Үнэнч хайрын эзэн
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2015.12.11

Үнэнч хайрын эзэн

Тэр төрийн жолоог атгаж байгаа цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Дуламсүрэнгийн Оюунхорол. 1996 онд МАХН-ыг сонгуулийн ялагдалдаа сөхөрч, бүдэрч явахад гишүүнээр нь элссэн үнэнч хайрын эзэн.

Улс төрийг цэвэр тунгалаг байхаас нь би зүтгэж дээ хэмээн хуучилдаг тэрбээр улс төрийн карьераа 2000 онд эхлүүлжээ. Тэрбээр улс төрд өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ бусдадаа гайхагддаг.

Тэр дан ганц төрд ч дангааршсан лидер биш юм. Түүнийг бизнест ч мөн хатан ухаантай нэгэн гэж нэлээд хүн магтан дуулж байхыг сонсож байв. Тэрбээр ус нутаг Завханаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа туршлагатай төрийн хүн.

Өчигдөр тэрбээр “Морин цаг” уулзалтад оролцож, өнөөдөр үйлчилж буй тэтгэврийн даатгалын тогтолцоо, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн төсөл өргөн барьсан зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр 2014 оны байдлаар Өндөр настны тэтгэврийг нийт 242.5 мянган хүн авч байгаа бөгөөд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийнх 197.000 төгрөг байна. Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын  68 орчим хувь нь бага тэтгэвэр авдаг бөгөөд тэд ядуугийн эгнээг тэлж байгаа нь амьдралын бодит үнэн болжээ.

Дээр нь ажлын байр нэмэгдэхгүй  байгаа нь эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгөөр амьдрах залуу үеийн эгнээг ч тэлж байгаа” гэдгийг хэлсэн.

Мөн ахмад насанд ганц биеэрээ үлдэх нь олонтаа тул Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Хамтын тэтгэврийн тухай хууль нь 15 жил хамт амьдарсан, ажилтай орлоготой ахмадуудад л зөвхөн хамаатай.

Гэтэл амьдрал баян учраас 15 жил амьдраагүй ч насны эцэст бие биеийнхээ хөлийг хучин хамт амьдарч байгаа олон ахмад настан байдаг. Эдгээр ахмадуудад Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчлэхгүй. Ингэж ахмадуудаа ялгаварлан үзсэн хууль батлах гэж буйг МАН-ын бүлгээс сануулсан ч алдаагаа засаагүй хэмээн мэдэгдлээ.