерөөсөө болохгүй юмгүй.

-Үлдсэн долоо хоногт ойлголцоод энэ хуулийг батлах боломж байгаа болов уу?

-Яг хийе гэвэл хоёр цагийн дотор л хийх бололцоотой. Шийдлээ, байнгын хороо зарлалаа, бүлгүүд хуралдлаа, Нэг томьёоллоор санал хураагаад чуулганаар орууллаа. Ерөөсөө хоёрхон цагийн л ажил.