Төрийн ордны хажууд христийн сүм бариг. Аюулгүй байдалд нөлөөлөхгүй
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаадбодлогын байнгын хорооны даргаЖ.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтыг олон нийтэд мэдээлснээс хойш янз бүрийн мэдээлэл тархаад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид улс орныхоо ирээдүйд хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үндэсний том аж үйлдвэрлэлийн суурийг бий болгох үүднээс Хөгжлийн банкийг байгуулсан. Тэгээд нэр дээр нь олон улсын зах зээлээс хэд хэдэн амжилттай арилжааны дүнд олон тэрбум долларыг цуглуулж чадсан. “Чингис бонд”-ын 1.5 тэрбум, “Самурай” бонд 300 сая гэх зэргээр бусад санхүүгийн байгууллагуудаас нэлээд олон тэрбум доллар авсан. Мөн энэ мөнгөө гурван жилийн хугацаанд захиран зарцуулаад дууслаа. Ирэх жил төлж эхэлнэ.
Зөвхөн бондын зээлийн хүүнд гэхэд энэ жил 970 орчим тэрбум, ирэх онд их наядаар нь төлж эхэлнэ. Тийм болохоор энэ төсөл хөтөлбөрүүдийг зөв зүйлд зарцуулсан уу, авсан зээлээ төлөх чадавхитай байна уу, хойч үедээ дарамт болох уу үгүй юу гэдэг нь гол шалгуур. Олон түмэн ч анхаарч, шаардаж, ил тод болгохыг хүсч байгаа. Тиймээс МАН-ын бүлэг энэ асуудалд онцгой анхаарч бондын зарцуулалтыг олон түмэнд нээлттэй болгохын тулд санаачлага гарган ажиллаж байна. Угаасаа монголын бүх ард түмэн мэдэх эрхтэй.
-Таныг бондын мөнгөнөөс өөрийн хувьцаа эзэмшдэг “Дархан нэхий” компанид шилжүүлсэн гэсэн асуудал хөндөгдсөн?
-“Дархан нэхий” хувьцаат компани манай улсын ууган үйлдвэрүүдийн нэг. Хорьдугаар зууны үед хийж чадсан хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг эцэслэн боловсруулах зорилготой улс орны нэр нүүр болсон томоохон үйлдвэр. Ардчилсан хувьсгалын дараа үйлдвэр бүх ажилчдаа тарааж бүрэн хаагдсан. Таван жил гаруй зогссон. Хэсэг нөхдүүд Монгол Улс үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх ёстой гэсэн хүсэл зорилгоор нэгдэж “Дархан нэхий” үйлдвэрийг босгож чадсан. Шувууны үүр болсон байсан шүү дээ. Олон зуун ажлын байрыг бий болгосон.
Миний хувьд 10 жилийн өмнө төслийг амжилттай хэрэгжүүлээд өөрийн эзэмшдэг хувь хэмжээг зараад төслөөс гарсан. “Дархан нэхий” компанийн хамт олон “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр манай үйлдвэрт ямар ч хамааралгүй” гэсэн эсэргүүцлийн бичлэг гаргасан байна. Дөнгөж сая би /өчигдөр/ Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулга авахад “Ж.Энхбаяр таны нэр дээр Дархан нэхий компанийн хувьцаа бүртгэлгүй байна Тус компани 10105 мянган ширхэг хувьцаатай 3727 хувьцаа эзэмшигчтэй үндэсний хувьцаат компани байна” гэсэн лавлагаа гаргаж өглөө.
-Хөгжлийн банкнаас ямар нэг төсөл хөтөлбөрийн санхүүжилт авсан уу?
-Төсөвтэй холбоотой ямар нэг бизнес эрхэлдэггүй. Төрийн худалдан авалтад оролцдоггүй. Энэ бол улстөрд байх том шалгуур, шаардлага болж байдаг. Ингэж байж өөрөө бусдад шаардлага тавьж, олон түмний элч байх үүргээ гүйцэтгэдэг. УИХ бол эрх мэдлээр дамжуулж мөнгө хөрөнгөтэй болох буруу санаатай байж болох газар биш. Би ийм зарчмыг баримталж явдаг.
-Саяхан томоохон обьектыг дуудлага худалдаанд орууллаа. Хэвлэх үйлдвэрийг 24 тэрбум төгрөгөөр монголын иргэншилтэй гадаадын иргэн авсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хөрөнгийг хувьцаа, менежмент зэрэг олон хэлбэрээр хувьчилсан. Хоёрдугаарт, эдийн засгийн том өсөлтийг хангасан уул уурхай, ашигт малтмал, тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой маш том үйл явц явлаа. Иргэд үүнд оролцож хувь хүртэж чадсан уу гэдэг асуудал байгаа юм. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлтийг дагасан маш их барилгажилт явагдахад газар олгох асуудалд иргэд тэгш эрхтэй оролцож чадсан уу. Энэ гурван зүйлээс харахад иргэдэд боломж гараагүй.
Энэ бүх зүйл эрх мэдэлтний гарын үсгээр яваад байна. Хэт явцуу хүрээнд хийгдэж байгаа учраас нийгэм бухимдаад хэвлэх үйлдвэрийг хувьчилсан үйл явцыг хэт соргог анзаараад байна. Би бол хувьдаа ил тод явагдсан, дээр нь улсын төсөвт 24 тэрбум төвлөрүүлж чадсан зөв зүйтэй зүйл гэж бодож байгаа. Энэ мөнгө эргээд бидний үр хүүхэд, багш, эмч бидний аюулгүй байдлыг хангаж байдаг цагдаа нарын цалин болно. Цаашдаа албан тушаалтны гарын үсгээр шийдэгдэж байгаа баялгийн хуваарилалтаас татгалзах хэрэгтэй.
-Гадаадын иргэн төрийн ордны хажууд газар өмчилж авлаа. Парламентийн ордны ойр лал, христ зэрэг шашны сүм хийд баривал яах вэ гэх зэргээр маш олон хүн шүүмжлэлтэй хандаж байна. Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж үү?
-Монгол Улсын Үндсэн хуулинд иргэдийг яс үндэс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлах хориотой. Тэр нөхөр Монгол Улсын иргэн учраас хувьчлалд нээлттэй оролцоод хамгийн өндөр үнэ төлөөд улс орныхоо эдийн засагт хөрөнгө оруулалт хийлээ. Өмчилж авсан газар дээрээ юу ч барьж болно. Монгол Улс аль болох найрсаг байх хэрэгтэй. Лал, Христийн сүх бариг. Хамаа алга. Ямар ч аюулгүй байдлын асуудалд хамаарахгүй. Гадаадын олон иргэн манай улсад хөрөнгөө авчраад амьдраасай. Гадаадын улс орнууд ийм л зарчмаар явдаг.
-Хөрөнгийн биржийг хувьчлах асуудалд залуус нэгдэж байна. Олон нийт ч сайшааж байна?
-Ч.Ганхуяг санаачлага гаргаж олон зуун залуус нэгдэж хөрөнгө босгож байгаа нь маш зөв хандлага. Албан тушаалаар дамжаад газар нь дууссан лиценз нь дууссан учраас шинэ үед боломж олдоогүй. Бүх баялаг эзэнтэй болсон. Тиймээс залуу үе энэ санаачлага дээр төвлөрч хамтарч нэгдэж хөрөнгө босгож шинэ орчинг буй болгох хэрэгтэй. Америкын форд компанийн 98 хувь нь ард түмний өмчинд байдаг. Тэр компанийн оффисыг хараад тус улсын иргэн бүр миний өмч гэж хэлж чаддаг. Гэхдээ энэ бүхнийг ил тод явуулах ёстой.